Эрдэнэсийн сангаас зувчуулсан алт 18 кг-аар тогтохгүй

-ЛУЙВАРТ ЧЕНЖҮҮДИЙГ БУРУУТГАЖ ЭХЛЭВ-

Монголбанкны Эрдэнэсийн сангаас алдагдсан 18 кг алт хэний гараар орж алга болсныг хуулийнхан төв банкныхантай хамтран шалгаж буй талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Энэ хэрэгт Монголбанкны гурван ажилтныг шалгаж байгаад нэгийг нь яллагдагчаар татсан байна. Мөн энэ хэрэгт холбоотой байж болох гурван алтны ченжид эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт сэжигтнээр татагдагчдын тоо нэмэгдэх янзтай байгаа гэнэ. Монголбанкны Эрдэнэсийн сан нь төрийн нууцын зэрэглэлд хамаардаг учир олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй хэмээн хуулийнхан цааргалсан юм. Харин бид дараахь мэдээллийг олж авлаа.

СОРЬЦЫН ЗӨРҮҮНЭЭС ҮҮДСЭН ГОМДОЛ

“Сорьц зөрүүтэй байна” хэмээн нэгэн байгууллага Монголбанкнаас авсан алтныхаа мөрөөр сарын өмнө гомдол гаргав. Тэд зөвхөн Монголбанкинд гомдол гаргаад зогсохгүй олон улсын санхүүгийн байгууллагад мэдээлжээ. Энэ мэдээллийн мөрөөр төв банкны Дотоод хяналт шалгалтын газрынхан Эрдэнэсийн сандаа шалгалт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна. Шалгалтаар гулуузалж, гулдмайлсан алтны сорьц зөрүүтэй болохыг тоггоожээ. Стандарчилал хэмжил зүйн төвийн дарсан сорьц асуудалтай байв уу, Монголбанкныхан сорьцтой алтанд өөр ямар нэгэн үнэт ховор металлд тооцогддог зүйл шургуулав уу гэдэг асуудал дэгдэв.

Бүлэг хүмүүсийн гараар Эрдэнэсийн сангийн алтанд “өөрчлөлт орсныг” тогтоосон байна. Энэ хэрэг явдал саяхнаас бус бүр 2003 оноос эхэлсэн байжээ. Ингээд асуудлыг төв банк дотроо шийдэх аргагүй болсон тул хуулийн байгууллагад хандав. Гэхдээ Эрдэнэсийн сан төрийн нууцад хамаардаг тул шаардлагатай баримтыг Монголбанкны тодорхой эрх бүхий хүмүүс хуулийнханд гаргаж өгөхөөр болжээ.

АЛТ ХУМСАЛДАГ ХАМСААТНУУД

Сорьцын зөрүүнээс алт гаргаж авах аргыг ченжүүдээс сурсан байж болох таамгийг Монголбанкныхан гаргажээ. Шалгалтын явцад Эрдэнэсийн сангийн зарим ажилтан ченжүүдтэй холбоотой болох нь илэрсэн байна. Иймд хуулийнхан эрх бүхий албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авчээ. Тэгээд тус банкны Валютын газрын Эрдэнэсийн санд нягтлан бодогч ажилтай С.Цагаанхүүг гол сэжигтнээр тооцон яллагдагчаар татаж, алтны гурван ченжийг сэжигтнээр татжээ. Одоогоор Стандартчилал хэмжил зүйн төвийн зарим нэг ажилтныг энэ хэрэгт сэжиглэж буй ч хэн нэгнийг цагдан хориогүй байгаа аж. Монголбанкны Валютын газар нь хоёр хэлтэстэй бөгөөд нэгэнд нь Эрдэнэсийн сангийн ажилтнууд ордог юм байна. Энэ санд С.Цагаанхүү нь үнэт ховор металлын нягтлан бодогчийн алба хашдаг аж.

СОСОРБАРАМЫН ЦАГААНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ

Тэрбээр 1956 онд төржээ. Нийслэлийн ерөнхий боловсролын II дунд сургуулийг төгссөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. 1979 онд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд 1980 оноос Улсын банк, 1991 оноос Худалдаа хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж байжээ. 1995-1998 онд Москва хотод Хөрөнгө оруулалтын банкинд хувийн шугамаар ажиллаж байсан байна. 2003 оноос Монголбанкинд Валютын газрын Эрдэнэсийн санд нягтлан бодогчоор өнөөг хүртэл ажиллажээ. Төв банкинд ажиллаж байхдаа хэд хэдэн удаа хуулийнханд дуудагдаж байсан гэх мэдээлэл байна.

АЛТАНД ӨӨР МЕТАЛЛ ХИЙЖ, СОРЬЦОН ДЭЭР НЬ “АЖИЛЛАДАГ” БАЙСАН УУ

Төрийн нууцын зэрэглэлд хамаардаг сангаас дутсан 18 кг алт бол хуулийнханд мэдэгдээд байгаа нь. Өөрөөр хэлбэл 2003 оноос алдагдсан байж болох нийт алтны хэмжээ хэд байсныг таах аргагүй. Тоог нь нарийн гаргах ч боломжгүй тухай эх сурвалж хэлсэн юм. Харин Эрдэнэсийн санд хадгалагдаж буй алтнаас дээр дурдсан хэмжээний алт дутжээ. Энэ нь өнөөгийн ханшаар бодвол улсад 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж буй.

Сэжигтнүүд алтны сорьцоос нь зөрүү гаргадаг байсан аж. Ингэхдээ Стандартчилал хэмжил зүйн төвөөс сорьц тогтоосны дараа алтанд тодорхой хэмжээний мөнгө ч юм уу өөр үнэт металл хийдэг байсан бололтой. Жинлэхээр алтны хэмжээ хэвээрээ ч сорьц нь дутдаг аж. Тухайлбал 999 сорьцтой алтыг 988 болгох маягаар дутаадаг байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл гулууз алтнаас сорьцын зөрүү гарган луйвардаж байсан гэх мэдээлэл байна. Илүү гаргаж авсан алтаа ченжүүдэд өгч тэд нь цааш дамлан борлуулж байсан гэх. Энэ хэрэг явдал эртнээс улбаатай гэдгийг хуулийнхан өнгөрсөн оны тавдугаар сараас гадарлаж байжээ.

САНГИЙН АЛТЫГ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАДАГ БАЙЖ БОЛОХ ТААМАГ

Энэ нь Замын-Үүдэд найман алт гаргах гэж байгаад баригдсан Монгол, Хятадын 4-5 иргэнийг саатуулсан хэрэгтэй холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байна. Тухайн үед тагнуулынхан тэднийг цагдан хорьж, шалгаж байжээ. Сэжигтнүүд хоёр удаагийн үйлдлээр ийм хэмжээний алт гаргахыг завдсан бөгөөд зах зээлийн ханшаар тооцвол 476 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэж байжээ.

Энэ алт Эрдэнэсийн сангаас алдагдсан байх сэжиг хуулийнханд тэр үед олдсон ч тэгс хийгээд нотлогдоогүй өнгөрчээ. Харин сэжигтнүүдээс хурааж авсан алтыг шүүхийн шийдвэр гартал Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулахаар өгч байсан байх юм.

Алт нууж гаргадаг, гаргахыг оролддог явдал нь Монголбанкин алт тушаахад 10 хувийн татвар авдагтай холбон тайлбарладаг хүн их байсан. УИХ-аас зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гэнэтий ашгийн албан татвар буюу 6 хувийн татварыг хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг зогсохгүй байгаа нь Монголбанкинд алт тушаахад 10 хувийн татвар авдагтай холбон үзэж байв. Гэвч үнэн чанартаа Эрдэнэсийн сангаас энэ мэт аргаар зувчуулагдсан алт хилээр гарч байсан байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Төрийн нууцын зэрэглэлд байдаг Эрдэнэсийн санд юу алга болж, дутаж байгааг дотор нь ажилладаг ажилтнууд нь л мэдэхээс төв банкныхан тэр бүр мэдэх боломжгүй байдаг аж.

Г.ЯЛГУУН

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих