П.Цагаан: Үйлдвэр байгуулахдаа Н.Алтанхуяг шиг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй санхүүжилт аваагүй

b802c3fabd00586e7278ae4814836c8cЕрөнхий Сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийх үеэрээ “Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн зэсээс жилд 44 тэрбумыг ганцаараа авдаг” хэмээсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан, “Ачит ихт” компаний үүсгэн байгуулагч П.Цагаан мэдэгдэл гаргажээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.

Олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд
Ах, дүү хоёроос сэрэмжил 
Тийм ээ, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар “Ачит Ихт” компанийн баримт бичгийг АТГ шалгаж байгаа нь үнэн. Бид дуртайяа хамтран ажиллаж байгаа бөгөөд үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт бүрэн итгэж байна. Шалгуулах нь зарим талаараа сайн байдаг юм.
Норовын Алтанхуягийг Ерөнхий сайд байхад “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологид тохирохгүй, балансаас хасагдаад 20-30 жил нар салхинд хэвтсэн олон овоолгын нэгээ гидрометаллургийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэх үндэсний үйлдвэр 2014 оны аравдугаар сарын 10-нд үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Ерөнхий сайд нээлтэд нь танхимынхаа сайдыг явуулан баяр хүргэж, тэр ч байтугай бусад овоолгыг ашиглах нь чухал гэж ярьж байсан нь цаасан дээр үлджээ.
Өндөр эрсдэл гаргаж, Барууны технологийг нутагшуулах гээд олон жилийн түмэн зовлон туулж босгосон энэ үйлдвэр өдгөө 200 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж, улсынхаа экспортыг нэмэгдүүлж, өндөр татвар төлж, нийгмийн хариуцлагын үлгэр дуурайл үзүүлэхийг чармайж байгааг олон нийт сайн мэднэ. Харин энэ үйлдвэр, түүний хувьцаа эзэмшигчдийг харлуулах гэж шар махтайгаа хатаж, увайгүй аашилж яваа хоёр хүн л бий. Нэг нь өнөөдөр зүсээ хувиргаж, “гэнэт гэгээрсэн” Н.Алтанхуяг. Өмнөхөөсөө тэс ондоо зүйл ярьж, ор үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл түгээх нь хэрээс хэтэрсэн тул түүнийг шүүхэд өгөхөөр шийдсэн болно.
Түүний хамтрагч бол төрсөн ахынх нь хүүхэд Цэвэгжав гэгч. Тэрээр “Ачит Ихт” компанид 2011-2012 онд нэг жил гаруй хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад өргөдөл өгч ажлаасаа халагдсан бөгөөд удалгүй авга ахынхаа татаасаар “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанид дэд захирлаар дөрвөн жил ажилласан, автын механик мэргэжилтэй, шантаажчин этгээд болно.
Тодруулахад,
нэгт, манай компани уг үйлдвэрийг барьж байгуулахдаа Эрдэнэтээс, улсаас, бондоос, аль эсвэл Н.Алтанхуяг шиг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй санхүүжилт аваагүй бөгөөд гадаад, дотоодын арилжааны эх үүсвэрээр шийдсэн.
Хоёрт, хаягдал овоолгоос зэс ялгаж авах өндөр технологийн үйлдвэр барих энэ төсөл 2006 оноос эхтэй бөгөөд түүнд Ц.Элбэгдоржийн оролцоо огт байхгүй.
Гуравт, эрсдэл ихтэй энэ төслийг хамтарч хэрэгжүүлэхээс тухайн үед Монголын бараг бүх том компани татгалзаж байсан түүхтэй.
“Ачит Ихт” компани “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан гэрээ хэлэлцээрийнхээ дагуу Монгол Улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, улсынхаа эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байгаа үндэсний шилдэг татвар төлөгч байгууллага. Баялаг бүтээгчдээ ангуучилбал юу болдгийг Ерөнхий сайд байсан хүн эрхбиш гадарламаар юм.
Тийм болохоор хэвлэл мэдээллийнхэн Та бүхэн хууль хяналтын байгууллага үнэн мөнийг олж тогтоотол бусдыг харлуулахын дон шүглэсэн хүмүүсийн хар энерги дагуулах бусармаг хэлхээ холбооноос ангид байхыг сэрэмжлүүлж байна.
П.Цагаан

URL:

Сэтгэгдэл бичих