Их Британид бүх нийтийн сонгууль явуулах саналыг дэмжжээ
Их Британид ирэх 12 дугаар сарын 12-нд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах Ерөнхий сайд Борис Жонсоны саналыг парламентын гишүүд дэмжжээ.
Дийлэнх олонхын саналаар дэмжсэн хуулийн төслийг Нийтийн танхим баталсан бөгөөд 1923 оноос хойш 12 дугаар сард явуулсан анхны сонгууль энэ болох юм. Уг хуулийн төслийг одоо Дээд танхим батлах шаардлагатай бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.
Хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд сонгуулийн өдөр хүртэл таван долоо хоногийн кампанит ажил өрнөнө. Б.Жонсон хэлэхдээ, “Brexit” болон улс орныхоо ирээдүйн талаарх сонголтыг олон нийтэд олгох ёстой гэжээ. Ерөнхий сайд бүх нийтийн сонгууль түүний “Brexit”-ийн гэрээнд шинэ боломжийг бий болгож, парламентын одоогийн мухардмал байдлыг зохицуулна хэмээн найдаж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: