Хятадууд дотоодын брэндээ сонгох нь АНУ-ын бизнест халтай

 

China_Ban

  • Чанар сайжирч, сурталчилгааны зардал өссөн нь худалдан авагч, хэрэглэгч нарт дотоодын брэндээ таньж, хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдүүлэв

Энэ оны эхээр цахилгаан хөдөл­гүүрт шинэ загвараа сурталч­лах урлагийн алдартай од хайж байсан БНХАУ-­ын автомашин үйлдвэрлэгч компанид энтер­тайнмент агентлаг Captain America­гийн жүжигчин Крис Эвансыг санал болгосон юм. Бүх цагийн хамгийн орлоготой кино Avenger: Endgame­ын оддын нэгтэй гэрээ байгуулах нь дэлхийг доргиосон сурталчилгаа болж чадна гэж агентлаг тооцсон хэрэг. Гэтэл агентлагийн саналыг компани хүлээж авсангүй. “Манайх зөндөө хятад хөрөнгө оруулагчтай. Худалдааны дайны нөхцөлд Captain America­д хөрөнгө оруулах нь дэндүү эрсдэлтэй хэрэг” гээд халгаагаагүйг Сиднейд төвтэй MGI Entertainment­ыг үндэслэгч Майкл МакРичи дурссан юм. Автомашин үйлдвэрлэгч уг компани эцэст нь хятад одтой хамтран ажиллахаар болсныг МакРичи тайлбарлав. Хонконг дахь ардчиллын төлөө тэмцэгчдийг дэмжсэн NBA­-гийн захирлын байр суурийн хариуд Хятадын жижиглэн худалдааны компаниуд тус холбооны логотой барааг лангуунаасаа хураахаас бүр өмнө, худалдааны дайн эхлэх үеэс л Хятадын үндсэрхэг үзэл, Америкийн эсрэг уур амьсгал гаарч, зах зээлийн шийдвэр, хэрэглэгчдийн худалдан авах дадал зуршилд нөлөөлөх болжээ. Хятадын зах зээлд Apple зэрэг америк компанийн эзэлдэг хувь хэмжээ багаслаа. Coach, Calvin Klein зэрэг америк брэнд Бээжингийн улс төрийн эгдүүцлийг төрүүлсэн зарим бүтээгдэхүүнийхээ төлөө Хятадын олон нийтээс уучлал гуйв. Цаашид худалдааны асуудлаар эвлэрэл тогтлоо ч брэндийн нэр хүнд хэдийн хохирсныг захирлууд хэлж байна. Эх оронч үзэл нь дэлхий даяар эртнээс зах зээлийн хөшүүрэг болсоор ирсэн юм. АНУ-­д Walmart, American Apparel, New Balance зэрэг компани “Made in America” бичээсийг бүтээгдэхүүний чанарын бэлгэ тэмдэг болгодог. БНХАУ ч Америкийн технологи, санхүүгийн компаниудад хаалт үүсгэх замаар дотоодын брэндүүдээ өсгөн томруулсан туршлагатай. Өрнөдийн хувцас загвар, автомашин, гоо сайхан, хүнс, өргөн хэрэглээний олон брэнд одоо ч эх газрын Хятадад үндсэндээ хоригоос гадуур, тус улсын элитүүдийн статусын бэлгэ тэмдэг хэвээр. Гэхдээ дорнод Хятадын Чиндао хотын 23 настай инженер Сунь Зи­Юй шиг хэрэглэгчдийн хувьд байдал өөрчлөгдсөн. Эх оронч сэтгэлдээ хөтлөгдөн Huawei утас худалдаж авсан тэрбээр дотоодын брэндээ дэмжих төрөл бүрийн онлайн сурталчилгаа болох Alibaba­гийн Taobao онлайн зах, хятад Twitter болох Weibo­д өрнөж буйг өгүүлсэн юм Тэгээд ч “Huawei­-гийн утас үнэнхүү чанартай” хэмээн Зи­Юй үнэлж байна. “Гадаадынх бус, дотоодын брэндээ дэмжих” ёстойг Бээжингийн ахлах сургуулийн багш Су Юнмин Vivo утсаа заан байж тайлбарлав. Хэрэглэгчдийн энэхүү хандлага 2020 онд Америкийн бизнест томоохон эрсдэл үүсгэх бололтой. Хятадын зах зээлд энэ онд бараг 120 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулаад байгаа АНУ нь Канад, Мексикийн дараа гурав дахь гол экспортлогч нь болсныг АНУ-­БНХАУ-­ын Бизнесийн Зөвлөлийн статистик харуулав. Nike, Apple, General Motors зэрэг АНУ­ын олон брэнд хөгжил дэвшлийнхээ ирээдүйг дэлхийн хамгийн олон хүнтэй улсын худалдан авагчдыг талдаа татаж чадахаас шалтгаална гэж үздэг. АНУ-­ын хамгийн эртний авто үйлдвэрлэгч General Motors өдгөө эх орондоо борлуулж буйгаас ч олон автомашин Хятадын зах зээлд борлуулдаг. Хэрэглэгчдийн хандлагыг болгоомжтой ажиглаж буйгаа GM China­гийн ерөнхийлөгч Мэтт Циен тайлбарлав. Хятадын олон брэнд, ялангуяа Huawei Technologies Co, Xiaomi Corp зэрэг цахим бараа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өрнөдийн өрсөлдөгчдийнхтэй нэг түвшинд болчихлоо. Чанар сайжирч, сурталчилгааны зардал өссөн нь худалдан авагч, хэрэг­лэгч нарт дотоодын брэндээ таньж, хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдүүлэв. Дээр нь үндэсний бахархал ч дотоодын брэнд хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна. БНХАУ-­д хамгийн нэр хүндтэй 10 брэндийн жагсаалтаас буушгүй мэт санагдаж байсан Apple, Nike зэрэг америк компанийг 2019 онд Huawei, дрон үйлдвэрлэгч SZ DJI зэрэг дотоодын үйлдвэрлэгч шахан түрснийг Prophet-­оос жил бүр 13,500 хэрэглэгчийн дунд явуулдаг судалгаа харуулав. Урьд нь 2016 онд Хятадад алдартай шилдэг 50 брэндийн 18 нь дотоодынх байсан бол 2019 онд тал нь болж өсөөд байна.

Очирбат

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих