Наалдан пад, салан пад

Хамтарсан Засгийн газар нэртэй нэг хөнжилд МАН-тай гурван жил хамт хэвтсэн АН-ынхан сугарч гарч ирж амжаагүй байхдаа л хамтрагчаа муулж, хэлэх муу үгээ олж ядаж байна. Огцрох өргөдлөө өгсөн сайд дарга нараас эхлээд жирийн гишүүд нь хүртэл өнөөдөр хамтарсан Засгийн газрыг муулж, Л.Гүндалай тэргүүтэй хүмүүс “Айлын хаяанд нь сууж, хатавчийг нь дэрлэж зовж, шаналж байсан. Долоодугаар сарын 1-ний хэргийг мартуулах, Оюутолгой, Тавантолгойн гэрээг өөрсдөдөө ашигтайгаар хийх, бүтээгдэхүүнийг нь хямд үнээр борлуулаад сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийн эх үүсвэрийг олох зорилгоор Ардын намынхан манай намыг Засгийн газарт гуйж оруулсан” хэмээн ичих ч үгүй ярьж эхэллээ. Ардчилсан намын сайд нарыг чөлөөлөх талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Анх Засгийн газар байгуулагдаж байхад хөөсөн ч гарахгүй гэж Н.Алтанхуяг дарга та хэлж байсан. Бид та нарыг хөөгөөгүй шүү дээ. Яагаад гэнэтхэн гарах болчихвоо” хэмээн асуухад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Наалдан падаар наасан юм шиг байна гэж байхгүй. Хамтраад олон зүйл хийсэн. Нэгнийгээ гоочлоод байх зүйлгүй” хэмээн уурлаж, “наалдан пад ч салан пад болдог л биз дээ” хэмээн бухимдлаа. Хэзээ ч салахгүй юм шиг авирлаж байсан хэрнээ өнөөдөр хэзээ ч нүүр тулж уулзахгүй юм шиг аашлаж байгаа АН-ынхан Хамтарсан Засгийн газрыг муулснаар өөрийнхөө нэр хүндийг шороотой хутгаж байгаагаа төдийлөн сайн ойлгохгүй л байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих