10 их наяд төгрөгийн босго давсан Хаан Банкны хувь эзэмшилд өөрчлөлт орсон уу?
Монголын арилжааны банкуудаас хамгийн түрүүнд нийт хөрөнгийн хэмжээгээрээ 10 их наяд төгрөгт хүрсэн Хаан Банкны хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орсон гэх мэдээлэл тараад байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар тус банкны хамгийн том буюу 41.30 хувийн хувьцаа эзэмшигч нь Япон улсын Савада Холдингс байгаа юм. Түүний дараагаар Монгол улсын Таван Богд Трейд ХХК 22.96 хувийг эзэмшиж байна.
Тэгвэл хамгийн том хувьцаа эзэмшигч Савада Холдингс өөрийн хувиа Монгол улсын нэр бүхий этгээдэд худалдсан гэх яриа гараад буй.
Монгол Улсын Банкны тухай хуулийн 36.3-т “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуулийн 19 дүгээр зүйл, 20.1.5, 20.1.7, 20.3-т заасан шаардлага, 361 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж байдаг.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкны хувь эзэмшигчдэд өөрчлөлт оруулбал заавал төв банкнаас зөвшөөрөл авдаг хуультай.
График 1, Хаан Банкны хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, Эх сурвалж: Хаан Банкны албан ёсны мэдээллийн сайт
Хүснэгт 1, Хаан Банкны хувь эзэмшигчдийн мэдээлэл 2019.10.28-ны байдлаар, Эх сурвалж: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар
(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)
Монголбанкнаас Хаан Банкны хувь эзэмшигчдэд өөрчлөлт оруулах хүсэлт ирсэн тухай тодруулга авахад холбогдох албаны хүн “Тийм хүсэлт ирээгүй” гэсэн юм.
Гэхдээ Хаан Банкны дийлэнх хувийг Монголын нэр бүхий банкир, уул уурхайн бизнес эрхлэгч хэд хэдэн хүн худалдаж авах хэлэлцээ хийсэн ч амжилт олоогүй талаар эх сурвалж мэдээллээ.
Хаан Банкны сайтад тус банкны нийт хөрөнгө 2019 оны зургаадугаар сарын 31-ний байдлаар 9.8 их наяд төгрөг байгаа гэж мэдээлжээ. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Хаан Банкны нийт хөрөнгө наймдугаар сард 10 их наяд төгрөг давсан байна.
Монгол Улсын хамгийн том арилжааны банк болох Хаан Банкны 41.30 хувийг эзэмшигч Савада Холдингс компанийн тухай танилцуулгыг харвал ”Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (8699) Савада Холдингс ХХК нь гол төлөв санхүүгийн бизнес эрхэлдэг компаниудын хувьцааг эзэмшдэг Холдинг компани бөгөөд одоогоор 7 охин ба 6 хувь эзэмшдэг компанитай. Үүнд H.S. Securities Ltd, H.S. International (Asia) Ltd (HSIA), H.S. Servicer Ltd, H.S. Insurance Ltd болон ХААН Банк ХХК зэрэг орно. Түүнчлэн SWH компани нь бизнесийг сэргээн босгох үйл ажиллагаанд оролцдог ба энэхүү ажлын хүрээнд Kyushu Industrial Transportation Holdings Co., Ltd автобусны компани, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Ascot корпорацийн хувьцааг эзэмшдэг. Ноён Хидео Савада нь аялал жуулчлалын H.I.S. Ltd (Токиогийн Хөрөнгийн бирж: 9603)-ийн үндэслэгч бөгөөд түүний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
Ноён Хидео Савада нь ХААН Банкны ТУЗ-ийн дарга, ноён Ёшиаки Мишима нь тус банкны ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна” гэжээ.
Япон Улсын иргэн, бизнесмэн Хидео Савада нь Монголд элэгтэй, манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм.
Тэрбээр банк санхүүгээс гадна Монголын уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагчийн нэг юм. Тодруулбал, түүний оролцоотой Монгол, Японы хамтарсан “Чингис ворлд майнинг” ХХК нийтдээ 43 лицензтэй бөгөөд энэ нь Монголд хамгийн их лиценз эзэмшдэг компаниар нэрлэгдэж байсан билээ.
URL: