Гадны банкаар гүйлгээ хийсэн томоохон зөрчил илэрсэн
Уул уурхайд хийсэн шалгалтын дүнгийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханаас тодрууллаа.
-Уул уурхайн салбарт хийсэн хяналт шалгалтын дүн ямар гарсан бэ?
-Шалгалтын хүрээнд 72 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж нийт 1682 зөрчил илрүүлж, 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон улсын орлогод нийтдээ 452,2 сая төгрөг, 1.8 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээг авлаа. Хоёр аймгийн хэмжээнд уул уурхайн салбартай холбоотойгоор тэрбум 800 сая гаруй мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр тавьсан бөгөөд барагдуулалт 50 гаруй хувьтай явж байна.
-Уул уурхайн салбаруудад хийсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчил нь юу байв?
-Геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоон олгосон, НДШ-ийг дутуу төлсөн, НДШ-ийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй. Дотоод хяналтын үйл ажиллагаа төслийн хүрээнд тогтворжоогүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, илүү цагаар ажиллуулдаг аилаа илүү цагийн хөлс боддоггүй болон хөдөлмөрийн болон ил, далд уурхайн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг зөрчлүүд гарсан.
-Үүнээс ноцтой зөрчлөөс нь нэрлэвэл?
- Хамгийн том зөрчил илрүүлсэн объет бол Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компани байсан.Нэг тэрбум төгрөгийн арга хэмжээ авахуулсан. Хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулж, санхүүгийн тайлан ил тод байлгах ёстой байтал БНХАУ-ын “Bank Of China”-аар гүйлгээ хийж байсан томоохон зөрчил илэрсэн.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Б.Намуутамир
URL: