Хотын дарга “Тавантолгой түлш” компанийн ажилчидтай уулзав

15721493225db5184a02f6fНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.10.26/ “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр очиж, шөнийн ээлжийн ажилчидтай биечлэн уулзжээ. Энэ үеэр ажилчид хоолондоо орж байсан бөгөөд тэдний ажиллаж буй орчин нөхцөл, аюулгүй байдлын талаар санал, хүсэлтийг нь сонссон байна. Ингэхдээ ажилчидтай нэг ширээнд хамт сууж цай уунгаа энгийн яриа өрнүүлжээ.

Тус үйлдвэрт ажиллаж буй зарим ажилчид өмнө нь Япон, Солонгос, Германд ажиллаж байжээ. Тэдний нэг ярихдаа “Би өмнө нь ОХУ-ын Казань хотод гутлын үйлдвэрт ажиллаж байсан. Дараа нь Япон улсад хоёр жил гахай маллаж байв. Тэгээд Монголдоо ирээд үсчин хийсэн. Одоо энэ компанидаа ороод жил гаруй болж байна. Эх орондоо хувь нэмрээ оруулаад, ажил хийх сайхан байна” гэв. Үүний хариуд хотын дарга “Хөрвөх чадвартай байна гэдэг хүний хамгийн том давуу тал. Та бүхний ажиллаж буй энэ үйлдвэр Монголчуудын хувьд утаанаас салах түүхэн боломж. Энэ үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулж, өдөр шөнөгүй зүтгэж байгаа та нараар бахархаж байна” гэсэн байна. Үүний дараа “Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатартай уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүндрэл бэрхшээл, хангамж, хангалтын талаар асууж, мэдээлэл авсан байна.

Өнөөдрийн байдлаар тус компанид зургаан шугам дээр 800 орчим хүн ажиллаж байна. Үүнээс оффисын ажилчид 60, үйлдвэрт 700, харуул хамгаалалтад 40 орчим хүн ажиллаж байгаа аж. Удахгүй дөрвөн шугам нэмэгдэхээр ахиад 300 орчим ажилчин нэмж авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих