Хурд сааруулагчийн стандарт буюу хэн ч тоодоггүй сэдэв

hurd_saaruulagch_3

  • Замын компаниуд стандартаа мэддэг ч хэрэгжүүлдэггүй
  • Гэр хороолол, орон сууцны хороололд зам тавьж, түүндээ хурд сааруулагч хийж буй замын компаниуд огт зөвшөөрөл, зөвлөмж авдаггүй гэв
  • Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүүн талын хойд зүг рүү чиглэсэн замд ердөө ганцхан хурд сааруулагчтай. Гэхдээ тэр нь мөн л стандартыг зөрчжээ. Бүр 70 мм-ээр илүү буюу стандартаас хоёр дахин өндөр байгаа юм
  • Нийслэлд гардаг авто ослын таван хувь нь стандарт бус хурд сааруулагчтай холбоотой байдаг

Зайсангийн автобусны эцсийн буудлаас Америк сургууль орох гэж явсан суудлын автомашинтай иргэн хурд сааруулагчаас болж яндангаа цоолж орхив. Яндангаа цоолсон иргэн М 65 мянган төгрөгөөр гагнуулжээ. Хамгийн гол нь тэрбээр энэ асуудлаар хаана, хэнд хандахаа огт мэдэхгүй явахтай нь таарсан юм. Учир нь, тухайн хурд сааруулагчийг ямар компани тавьсан нь тодорхой бус. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр манай улсад авто замын хурд сааруулагчийн стандарт алдагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Стандарт бус зүйлд эзэн холбогдогч байдаггүй, хяналт шалгалт ч бараг хийдэггүйн нэгэн жишээ энэ. Гэтэл стандартыг нь 10 жилийн өмнө буюу 2009 онд баталсан байгаа юм. 2009 оны арваннэгдүгээр сарын 1­нээс мөрдөж эхэлсэн MNS 5968:2009 гэх уг стандартаар манайд гурван ангилал байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгс­лийн нэг чигийн хөдөлгөөнтэй болон хэсэгчилсэн бүсийн чанартай авто замын орчимд байрлах сургууль, цэцэрлэгийн дэргэдэх замд тавина. Энэхүү хурд сааруулагч нь 70 мм өндөр, 4200 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байх стандарттай. Хоёрдугаарт, үзэгдэх орчин хязгаарлагдсан гарцын өмнө тавина. Тэр нь 50 мм өндөр, 350 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байх ёстой. Гуравдугаарт, хүнд даацын ачааны автомашин явахад зөвшөөрөгдсөн замд зориулсан хурд сааруулагч нь 75 мм өндөр, 900 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавих шаардлагатай. Ийм гурван стандартыг сүүлийн 10 жилийн турш мөрдлөг болгож иржээ. Хурд сааруулагчийг нь халуун, хүйтэн орчинд болон механик үйлчилгээг тэсвэрлэх чадвартай нийлэг /синтез/ буюу резинэн материалаар хийсэн байна. Асфальтан хольц болон цемен­тэн бетоноор зорчих хэсэгт хийж болно. “Хурд сааруулагч” мэдээлэх тэмдгийг хурд сааруу­лагчийн шууд өмнө тавина.­ Хурд сааруулагч тавьсан газраас 50­100 метрт анхааруулах тэмдэг байрлуулна. ­Хурд сааруулагчийн гадар­гуунд цагаан, шар өнгийн гэрэл ойлгогч материалаар тэмдэглэл хийнэ. Энэ бол Монгол улсад мөрдөж буй албан ёсны стандарт. Гэтэл уг стандартыг мөрддөг хувь хүн, байгууллага нэн ховор. Тэд холбогдох газраас ямар нэгэн зөвшөөрөл, заавар авахгүйгээр дур мэдэн хурд хязгаарлагч тавьж орхино. Харин тухайн хурд сааруулагчаас үүдэлтэй аваар осол, машины эд ангид эвдрэл гарсан тохиолдолд эзэн холбогдогч, хариуцагч олддоггүй нь гайхалтай. Монголын тэр тусмаа нийслэлийн эвдрэлтэй замаас гадна хэт өндөр, стандарт бус хурд сааруулагчийн балгаар суудлын тэрэгний тэнхлэг тохиргоо алдагддагийг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон авто сервисийн засварчид хэлж байна. Ер нь манай улсад машины тэнхлэг тохиргоо алдагдах нь түгээмэл болсон нь авто замтай шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Машины тэнхлэг тохиргоо алдагдаж эхлэх үед дугуйны хээ жигд бус элэгдэх, жолооны хүрд аль нэг тийш булаах, эргэх үйлдэл хийхэд дугуй чахарч дуугарах, шатахуун зарцуулалт нэмэгддэг аж. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ширэндэв хэлэхдээ “Монголд уг нь MNS 5968:2009 стандартыг мөрддөг. Гэвч сүүлийн үед хувь хүн, аж ахуй нэгжүүд зориулалтын бус материалаар стандартгүй хурд сааруулагч тавьдаг болсон. Бидний зүгээс бүгдэд нь хяналт тавьж чаддаггүй. Бидэнд шалгалт хийж, хариуцлага тооцох ч эрх байхгүй. Гэр хороолол, орон сууцны хороололд зам тавьж, түүндээ хурд сааруулагч хийж буй замын компаниуд биднээс огт зөвшөөрөл, зөвлөмж авдаггүй. Уг нь стандартаа бүгд мэддэг хэрнээ дур зоргоороо байдаг” гэв. Харин хяналт тавьж, хариуцлага тооцох эрхтэй Мэргэжлийн хяналтын газар нь замын асуудал, цаашлаад хурд сааруулагчид ач холбогдол өгдөггүй бололтой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар ороход дээрх сэдвээр хариулт өгөх хүн олдсонгүй. Улаанбаатар хотод тавьсан стандарт бус хурд сааруулагчийн хэд хэдэн жишээ дурдъя. Зайсанд тавьсан хурд сааруулагч дээр дурдсан Монголд мөрдөж буй стандартаас даруй таван см-­ээр өндөр. Таван см өндөр байхад л стандарт алдагдаж, автомашинд ямар нэгэн байдлаар хохирол учруулдаг. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэн М хэнд хандахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад Замын цагдаад ханджээ. Харин замын цагдаа өмнөөс нь “Бид үүнд хяналт тавьдаггүй. Замын цагдаагийн үндсэн үүрэг бол хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөнд зохицуулалт хийх” гэсэн тайлбар өгсөн гэнэ. Угаасаа тэдний хариуцах ажил биш болохоор тайлбар нь ойлгомжтой байсан биз. Жолооч М стандарт бус хурд сааруулагчийг дайрч гарахдаа 20 орчим км/цагийн хурдтай явсан гэх. Дээрээс нь тухайн газарт “хурд сааруулагч байна” гэх тэмдэг, тэмдэглэгээ огт байгаагүй аж.

МОНГОЛД АЛДАГДСАН СТАНДАРТ

Стандарт бус хурд сааруу­лагчийг ихэвчлэн гэр хороолол, хотоос зайдуухан орон сууцны хороололд тавьдаг аж. хэд хэдэн жишээ хэлье. баянхошууны 70 давхрын зам байна. Замын хойд талд чимээгүй хот, харин урд талд нь гэр хороолол бий. Гол зам нь баянхошууны хөтөлөөс дэнжийн мянга дахь “хүчит шонхор” зах хүртэл үргэлжилнэ.  Замын урт 2.2 км орчим. Энэ хооронд арваад хурд сааруулагч байх бөгөөд бүгд стандарт бус. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хэт намхан бол зарим нь өндөр, бас өргөн. Эдгээр хурд сааруулагч нь манай улсад мөрдөж буй стандартаас дунджаар таван см өндөр. Дээрээс нь хурд сааруулагчийн тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Үүнээс гадна Шархадны хоёрдугаар буудлаас Цахлай зах хүртэл хоёр хурд сааруулагчтай атлаа хоёулаа стандарт бус. бас л зохих стандартаас хоёр см­ээр өндөр байв. Зайсан, “тэсо”­гийн уулзвараас “Алтан тариа” компани хүртэлх байгалийн чулуун замыг ч нэрлэж болно. түүнчлэн улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүүн талын хойд зүг рүү чиглэсэн замд ердөө ганцхан хурд сааруулагчтай. Гэхдээ тэр нь мөн л стандартыг зөрчжээ. бүр 70 мм­ээр илүү буюу стандартаас хоёр дахин өндөр байгаа юм. ингээд стандарт бусыг нь хайгаад явбал стандартаасаа олон ч юм шиг. хурд сааруулагчтай холбоотой өөр нэг зөрчил улаанбаатарт түгээмэл. тэр нь тэмдэг, тэмдэглэгээний зөрчил. Стандартаараа бол 50­100 метрийн зайд тэмдгийг тавихаар заажээ. Гэтэл манайхан хурд сааруулагчийнхаа яг хажууд тэмдэглэгээ тавьсан байх нь энгийн үзэгдэл. угтаа бол хурд сааруулагчийн тэмдэглэгээ харсан жолооч хурдаа аажим аажмаар хасах ёстой. харин манайхан хурдтай явж байгаад хурд сааруулагч харахаараа огцом тоормос гишгэдэг. улмаар энэ нь осол гарах эрсдэл дагуулдаг байна. Нийслэлд гардаг авто ослын таван хувь нь стандарт бус хурд сааруулагчтай холбоотой байдаг аж. Яг дээрх шалтгаанаар жолооч нар огцом тоормос гишгэхэд арын машин зайгаа барьж яваагүйн улмаас, эсвэл хурдтай явж байгаад мөргөх тохиолдол элбэг гардаг тухай Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч, ахлагч Б.Мөнхбаяр ярьсан.

ОЛОН УЛСАД РЕЗИНЭН ХУРД СААРУУЛАГЧ ХЭРЭГЛЭДЭГ

Хурд сааруулагчийг ямар зорилгоор авто замд тавьдаг вэ. Ерөөсөө л осол аваараас сэргийлэхийн тулд шүү дээ. Ингэхдээ дэлхийн ихэнх оронд, ялангуяа Азид резинэн хурд сааруулагчийг зөвшөөрдөг байна. Ингэснээр жолооч нар автомашиныхаа эд ангийг эвдэхгүйгээр хурдаа сааруулна. Түүнчлэн хурд сааруулагчийн тэмдэглэгээ дор хаяж 100 метрийн зайтай, тод өнгийн цацруулагч, гэрэлтүүлэгтэй байдаг гэнэ. Монголд хамгийн ойрын жишээ нь БНХАУ. Тус улсад резинэн хурд сааруулагчийг зөвшөөрдөг бөгөөд өндөр нь 50 мм байдаг. Харин манай улсад резин, бетон, чулуу, асфальт, шар шавартай цемент гээд дуртайгаа сонгодог. Ингэхдээ ихэнх газарт аль болох хямд өртгөөр хийхийг илүүд үздэг. Бас хурд сааруулагчийн олонх нь тодосгогчгүй, таних тэмдэггүй байдаг учраас үүнийг стандарт бус гэж тодорхойлж байгаа юм.

ДҮГНЭЛТ

Нийслэлчүүд нийслэлдээ эрх чөлөөтэй, элдэв стрессгүй амьдармаар байдаг. Гэвч өдөр бүр шахам стресстэх асуудал гарч ирсээр. Утаа угаар, замын түгжрэл, замын эвдрэл, хог шороо гээд л нийгэмд шийдэх ёстой олон асуудал байна. Тэдний нэг нь замын хурд сааруулагч гэдгийг мартаж болохгүй, бас орхигдуулж болохгүй. Энэ бол жижиг юм шиг хэрнээ маш том асуудал гэдгийг жийп унадаг хотын удирдлагууд ойлгоосой. Хотын дарга С.Амарсайхан, ерөнхий менежер Т.Гантөмөр, орлогч дарга Ж. Батбаясгалан, мөн засгийн эрх барьж буй намын удирдлагууд аа. Аз жаргалтай гэх тодорхойлолттой хотод эдийн засгаараа, эд хөрөнгөөрөө хохирмооргүй байгаа учраас энэ асуудлаа шийдвэрлэж өгөөрэй, дарга нар аа. Бухимдах сэдэв олон байхад дээрээс нь стандартгүй тавьсан хурд сааруулагчаас болж давхар стресст ормооргүй байна. Лизингээр, зээлээр авсан төмөр хүлгээ таван жил ч болтугай тайван унамаар л байна шүү.

Б. Мөнхзул

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих