Монголын Хятад синдром
Ола Вон – Фар Ийстэрн Экономик Рэвью , 2008-4-20
Дэлхийн ард түмний анхаарал Төвд дэх Хятадын засаглал болон соёлын давамгайллыг эсэргүүцсэн Буддынханы эсэргүүцэл дээр төвлөрөөд байгаа энэ цаг үед Хятадын өөр нэгэн хөрш улс арай аядуу зөөлөн маягаар эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Монголд Хятадын эсрэг үзэл ихээхэн дэлгэрч байна. Хөх Монгол хэмээх хэт үндсэрхэг бүлэглэл хятад эртэй унтсан эмэгтэйчүүдийг үйлдэл дээр нь барьж аван, үсийг нь хусах жишээтэй. Хөх Монголын удирдах зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Гансүрэн хэлэхдээ “энэ нь тэдний өөрсдийнх нь төлөө юм. Жижиг үндэстэн өөрийнхөө цусыг булингартуулалгүй цэвэр байлгаснаар л оршин тогтноно” хэмээж байна.
Гансүрэнгийн хэлж байгаагаар Хөх Монгол нь 2,000 илүү гишүүнтэй гэсэн нь 2,8 сая хүн амтай энэ улсад бага тоо биш юм. Илүү анхаарал татах зүйл нь Гансүрэнгийн хэлсэнээр тус бүлэг нь хүчирхийллийг хориглодоггүйд оршино. Өнгөрсөн зун надад өгсөн ярилцлагадаа тэрбээр хэлэхдээ тус байгууллага нь гардан тулааны сургалт явуулдаг бөгөөд галт зэвсэгтэй болох үүд хаалгатай гэж байсан юм.
Үнэхээр Хөх Монгол бүлэг нь үндсэрхэг үзэлтнүүдийн “сургалт” зохион явуулах хөрөнгө мөнгө босгох хандивыг өргөн олноос гуйж байсан юм. Тэдний гол зорилго нь “Нэг Үндэстэн” хэмээх уриатайгаар монголын арчигдаж мартагдсан соёлын өвийг сэргээхэд чиглэнэ. Намайг Гансүрэнтэй уулзаж байх үед Хөх Монголын удирдагч Хонхэрээдийн Б. Энхбат нь 17 настай охиныхоо найз залууг хөнөөсөн хэргээр хоригдож байсан юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэр хүү нь Хятадад суралцдаг байжээ.
Улаанбаатарын гудамжнаас расизмын хохирогч болсон хятадуудыг олж харахад амархан. Рэндоо хэмээх таксины жолоочийн хэлж буйгаар өчигдөр орой бүлэг залууст зодуулжээ. Шалтгаан нь ердөө хятадын хоёр бизнесмэнийг зөөвөрлөсний төлөө. Хятад зоогийн газрын Ма хэмээх эзэн түүний ресторан луу хүмүүс дайрч орон, эвдэн сүйтгэж, үйлчлүүлэгч нарыг нь сүрдүүлж байдаг тухай өгүүлж байна. “Цагдаа нар ер тоодоггүй. Бүгд л улс төрийн хүчнээр холбогдсон. Телевизээр хятадуудын эсрэг үзэн ядал, хорсолыг чөлөөтэй нэвтрүүлж, хятад хүмүүсийг алах тухай ч ярьдаг” хэмээн тэр хэлж байна.
Монголчууд 1921 онд Хятадуудаас Монгол Ардын Хувьсгалт Намаар удирдуулсан хувьсгалын үр дүнд чөлөөлөгдсөн бөгөөд 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэх болсон. Гэвч удалгүй шинэ Зөвлөлт Холбоот Улсын дагуул улс болж, Буддын лам нарыг алж хороон, Сибирийн шорон луу илгээж, сүм хийдүүдийг устган, угын бичгийг нь гайгүй сайн устгаж чадсан нь эргээд овог үндсээ сэргээх урин цаг ирэхэд ихэнх хүмүүс нь аль хэдүйн овгоо мартсан байх жишээтэй. Монгол бичиг Кирил үсгээр солигджээ. Зөвлөлтийнхөн цагаан архи ба соёлын өөрчлөлтийг авчиржээ. “Коммунизмаас өмнө янхан, шорон, авилгал гэж байхгүй байсан. Бид тийм Монголыг сэргээхийн төлөө” хэмээн Гансүрэн өгүүлж байлаа.
Хятад улс нь Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд эдийн засгийн 8 хувийн өсөлтийн ард байгаа гол хүчин юм. Үүнтэй зэрэгцээд Монголчууд нь үндэс угсаа болон эдийн засгийн хувьд хүчирхэг хөршийнхөө колоничлолд орох вий хэмээн сэтгэл зовж байна. Тэд Хятадын нэгэн аймаг болж, хүмүүс нь монголоороо ч ярьж чадахаа байсан Өвөр Монголын ахан дүүс нарынхаа адил “хятаджих” вий хэмээн айж байна.
Мөн тэд Хятадын засгийн газрын дээрэлхүү бодлогод дургүйцлээ илэрхийлж байна. Монголчууд нь Төвдийн адил Буддын шашинтай бөгөөд Далай ламын тус улсад хийсэн айлчлал Бээжингийн уурыг нь барж байсан. Ажилгүйдэл өндөр хувьтай байгаа хэдий ч тус улсад хятадын 15 000 ажилчид хууль ёсоор ажиллаж байгаа гэх бөгөөд үүнээс илүү хэдэн мянган ажилчид хууль бусаар орогнож байна. Тэд бага үнээр, ихийг хийдэг гэсэн яриа байдаг тул олон ажил олгогч нар тэднийг хөлсөлж авахыг урьтал болгоно.
Хятадын засгийн газар Хөх Монгол болон тэдний үйл ажиллагааны эсрэг албан ёсоор эсэргүүцэл илэрхийлээгүй байна. Тус байгууллагыг Монголын манлай үйлдвэр эрхлэгчдийн нэг Лувсанвандангийн Болдхуягын хэлсэнээр “Наци үзэл баримталсан юу ч хийж чадахгүй хэсэг хэт даврагчид” бөгөөд татан буугдах магадлалтай гэнэ. Монголын нийгэм эрүүлжихэд хятадын эсрэг үзэл бодол дээр суурилсан иймэрхүү үндсэрхэг бүлгийн сэргэлт нь сайн зүйлийг ёрлохгүй нь мэдээж.
Ноён Вон нь Шанхайд суурин суугаа Шведийн сэтгүүлч юм.
Эх сурвалж: Far Easter Economic Review
URL: