Цэцийн шийдвэр улсын төсвийг танах уу
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар өчигдөр Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 47 дугаар зүйл буюу Ашигт малтмал ашигласны төлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон юм. Энэ тухай хуулийн заалтаар нь дор хүргэе.
47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
47.1. Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
47.3.1. дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
47.3.2. Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
47.5, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дугаар заалт
Эдгээр заалтыг хассан шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн гэж ҮХЦ үзжээ.
Тэгвэл цэц буруу шийдвэр гаргасан уу гэх эргэлзээг Сангийн сайдын илэрхийлсэн байр суурь илтгэв.
Тэрбээр, “Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ, та бүхний гаргасан шийдвэрээр ашигт малтмал ашигласны татвар байхгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо, ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, цэцийн шийдвэрийн дагуу “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”, “Цайрт минерал” зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн өмч боллоо гэж тайлбарласан юм.
Товчхондоо бол нэг талаас цэц төр иргэнийхээ өмнө үүрэг хүлээх хийгээд, ашигт малтмалыг иргэний өмч гэдэг үүднээс харсан ч ашигт малтмалтай холбоотой заалтуудыг хассан. Гэвч компаниудад ашиглалтын төлбөр төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр болсон гэх болон бусад тайлбарыг салбарынхан илэрхийлж байна. Тэдний байр суурийг хүргэе.
“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Батцэнгэл “Ирээдүйн өв сан” нь бүрдэх ёстой нэг гол эх үүсвэрийг нь байхгүй болгох шийдвэр Цэц гаргачихсан юм биш үү” гэсэн бол Уул уурхайн инженер Б.Баттулга ”Уул уурхайн салбарт ажилладаг, уул уурхайн мэргэжилтний хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гаргасан энэхүү шийдвэрийн үр дагавар нь Монгол Улсад асар их хохирлыг, хямралыг, бий болгох цаашлаад иргэний дайн ч үүсэж болох нөхцөл байдлын суурь шалтгаан болох магадлал өндөр байна” гэв. Мөн тэрбээр, цэцийн шийдвэрийн дөрвөн сул талыг нэрлэсэн байна.
Нэгдүгээрт, улсын төсөвт төвлөрөх мөнгөн дүнгийн аравны нэг нь хасагдана. Үүнээс шалтгаалж олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүтээн байгуулалтын ажил зогсоно.
Хоёрдугаарт, уул уурхайн эзэд нь улс төрчид, хууль хяналт шүүх засаглал, яам, агентлаг гэх мэт бүхий л төрийн байгууллагыг халаасандаа хийх авилга албан тушаалын хэрэг гаарна.
Гуравдугаарт, баян хоосны ялгаа асар их болж үүнийг ундууцаж эсэргүүцсэн иргэд үймээн самуун үүсгэж улмаар хүндэрч дотооддоо иргэний дайн ч үүсэж магад. Байгалийн баялгийн тэгш хүртээмжтэй хуваарилаагүй улмаас томоохон мөргөлдөөн үймээн самуун үүссэн улсын жишээ ч байдаг.
Дөрөвдүгээрт, бидний бодож мөрөөдөж байсан “Баялагийн сан” гэдэг зүйл хумхын тоос болно. Байгалийн баялаг ард түмний өмч, байгалийн баялгаас олсон, төвлөрүүлсэн мөнгийг шинжлэх ухаан, инноваци, инженерчлэл ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулна гэдэг ч хоосон мөрөөдөл болно.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL: