Ядуурал бидний гадаад төрх, эрүүл мэнд, сэтгэлгээний хэв маягт хэрхэн нөлөөлдөг вэ?
-Баяжих нь яагаад тийм хэцүү вэ?-
Хүүхэд нас
Онолын хувьд үнэгүй боловсрол гэдэг хүн бүрийн ирээдүйд нөлөөлөх боломжийг олгодог нийгмийн шат юм. Бидний олонх нь сургалт бол өөртөө оруулах чухал хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Гэхдээ энэхүү нийгмийн шат хүн бүрт зөвөөр хэрэгжих нь үгүй.
Британийн “Англикан сүмийн хүүхдийн нийгэмлэг” сайн үйлсийн байгууллагаас нэгэн судалгаа явуулжээ. Судалгаагаар Их Британийн янз бүрийн хотын 2000 хүүхэд болон тэдний эцэг эхчүүд амьдралын боломжийн түвшин тэдний сурлагад хэрхэн нөлөөлдгийг ярьсан байна. Бага орлоготой гэр бүлд өссөн хүүхдүүдийн талаас илүү хуь нь сургалтад хэрэгтэй ямар нэгэн зүйл гарлаа ч эцэг эхээсээ авч өгөхийг гуйдаггүй гэжээ. Учир нь тэд энэ худалдан авалтаас болж гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орно гэдгийг мэддэг гэсэн байна. Үүний оронд тэд сургалтын материал, хэрэглэгдэхүүнгүйгээр хичээлдээ очихоос өөр аргагүй болдог аж.
Британийн ихэнх сургуульд хоол нь төлбөртэй бөгөөд бага орлоготой өрхүүдийн таван хүүхэд тутмын нэг нь мөнгө хүрэлцэхгүйн улмаас үдийн цайгаа тасалдуулахаас өөр аргагүй болдог гэж хэлжээ. Зарим сургуульд бага орлогото өрхийн сурагчдад үнэгүй хоол өгдөг ч энэ нөхцөл байдлыг хөнгөвчилдөггүй байна. “Ядуус”-т зориулсан үнэгүй үдийн хоол авахын тулд тусгай карттайгаар гуанз орохоос өөр аргагүй болно. Үүнээс болж хүүхдүүдийн 19 хувь нь сэтгэл санааны хувьд эвгүй болох, ичих шинж ажиглагддаг байна. Зарим нь ердийн үдийн цай, сургалтын материалгүйгээс болоод доромжлуулж ч байсан гэжээ.
Зохисгүй хооллолт, хамт олон дундаа таагүй харилцаатай байх, хичээлээ тасалдуулах зэргээс болж сурлагад нь болон танин мэдэхүйн чадварт нь сөргөөр нөлөөлдөг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилснээр сэтгэл гутралд орох, түгшүүрт автах, хамгийн аймшигтай нь амиа хорлоход хүргэдэг аж.
Гадаад төрх
Хүмүүс ямар нэгэн хүний хувцас, гоёлыг хараад түүний хөрөнгө мөнгөний талаар өнгөн (заримдаа худал) дүгнэлт хийх нь бий. Гэхдээ зарим судалгаанаас үзэхэд хүний эд баялгийг илэрхийлэх гадаад бүх шинжийг нь хассан ч хэр хөрөнгөтэй вэ гэдэг нь гадаад төрх, тэр дундаа нүүрэн дээр нь илэрдэг гэнэ.
2017 онд хэсэг судлаачид 81 оюутны дунд туршилт явуулжээ. Оролцогч бүрт 80 эрэгтэй, 80 эмэгтэйн цээж зургийг үзүүлсэн байна. Энэ зураг бүгд хар цагаан бөгөөд ямар нэгэн ээмэг зүүлтгүй, шивээсгүй, хувцасны хэсгийг нь огт үзүүлээгүй байна. Туршилтад оролцогчид хэнийх нь орлого жилийн 150 мянган ам.доллараас их, хэнийх нь 35 мянгаас бага болохыг тогтоох ёстой. Хүмүүс дунджаар 68 хувьд нь зөв хариулт өгсөн нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Харин оюутнуудаас хэн нь баян, хэн нь ядуу гэдгийг яаж таасан бэ гэж асуухад хариулж чадахгүй байлаа. Гэхдээ тэдэнд нүүрний тодорхой хэсгүүдийг үзүүлж эхэлмэгц нүд, ам нь голлох үзүүлэлт болж байжээ. Эдгээр эрхтнээр л оролцогчид хүний хөрөнгө чинээг тааж байсан аж.
Эрдэмтдийн үзэж байгаагаар хангалуун амьдралтай хүмүүс стресст бага орж, эерэг сэтгэл хөдлөл дүүрэн байдаг. Ерөнхийдөө амьдралд ямар хандлагатай байгаагаас шалтгаалан бидний нүүрэнд хувирлын үрчлээс бий болдог байна. Санхүүгийн хангалтгүй байдлаасаа болоод олон жил стресст орсон хүмүүст энэ нь нүүрэн дээрээ илэрдэг гэсэн үг. Туршилтын дараагийн хэсэгт судлаачид аль зураг дээрх хүмүүст ажил санал болгох байсан бэ гэж оюутнуудаас асуужээ. Олонх нь өндөр орлоготой хүмүүсийг сонгож байсан нь санхүүгийн хүндрэлд удаан орсон хүмүүс баяжих боломж бага гэдгийг дахин баталж байгаа юм.
Сэтгэцийн байдал
Хөрөнгө чинээ муутай хүмүүс сэтгэцийн өвчинд нэрвэгдэх эрсдэл илүү өндөр. Энд шалтгаан, үр дагавар байх нь том асуудал юм. Магадгүй сэтгэл гутралтай, айдас түгшүүртэй болон сэтгэл санааны бусад асуудлаас болж тогтвортой ажил олох нь илүү хүнд байдаг ч байж мэднэ.
Энэ асуудлаар дэлхийн хэдэн арван улсад 100 гаруй судалгаа явуулж үзсэн байдаг. Судалгааны 80 хувьд нь бага орлоготой хүмүүст сэтгэцийн эмгэг илүүтэй ажиглагдаж, илүү хүчтэй, удаан илэрдэг гэжээ.
“Мэдээж сэтгэцийн хүндрэлд зөвхөн ядуурлыг буруутгах нь шударга бус хэрэг юм. Үүнд генетикийн болон амьдралд болсон үйл явц ч чухал хүчин зүйлс болдог” гэж Кейптауны их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн салбар дахь бодлогыг судалдаг сэтгэл зүйч Крик Ланд хэлжээ. Гэхдээ ядуурал сэтгэцийн эмгэгт хүргэдэг гэдэг нь судалгааны үр дүнгээр тод илэрдэг үзэгдэл гэдгийг тэрбээр онцолж байна.
Үүний зэрэгцээ Шведийн эрдэмтдийн саяхан явуулсан судалгаагаар сугалаанд хожсон, эсвэл гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон хүмүүс сэтгэцийн болон нойрны эм бэлдмэл хэрэглэх нь эрс багадаг гэж гарчээ.
Генетик
Эд баялгийн түвшин доогуур байх тусам чанартай хоол хүнс хэрэглэх нь бага, эмчилгээ ч сайн хийлгэдэггүйгээс эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс гадна стрессийн түвшин сэтгэцийн байдалд нөлөөлдөг. Гэхдээ судалгаагаар санхүүгийн хүндрэлд орсон хүмүүс генетикийн өөрчлөлтөөс болоод илүү их өвчлөмтгий болдог гэнэ.
Хүний нийгэм-эдийн засгийн статус генүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж болдог. Ген нь дархлааны урвал, мэдрэл, ясны системтэй холбоотой байдаг. Энэ үйл явцыг эпигегез буюу хүний залуу насандаа амссан бүх зүйлээс шалтгаалан тодорхой генүүд “унтарч”, “асах” үзэгдэл гэдэг. Өөрөөр хэлбэл, өндөр болон бага орлоготой гэр бүлд ийм төрлийн гентэй хүүхдүүд төрдөг. Гэхдээ тэд том болоод мөн адил ядуу, эсвэл баян байна гэсэн үг биш. Өсөж том болох орчин хүний геномд нөлөөлөх магадлал 10 хувьтай байдаг аж. Харин стресстэй үед “ассан” генүүд хүнийг зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдар, шизофрени болон бусад өвчинд нэрвэгдэх магадлал өндөр болгодог байна.
Сэтгэлгээний хэв маяг
Америкийн улстөрч Оррин Хэтч 2017 онд нийгмийн хангамжийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа. Тэрбээр мэдэгдэхдээ төрөөс тусламж хүлээж байгаа мэт хуруугаа ч хөдөлгөхгүй суугаа хүмүүст туслахын тулд тэрбум тэрбум доллар үрэх нь хүнд байна гэж байв. Магадгүй тэр орлогын доод түвшинд дассан хүмүүсийг санхүүгийн үнэт зөв сэтгэлгээтэй байдаг гэдгийг тооцооггүй бололтой. Өөрөөр хэлбэл, бидний эд баялгийн түвшин бидний үнэт зүйлс, сэтгэлгээний чадварт нөлөөлдөг байна.
2013 онд Харвард, Принстон болон бусад нэр хүндтэй их сургуулийн хэсэг эрдэмтэд орлогын бага түвшинтэй хүмүүс санхүүгийн асуудлаа шийдвэрлэхдээ сэтгэлгээний асар хүнд ачаалалд ордгийг тогтоосон байна. Энэ нь яг л нойргүй хоносон шөнөтэй адил гэнэ.
Судлаачид хэд хэдэн цуврал туршилт хийж, үүндээ нөөцийн янз бүрийн сан хөмрөгтэй хүмүүсийг оруулжээ. Туршилтын нэг үе шатанд тэднийг “Азын од” хэмээх тоглоом тоглуулсан байна. Энэ үеэр баян хүмүүс нь эргэлддэг тойрогт байгаа тоог амархан олж байсан бол ядуу хүмүүс нь олж чадах нь бага байв. Мөн ядуус тоглоомонд асар их хүч зарцуулж, танин мэдэхүйн хувьд залхах нь илүү байлаа.
Өөр нэгэн тоглоом болох Angry Birds-д ядуу тоглогчид байгаа онохын тулд илүү их хүч зарцуулж байсан аж. Үүний үр дүнд тэд илүү их үр дүн гаргаж, олон оноо авч байлаа.
“Зарим тохиолдолд ядуурал гэдэг хүмүүсийг илүү их үр дүнд хүргэхэд тусалдаг. Гэхдээ энэ бол богино хугацааны зорилгод хамааралтай. Тэд яг одоо өмнө нь үүссэн асуудалд илүүтэй анхаарал төвлөрч чаддаг” гэж судлаачид тайлбарлаж байна. Харин урт хугацааны хандлагад нөөц байхгүйгээс болж ихээр стресст орж, танин мэдэхүйн хувьд ядардаг, мөн яг одоо шийдвэрлэх асуудалдаа хэт төвлөрснөөс илүү алс ирээдүйгээ бодоход саад учирдаг байна.
Ийм байдлаас болж хүмүүс өрнөөс өрийн хооронд амьдарч, яг өмнөө үүссэн асуудлыг шийдвэрлэдэг байна. Харамсалтай нь энэ нь ирээдүйд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хувьд илүү хүнд байдалд оруулдаг. Туршилтын явцад ч энэ нь ажиглагдаж байлаа. Ядуу тоглогчдод явцынхаа дунд амь зээлэх зөвшөөрөл өгөхөд тэд өрөө төлж чадах уу гэдгээ ч бодолгүйгээр энэ боломжоо ашиглаж байв. Тэгээд өр тавьсан хэрнээ өмнө шигээ сайн үр дүн гаргаагүй байна. Тэгэхээр нөөц бололцоо багатай хүн үр ашиггүй, алсаа хараагүй шийдвэр гаргах магадлал өндөр гэдгийг энэ нь харуулж байгаа юм.
“Та бага орлоготой байгаад, санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэх вэ гээд идэвхийлэн бодож байвал өөр асуудалд бүрэн төвлөрч чадахгүй шүү дээ” гэж Британийн Колумбын их сургуулийн сэтгэл судлалын профессор Цзяин Чао мэдэгджээ. Хэсэг оюутнуудад тэрбээр 20 ам.доллар, өөр хэсэгт нь 100 ам.доллар өгчээ. Энэ мөнгөөр ресторанд хоол захиалахыг зөвлөсөн байна. Хоолны цэсэнд хоолны нэрнээс гадна илчлэг нь, мөн доор нь оюутнуудад үзүүлэлт хөнгөлөлт зэрэг багтсан байлаа.
Ингээд туршилтад оролцогчид юунд нь илүү анхаарч байгааг шалгажээ. Чао нүдний хүүхэн харааны хөдөлгөөнөөр шалгадаг технологийг энэ үеэр ашигласан байна. Гэтэл ядуу оюутнууд хоолны нэрийг нь ч бараг харалгүйгээр зөвхөн үнэ дээр нь л анхаарал төвлөрч байлаа. Тэдний олонх нь доор байгаа хямдралыг нь ч анзаарахгүй байв. Цэсээ авмагцаа тэд төсвөө тооцоолж эхэлжээ. Харин баян оюутнууд цэсэнд багтсан бүгдийг тайвнаар судалж байгаад хямдралыг нь ашиглан тэжээллэг хоол сонгож байв.
Хүний чанар
Нэг сайн мэдээ байна. Беркли дэх Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Пол Пифф бага орлоготой хүмүүс ойр тойрны хүмүүсийнхээ зовлон жаргалыг илүү сайн хуваалцах чадвартай гэж үзжээ. Тэрбээр цуврал туршилтаараа оролцогчдодоо “Монополь” тоглоом тоглох хүсэлт тавьжээ. Эхлээд хэсэг тоглогчид илүү их хэмжээний тоглоомон мөнгө, нөгөө хэсэг нь бага мөнгө олгосон байна. Энэ үеэрээ туршилтад оролцогчдыг тоглоом дууссаны дараа тоглоомон мөнгөө жинхэнэ мөнгөөр сольж болно гэж амлажээ.
Тэднээс тоглоомон мөнгөгүй танихгүй хүнд мөнгөө хуваах санал тавихад ядуу тоглогчид баянаа бодвол 44 хувиар илүү мөнгө өгөхөд бэлэн байжээ.
Пифф үүнээс гадна өөр нэгэн зүй тогтлыг олж илрүүлсэн нь тоглоомонд илүү давуу талтай баян тоглогчид ядуугаас илүү түрэмгий байж, чанга ярьж байсан гэжээ. Тоглоомын дараа туршилтад оролцогчид өөрсдийн туршлагаа хэлэлцсэн байна. Үндсэндээ тоглоомонд анхнаасаа давуу эрхтэй оролцсон тоглогчид тоглоомын төгсгөлд илүү их мөнгө хуримтлуулсан байлаа. Гэхдээ тэдний олонх нь азтай байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин ч тэд өөрсдийн дадал, стратеги сэтгэлгээгээр ялж чадсан гэж ярьж байжээ. Энэ нь яг л бодит амьдралтай нийцэж байгаа юм гэж эрдэмтэн мэдэгдэж байна.
Ерөнхийдөө хөрөнгө чинээ ихтэй хүмүүс амжилтаа хичээл зүтгэлийн үр дүн гэж үздэг. Түүнчлэн бага мөнгө олдог хүмүүсийг ийм амжилтад хүрээгүй гэж шүүмжлэх нь их байдаг.
Ядуурал гэдэг сэтгэцийн хүндрэлээс эхлээд нийгмээс тусгаарлагдах, эрүүл мэнд муудах гээд олон асуудлыг ар араасаа дагуулж байдаг үзэгдэл аж. Энэ бүгдийг тэд бие даан даван туулж чадна гэдэг их хэцүү, хэнийг ч үүнд буруутгах билээ.
Эх сурвалж: wonderzine.com
URL: