Ил тодын хуулиас болж Саарал жагсаалтад орсон гэх тархи угаалт

e01856cafea9383f9fb5f2a694bc6cd5Даваа гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын Саарал жагсаалтад Монгол Улс орсон асуудлаар холбогдох Монголбанкны удирдлагууд болон Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийжээ.

Үүнийхээ дараа тэд Саарал жагсаалтад Монгол Улс яагаад орсон талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар нэгэн дуугаар “Саарал жагсаалтад орсон асуудал одоогийн эрх баригчидтай огт хамаагүй. Бүр 2015 онд баталсан Эдийн Засгийн ил тод байдлын тухай хуулиас болж Монгол Улс саарал жагсаалтад орсон” гэв.

Ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн сайд “Хууль батлагдсаны дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, өмнө нь байснаасаа 150 хувиар өссөн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан” гэжээ.

Ер нь бол ФАТФ-ын есөн хүнтэй баг манай улсын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч хэлсэн байна. Үнэлгээ хийгээд 2017 оны тавдугаар сард ФАТФ-ын хяналтад оруулсан юм байна. Хяналт тавиад дахиад хоёр жил болсны дараа сая манайхыг Саарал жагсаалтад орууллаа. Тэгэхээр Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсанд манайх буруугүй гэсэн МАН-ын сайд нарын үг худлаа болох нь.

ФАТФ-аас манай улсад өгсөн 40 зүйл бүхий зөвлөмжийн дөрвөөс бусдыг нь бид биелүүлсэн гэв. Тийм бол Монгол Улс яагаад Саарал жагсаалтад оров?

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлснээр “Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна” гэх мэт хуультай холбоотой хоёр асуудал бий. Мөнгө угаахтай тэмцэх тухай шинэ хуулийг сая баталсан. Хөрөнгө хураах асуудлыг хуулийн байгууллага шалгаад, гэм бурууг нь шүүх нотолж байж шийддэг гэв. Тэгэхээр нь энэ нь цэвэр хуулийн байгууллага болон хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудал байх нь. Харин энэ асуудал Хууль зүйн сайдын эрхлэх асуудалтай огт хамаагүй юу?

Сануулахад 2014 онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин байхдаа Мөрдөх албаны тухай хуулийг санаачилж улс дамнасан гэмт хэрэгтэй /мөнгө угаах, хүний наймаа, хар тамхи, терроризм/ тэмцэх бүтэц бий болгохоор ажиллаж байв. Хуулийг нь батлуулахаар УИХ-д оруулж ирээд унасан. Тэр үед үүнийг хамгийн их улдаж эсэргүүцсэн, унагасан гишгэлсэн хүн нь одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд. Хэрвээ Мөрдөх албыг байгуулчихсан бол гадаад орнуудад суугаа ЭСЯ, Консулын газрууддаа хуулийн атташе суулгаад, түүгээрээ дамжуулаад хил дамнасан гэмт хэргүүдтэй тэмцэх, бусад улс орнуудын хууль, хүчний байгууллагатай хамтраад ажиллах, холбоо сүлжээнд орох боломжтой байв. Харин үүнд саад хийсэн гол хүн нь Ц.Нямдорж сайд өөрөө.

Сайд Мөнгө угаахтай тэмцэх хуулийг сая баталсан гэж ярьж байна. Олонхийн мэдэж байгаачлан өмнөх УИХ-ын үед баталсан хуулиар хорин сая төгрөгөөс дээшхи банкны гүйлгээнд хяналт тавидаг байсан. Сая Саарал жагсаалтын асуудал босоод ирмэгц яаруу сандруу УИХ-д хууль оруулаад гурав хоногийн дотор батлуулсан байна. Гэвч хууль батлах нэг өөр, түүнийг хэрэгжүүлэх нэг өөр. Тэр тусмаа хуулийг хэрэгжүүлэхийн тулд хүн хүч, хөрөнгө мөнгө, бүтэц зохион байгуулалт хэрэгтэй. Хэрэг илрэхгүй, шүүхээр шийдэгдэхгүй байна аа гэж сайд өөрөө ч хэлсэн байна лээ.

Х.Тэмүүжинг сайд байхад Боловсролын сайд Ё.Отгонбаярын эхнэрийг мөнгө угаасан хэргээр барьж хориод, “гурван банкны дансанд  300 гаруй сая ам.доллар, 10 гаруй тэрбум төгрөгтэй. МИАТ, Татварын дарга нарын дараа орох том гэмт хэрэг илрүүлчихлээ” хэмээн жаал шуугисан ч сүүлдээ ам.доллар, төгрөг хоёроо андуурсан ч бил үү, эндүүрсэн ч билүү онигоо шиг зүйл болоод дууссан нэг түүх бий. Ийм төрлийн гэмт хэрэгтэй эргүүлийн цагдаа тэмцдэггүй юм аа л гэсэн үг л дээ. Тиймээс тэр үед Мөрдөх албаны тухай ярьж байв.

Тэр хэргээс хойш манай цагдаагийнхан энэ төрлийн хэргийн тухай ам нээхээ больсон. Ямар аргаа бараагүйдээ Гадаад хэргийн сайд нь өөрөө дипломат албан тушаалтнаа гаднын тусгай албадаар бариулж байх вэ. Өөрөө араас нь явчихаагүй нь олз.

ФАТФ бол терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хар мөнгийг зохицуулах, хил дамжсан хэргүүдтэй тэмцэх, хууль эрх зүйн орчноо уялдуулахаар нэгдсэн, зөвлөмж өгдөг чиг үүрэг зонхилсон байгууллага. Монгол өөрөө эрсдэлтэй бүс нутагт байдаг. Афганистан, ОХУ, БНХАУ, Казахстантай ойр, эдгээр улс хар тамхи, хүний наймаа өндөртэйд тооцогддог. Энэ утгаараа Монгол Улс бас тус байгууллагын анхааралд орсон байх магадлалтай.

Дээр нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэдийн оролцсон хар тамхины хэрэг тоогоо алдлаа, дипломат албан тушаалтнууд нь оролцоод эхэллээ. Хууль хяналтынхан нь ажиллаж чадахгүй байна. Үсрээд л бааранд сууж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдэд эр бяраа гаргаж байгаа биз дээ. Ийм байхад Саарал байтугай Хар жагсаалтад ороогүйдээ баярладаг газар.

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хэлээгүй өнгөрсөн бас нэг зүйл бол гадаадаас ажиллах хүч авах буюу хойд Солонгосын ажилчидтай холбоотой асуудал. Учир нь хойд Солонгос өөрөө хоригт орчихсон, хойд Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэсэн хардлагаар тэднийг ажиллуулахаа боль гэсэн зөвлөмж манайд өгсөн ч биелүүлээгүй. Энэ ч гэсэн Хууль зүйн сайдын хийх ёстой ажил.

Тийм болохоор Саарал жагсаалтад орсонд Ил тодын хууль буруутай гэх сайд Ц.Нямдоржийн үг хуудуутай болж байна. Ил тодын хууль гэдэг нь татварт бүртгэгдээгүй байсан нуугдмал хөрөнгөө ил болговол нөхөр татвар, торгууль тавихгүй, нэг удаа чөлөөлье л гэсэн хууль шүү дээ. Ил болгосныхоо дараа мэдээж татвараа шударгаар төлөөд явах ёстой. Үүний үр дүнд Монголын эдийн засаг 34 их наядаар нэмэгдэж, өмнөхөөсөө 150 дахин өссөн бол тэр нь харин Ил тодын хуулийн гавьяа.

Үүний төлөө Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулна гэдэг Ц.Нямдорж сайдад төрж болох санаа байх. Яагаад гэвэл ирэх жил сонгууль болно. Хар тамхи, мөнгө угаахтай холбоотой гээд хэлчихвэл өөрт нь халгаатай учраас өнөөдөр Ил тодын хууль яриад сууж байна. Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн байна.

ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн байна. Тэр шалгалт дууссан. Ямар нэгэн байдлаар тэр эх үүсвэр дотор нь терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болсон юм байна. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, ФАТФ-ын асуудал тусдаа. Харин Сангийн яам өөр өнцгөөр мэдээлэл тараагаад байна гэж. Яагаад гэвэл ирэх жил сонгууль болно.

Сэмүүн

 

http://shuurkhai.mn/


URL:

Сэтгэгдэл бичих