Н.Энхболд: Санхүүгийнхэн хуурамч цалингийн цэсээр 443 сая төгрөг шамшигдуулсныг дотоод шалгалтаар тогтоосон
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.
-Сангийн сайдын зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын нэг нягтлан бодогч 500 хүний орон тоог хий бичиж, цалинг нь авсан байна гэх мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьсан байсан. үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Зарим хэвлэлээр 500 орон тооны хүн илүү байлгаж, цалин хөлс буруу олгон, олон сая төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл гарсан байна лээ. үүнийг залруулж хэлэх нэг зүйл байгаа юм. 2018 оны эхэнд яам зэвсэгт хүчний жанжин штабаас нөхцөл байдлын мэдээллүүдийг авсны үндсэн дээр шалгалт хийхээр Ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Ийнхүү Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид шалгалт хийсэн. Энэ бол Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс өөрсдөө санаачилж хийсэн шалгалт юм. Шалгалтын дүнд 089 дүгээр ангид ажиллаж байсан санхүүгийн ажилтнууд хуурамчаар цалингийн цэс үйлдэн олон хүнд цалин олгож байгаа юм шиг болгож, 440-өөд сая төгрөгийн хохирол учруулсан байсан нь тогтоогдсон. Манай өөрийн дотоод шалгалтаар тогтоогдсон гэсэн үг. Түүний дагуу холбогдох хууль хяналтын байгууллага, аТг-т хандсан. Тэдгээр ажилчид шунахайн сэдлээр хууль зөрчиж, 443 сая төгрөгийг шамшигдуулсан байна гэдэг нь тогтоогдсон.
500-гаад хүн гэж мэдээллэж буйн хувьд ор үндэсгүй зүйл. Тийм байх бололцоо ч үгүй. Яригдаж байгаа 440-өөд сая төгрөгийн гэмт хэрэг үйлдэгдсэн анги өөрөө 500 хүрэхгүй цөөн тооны цэргүүдтэй.
-Тэгэхээр тэр их мөнгийг хэрхэн авсан гэсэн үг вэ?
-Цалингийн цэс дээрх доод дүнг нь өөрчилж, өөр дүн тавин илүү мөнгө гаргаж авсан байгаа юм.
Тэр мөнгөө бусад хүмүүсийн данс руу шилжүүлж ашигласан хэрэг. Гэхдээ бид 2018 оны эхний шалгалтаар 2016, 2017 оны үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн гэдгийг тодруулж хэлье.
-Ойрын үед хийгдсэн шалгалтуудаар дээрхтэй адил асуудал дахин илэрсэн үү?
-Зэвсэгт хүчний жанжин штаб өөртөө дотоод хяналт, санхүүгийн хяналт шалгалт хийдэг нэгжтэй. Яам ч мөн дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгдөг, шалгалт хийдэг нэгжтэй юм. Ээлжлээд, давхардуулалгүйгээр цэргийн ангиудад төлөвлөгөөт шалгалтуудыг хийдэг. Харин дээрх хэргийн тухайд шалгах үндэслэл байсан. Энэ утгаараа Ажлын хэсэг гарч шалгаж, илрүүлсэн юм.
-Албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө шамшигдуулсан дээрх хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ?
-АТГ-т шалгагдаад Эрүүгийн хэрэг үүсчихсэн. Мэдээж гэм буруутай этгээдүүд ял шийтгэлээ хүлээж таарна. Дахин тодруулж хэлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс хуваарилалт хийж, төлөвлөгөөт шалгалтуудыг байнга хийж байгаа. Мөн тодорхой сэжигтэй, хэрэг байж болзошгүй мэдээллүүдийг үндэслээд төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг.
-Цэрэг татлага болж өнгөрлөө. Ирц хангалттай хэмжээнд хүрч чадсан уу?
-Цэрэг татлагыг нэг жилд хоёр удаа явуулж байгаа. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 15-23-ны өдрүүдэд буюу тогтоосон хугацаанд зохион байгуулагдлаа. Тухайн жилдээ цэргийн албанд татагдах хүмүүсийн тоог Засгийн газраас тогтоодог. Үүний дагуу аймаг, нийслэлд хуваарилалт хийн цэрэг татаж дуусдаг. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Засгийн газраас тогтоосон хэмжээнд хүрсэн. 14 аймаг, нийслэлээс хяналтын тоог 100 хувь гүйцээж, цэрэг татлага амжилттай зохиогдож дууслаа. Эцсийн дүнг одоо гаргаж байна. Аравдугаар сарын 17-22-ны хооронд сая татагдсан шинэ цэргүүдийг Зэвсэгт хүчний нэгтгэл анги салбаруудад хуваарилж, бүгдийг нь ном журмаар нь хүлээлгэж өгсөн.
-Цэргийн ангиудад гарсан асуудалтай холбоотойгоор цэрэг татлагын ирц муудсан байдал анзаарагдаагүй хэмээн ойлгож болох уу. Мөн залуус янз бүрийн шалтгаанаар цэрэгт явахаас зайлсхийдэг гэгддэг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байсан бэ?
-Мэдээж амьдрал болсон хойно тухайн үедээ цэрэгт татагдахгүй байх юмсан гэх бодол төрдөг л байх. Гэхдээ хууль дүрмийнхээ дагуу хугацаат цэргийн албанаас насны дээд хязгаарт хүрээгүй хүмүүсийг чөлөөлөхдөө зөвхөн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үздэг. Нөгөөтэйгүүр цэрэгт явъя гэсэн хүн бүрийг татах нөхцөл бололцоо байхгүй. Засгийн газраас тогтоож өгсөн хяналтынхаа тооны дагуу л бид татдаг. Энэ удаад хяналтын тоондоо 100 хувь хүрсэн гэдгийг дээр дурдсан. Жил бүрийн цэрэг татлагын байдлаас харахад цэрэгт явъя гэсэн хүмүүсийн тоо хяналтын тооноос хамаагүй их байдаг. Энэ жил ч гэсэн тийм байсан. Хяналтын тооноос давж болохгүй учраас тэдгээрийг татах боломжгүй юм. Яахав өвчин, ар гэрийн гачигдлын улмаас ч гэдэг юм уу цөөн тооны хүмүүсийг харж үзэх, чөлөөлөх хуулийн боломжууд бий. Зарим хүмүүс цэрэгт хүүхдээ явуулчихаар янз бүрийн асуудалд ороод байх юм гэсэн байдлаар ханддаг. Цөөн тооны цахим хэвлэлээр хүүхдээ цэрэгт явуулахгүй байя гэсэн мэдээлэл л гарсан байсан. Гэхдээ эдгээр зүйл нөлөөлөлгүйгээр цэрэг татлагын тоо хэмжээ хангалттай их, хяналтын тооноосоо давсан байдалтай байна.
Өдрийн сонин
URL: