СЗХ-ны дарга С.Даваасүрэнд “саарал жагсаалт”-тай холбоотой асуудал дэндүү “ахадна”

qh49Lsm2gxiWCBP2O2MvУИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг хүлээн авч уулзаж, ажлын хариуцлага алдсан учир хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, ажлын хэсгийн шалгалтын үр дүнд хийсэн ажлын тайланг нь сонссоны дараа “Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбарт өсөлттэй, дэвшилт гарсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн. Гэхдээ бид саарал жагсаалтад орсон.Хариуцлага алдсан, улс орны өмнө тулгамдсан асуудал үүссэн учраас Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно” гэсэн юм.

Зарим хүн Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон нь С.Даваасүрэнгийн буруу байсан хэрэг үү хэмээн өмгөөлөх аястай байгаа ч салбарын асуудлыг зохицуулах үүрэгтэй тус байгууллагын хувьд алдаа, дутагдалтай байсаар өнөөг хүргэсэн нь нууц биш.

Тухайлбал, даатгалын компаниудтай холбоотой учир нь үл олдох их хэмжээний мөнгөний урсгал хаашаа чиглээд алга болоод байгааг хэн ч тайлбарладаггүй. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгалын хураамж.

Энэ оны есөн сарын байдлаар л гэхэд даатгалын компаниуд Монгол Улсад жолоо барих эрхтэй 541мянга гаруй жолоочоос албан журмаар 29 тэрбум төгрөг хураасан байдаг. Үүнээс зам тээврийн ослын хохирогчийн нөхөн төлбөрт 8.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нөхөн төлбөрт олгосон мөнгө нийт орлогын 30 хувь гэсэн үг. Гэтэл үлдсэн 70 хувийн орлого хаашаа орчихов гэдэг нь анхаарал татна.

Дээрх их хэмжээний мөнгийг улсын хэмжээнд 15 компанийн 246 салбар, 12 төлөөлөгчийн газар, мөн зуучлалын 30 гаруй компаниар дамжуулан цуглуулдаг аж. Гэвч зуучлагч компаниудад төвлөрүүлсэн нийт орлогынх нь арав хүрэхгүй хувийг өгдөг байна. Энэ хөрөнгөөс хуримтлал, аюулгүйн нөөц сан үүсгэх ёстой. Гэтэл нөөц сан хаана төвлөрч, хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй. Жолоочийн даатгалын санд компаниуд орлогынхоо дөнгөж 1.6 хувийг төвлөрүүлж түүнийг даатгагчдын өөрийнх нь үйл ажиллагааг хөнгөвчлөхөд зориулдаг.

Хэдийгээр даатгалын компани ашгийн төлөө байгууллага ч гэлээ хуулиар тэдэнд ийм үлэмж хэмжээний орлогыг албадан төвлөрүүлдэг гэхээр дэндүү шударга бус санагдана. Уг нь даатгалын компаниуд СЗХ-нд жил бүр тайлангаа хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлэх ёстой ч хуулийн заалт хэрэгждэггүй. Тэр дундаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 26.1-д “Санхүүгийн зохицуулах хороо нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын үйл ажиллагааны нэгдсэн уялдааг хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэж тодорхой заасан байдаг. Гэвч албан журмын даатгалын орлогын хуваарилалт, зарцуулалтыг хэрхэн хянадаг талаар асуухад “дотоод хяналтын хэлтэс хариуцдаг” гэхээс өөр тоймтой, тодорхой хариу өгдөггүй. Товчхондоо хариуцсан байгууллага нь иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлэл өгч чадахгүй “барьцаанд” орчихсон мэт сууж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой хууль хэрэгжиж эхэлснээс хойш даатгалын компаниуд албан журмын даатгал нэрийн дор 160 гаруй тэрбум төгрөг хураан авчээ. Үүнээс хохирогчийн нөхөн төлбөрт, зуучлагч компанийн хөлсөнд 96 орчим тэрбумыг олгож, үлдсэн 65 тэрбум гаруй нь даатгалын компанийн мэдэлд үлдчихсэн байх магадлал өндөр. Ердөө л үүнийг шалгаад, хянаад зохицуулаад байж чадахгүй байгаа газар яаж бүхэл бүтэн улсын санхүүгийн асуудлыг хянан, зохицуулах вэ дээ. Энэ бол ердөө л ганцхан жишээ. Цаашлаад нягталж үзвэл сүртэй нэртэй ч үйл ажиллагаа нь даржин болчихсон энэ байгууллагад өөр ямар асуудал байгаа нь ил болох биз ээ.

Эх сурвалж: essa.mn


URL:

Сэтгэгдэл бичих