Мөнгө угаах нь эх орноосоо урвасан үйлдэл мөн

mungu_ugaah_1

  • Монголд тэмцэж чадахгүй бол олон улсын хориг арга хэмжээ авахуулахаас өөр яалтай 
  • ЖДҮХС гэхэд л УИХ-ын гишүүдийн авсан зээл гэх авлигын гэмт хэрэг байхад, түүний ард санг зохион байгуулалттай босгож, төсвөөс зузаатгал хийсэн мөнгө угаах онц ноцтой хүнд гэмт хэрэг оршиж байгаа юм
  • 1989 онд Париж хотод болсон дээд хэмжээний уулзалтаар дэлхийн мөнгө угаахтай хийх тэмцлийн конвейнц FATF ( Financial Action Task Forte on Monye) гэгчийг зохион байгуулж, улс орнууд нэгдэцгээсэн. Тэнд Монгол Улс байсангүй 
  • Дэлхий дахинаараа мөнгө угаалгатай хатуу тэмцээд, үр дүн гараад ирэхээр, мөнгө угаагчид аргаа нарийсгаж, чемодан, чемоднаар ам.доллар зөөж явдгаа больж, банк санхүүгийн систем рүү нэвтрэн, хулгайгаа албажуулах болсон байна 

FATF манай улсыг саарал жагсаалтанд оруулснаа мэдэгдлээ! Нийгэм саарлаар өвчиллөө, мэдээллийн саарал бүүмд бултаараа орцгоов, саарлын тухай ярихгүй хүнгүй боллоо. Ойлголтын зөрүү ч их байна. Аль жилийн өмнөөс л FATF манайд сануулга өгч эхэлсэн, тэр үед тодорхой арга хэмжээ авахгүй санаатай санаагүй цааргалсаар энэ байдалд орлоо. Мөнгө угаалгын талаар FATF маш хатуу бодлого баримталдаг, аливаа мөнгө угаалга “Их 7”-ийн (G7) нэгдсэн бодлогод харшлаад зогсохгүй заналхийлж байна гэж үздэг, эх орноос урвасанд тооцох тохиолдол ч байдаг юм билээ. Мөнгө угаалгын төвөгтэй механизмыг нилээн хялбаршуулж тайлбарлаад, шуурхай арга хэмжээ авахыг санал болгож асуудал дэвшүүлсэн нийтлэлээ толилуулж байна.

АВИЛГА БОЛ МӨНГӨ УГААЛТ БИШ

Мөнгө угаах гэмт хэрэг нь бидний энгийн ухамсрын түвшинд бодож байгаа ойлголтоос хавьгүй төвөгтэй, орон дамнасан мафи сүлжээ, дэлхийн бохир мөнгөний уурхайгаас асар их хөрөнгө буулгаж байгаа “аймшгийн” хүнд гэмт хэрэг юм. Мөнгө угаах нь эх орноосоо урвасан үйлдэл мөн. Монгол Улсын прокурорын байгууллагаас мөнгө угаах хэмжээний хэргүүдийг авлигын гэмт хэрэг гэж зүйлчлэхээр оролдож байна. Энэ нь Монгол Улсын эрүүгийн хуульд мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл одоогоор тусгагдаагүй, ерөөс мөнгө угаалга гэдгийн үндэслэл, концепци, эрх зүйн маш тодорхой орчин нөхцлийг бий болгоогүй өдий хүрсэнтэй ч бас холбоотой байж болох юм. Иймд, эхлээд авлига, мөнгө угаалгын хооронд ухагда хууны ямар том зөрүү байдгийг мэдэх нь маш чухал юм. Авлига нь торгуулах, сайндаа хэдэн жил суух эрүүгийн хэрэгт хамааруулж болох гэмт үйлдэл, харин мөнгө угаалга нь эх орноосоо урвасан гэж зүйлчлэгдэх хуулийн дээд хэмжээ шаардсан аймшигтай хүнд гэмт хэрэг мөн. Авлигачдыг хулгайч гэж бай, харин мөнгө угаагчдыг бол эх орноосоо урвагчид хэмээн цоллож бай гэмээр санагдана.Мөнгө угаалгын аймшигтай гэмт хэргийн утга агуулгыг гүнзгий ойлгохын өмнө эхлээд “бохир мөнгө” гэгчийн тухай мэдээд авах ёстой юм. Америкт, бохирдсон мөнгийг угааж цэвэрлэн, тушааж ашиг олдог хими цэвэрлэгээ шиг угаалгын машинтай жижиг фирмүүд ажиллаж байсан түүх бий. Гэхдээ, одоогийн мөнгө угаалга гэдэг ухагдахуун тэндээс гараагүй нь мэдээж. Мөнгө угаах гэдэг бол эх үүсвэр нь нуугдмал мөнгө (“бохир”)-ийг гүйлгээнд оруулах санхүүгийн хуйвалдаан бий болох үед гарч ирсэн нэр томьёо юм. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи, алан хядлага, зохион байгуулалттай гэмт хэргүүд хүйтэн дайнтай зэрэгцэн гал авалцаж, ид дүрэл зэж, аливаа улс орон бие даан тэмцэх аргагүйд хүрсэн үед АНУ санаачлан, мөнгө угаалгын гэмт хэргийг эрүүгийн хуулиндаа суулгаж, эрх зүйн орчинтой болохыг улс орнуудад уриалсан байдаг. Мөнгө угаах гэмт хэргийг эрүүгийн хуулиндаа анх оруулсан AНУ, Их Британи, Франц, Герман, Швейцар, Польш гэх зургаан орон дэлхийн банк, санхүүгийн түүхэнд G6 хэмээн нэршиж үлджээ. НҮБ-ын санаачилгаар 1988 онд дэлхийн 106 орны тэргүүн Австрийн Вена хотод цуглан, конгресс зохион байгуулж, 34 зүйл анги бүхий Тунхаг гаргасан байна. 1989 онд Париж хотод болсон дээд хэмжээний уулзалтаар дэлхийн мөнгө угаахтай хийх тэмцлийн конвенц FATF ( Finan-cial Action Task Forte on Monye) гэгчийг зохион байгуулж, улс орнууд нэгдэцгээсэн. Тэнд Монгол Улс байсангүй. Тус конвенцид нэгдээгүй орнуудын “хар жагсаалт” гэгчийг гаргаж, “мөнгө угаах” гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн орон гэж үзэн, өндөр торгууль ногдуулж байх журам тогтоосон. OХУ 2000 онд уг жагсаалтанд орсон боловч 2001 онд “Нийт Оросын банк, санхүүгийн нэгдсэн мониторинг” гэх байгууллагыг нээн зарлаж, мөнгө угаалгатай хатуу тэмцэл явуулах Үндэсний программ гарган хэрэгжүүлж явсаар 2012 онд FATF-д нэгджээ. Монгол Улсад 2017 онд хар жагсаалтын том торгууль орж ирснээр Засгийн газар “түргэн авч” нилээд юм болж байж уг конвенцид нэгдэж орох санкц авсан байгаа, FATF хүлээн авах эсэх нь одоо болтол эргэлзээтэй. Цагийн юманд ач холбогдол өгөхгүй, зарчимгүй хандах нь араасаа том үр хөврөл, хохирол чирдэгийг ойлгосон ганц нэг нь байгаа л байх, зориудаар юм шиг ойлгоогүй яваа нь түүнээс олон.

МӨНГӨ УГААГЧИД БАНК САНХҮҮГИЙН СИСТЕМД НЭВТРЭН ХУЛГАЙГАА АЛБАЖУУЛАХ БОЛЛОО

Дэлхийн санхүүгийн G6 (ОХУ нэгдсэнээр G7) орнуудын эрүүгийн хуулиндаа нэмэлтээр тусгасан мөнгө угаах гэмт хэргийн зүйл ангиудыг сонирхож үзлээ. Улс орнууд нийтдээ бохир мөнгөний эх үүсвэрүүдийг тов тодорхой заасан байдаг. Хар тамхи, татвараас зайлсхийсэн бүх орлого, эх үүсвэр нь далд, ойлгомжгүй, санхүүгийн хяналтын гадуур, тайлан мэдүүлэгт тусгаагүй буюу багасгаж тусгасан хөрөнгө зэрэг нь “хар эх үүсвэр” буюу “бохир мөнгө” гэж тооцогддог юм байна. Дэлхий дахинаараа мөнгө угаалгатай хатуу тэмцээд, үр дүн гараад ирэхээр, мөнгө угаагчид аргаа нарийсгаж, чемодан, чемоднаар ам.доллар зөөж явдгаа больж, банк санхүүгийн систем рүү нэвтрэн, хулгайгаа албажуулах болсон байна. Үүнийг “хар мөнгөний ил гарах сувгууд” гэж нэрлэдэг болжээ. Энэ нь, банк, даатгалын систем, хөрөнгө оруулалт, хуурамч гарын үсэг, баримт, гэрээний үйлдэл, хөрөнгө обьектын хувьчлал зэрэг юм. Оффшор данс бол хамгийн том нуувч, дэлхийн бүх мөнгөний гурав хуваасны нэг нь тэнд байна. Оффшор ч бас л хоёр талтай. Дэлхийн санхүүгийн системийн хяналтанд байдаг “оншор данс”-ны юрисдикцыг Монголд байгуулаад Оюутолгой зэрэг том том ордуудын орлогыг тэнд эргэлдүүлсэн ч болно шүү дээ, яагаад болохгүй гэж…

МӨНГӨ УГААЛТЫН ЦААНА “АЙМШГИЙН” ИХ МӨНГӨ ЭРГЭЛДДЭГ

Орчин үед, FATF-ын хамгийн их анхаарал татаж байгаа бүс, обьект бол хуучин социалист системийн орнууд мөн. Учир нь асар их хөрөнгө нийгмийн гэх эзэнгүй субьектээс хувьд шилжсэнтэй холбоотой байх. “Чөтгөр мөнгө хулгайлахыг заахаас хаана нуухыг заадаггүй” гэдэг нь үнэн ажээ. Мөнгө угаах боломжтой талбар гэж байдаг, АНУ-д гэхэд тэр нь 400-500 тэрбум ам.долларын хүрээнд эргэлдэж байна. Монголынх 20 тэрбум хавьцаа гэсэн баримжаа байгаа. Социалист системтэй байсан орнуудынх асар их. Балтикийн эрэг хавийн гурван орны (Эстон, Латви, Литва) ерөнхийлөгч асан нарын бүлэглэлийн угаасан мөнгөний “хар нүхэнд” 200 тэрбум ам.доллар хуримтлагдсан нь илэрч “Данскогэйт”-ын (Dansko bank) дуулиант хэрэг дэгдсэн байдаг аж. Ийм их мөнгөтэй хувь хүн байлаа гэхэд, ухаандаа, Apple фирмийг худалдаж аваад, Их Британы бүх гадаад өрийг төлөөд, дэлхийн зуны нэг олимп, хөл бөмбөгийн дэлхийн аварга нэгийг ивээн тэтгээд, цаана нь зартай баян хэвээр үлдэж болох жишээтэй л юм. Гэхдээ энэ нь “соц” байсан орнуудын угаасан мөнгөний дөнгөн данган таван хувь гэж байгаа, тэгэхээр ямар “аймшгийн” их мөнгөний тухай яриа болох нь ойлгогдож байна. Эндээс харахад, эх орноосоо урвагч хэмээн үзэж, эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахыг тулган шаардах нь зүй ёсны юм. Мөнгө угаагчийг эх орноосоо урвагч гэж үзэхийг Лондоны Саммитаас зөвлөмж болгосон байдаг. Мөнгө угаах гэмт хэрэг нь мөнгө байршуулалт, зузаатгал (интеграц), ашгаа хувааж авах (профит) гэсэн гурван үе шатыг дамжина. Профит гэдэг нь двидентын ашиг биш, миний байнга ярьдаг “надад юу оногдох вэ” гэдэг хөгийн, хогийн зарчим юм. Яг энэ шатанд маргаан үүсч, биесээ хөнөөх нь энүүхэнд (мафийн сүлжээ шүү дээ, тэдний интеграц өвөрмөц онцлоготой). Улс төржүүлж болдоггүй, учир начрыг нь тунгаалгүй шуугиан дэгдээж бас болдоггүй, маш төвөгтэй гэмт хэрэг бол мөнгө угаалга. Монголын мөнгө угаалга, гадаад, дотоод гэсэн хоёр хүрээнд явагдаж байна. Тухайлбал, Оюутолгойн мөнгө угаалга хилийн чанадад явагддаг, орлогоос нь хувь хүртэнэ гэсэн үг. Орлого нь хилийн гадуур эргэлдэж байдаг, мониторинг хийх боломжгүй, Монголбанканд оруулж ирэхээр манай Засгийн газар хөөцөлддөг ч ОУВС тээг болдог, бүх юм хулгайн механизмаар хэрэгждэг. Дотоод гэдэг нь уул уурхайн 400 орд, дээр нь бас тусгай сангууд байна. ЖДҮХС гэхэд л УИХ-ын гишүүдийн авсан зээл гэх авлигын гэмт хэрэг байхад, түүний ард санг зохион байгуулалттай босгож, төсвөөс зузаатгал хийсэн мөнгө угаах онц ноцтой хүнд гэмт хэрэг оршиж байгаа юм.

УРД ХӨРШ АВЧИРЧ ЦААЗАЛДАГ, ХОЙД ХӨРШ ОЧООД “НУХЧИХДАГ”

Цэрэг дайны ойлголттой хольж хутгах хэрэггүй. Эх орноосоо урвагчид гэдэг нь орчин цагийн үзэл баримтлалаар, улс орны ҮАБ-д эргэж нөхөгдөшгүй хохирол учруулсан “новшнууд” (мерзавец)-ыг хэлнэ. Манай хойд хөрш ингэж тодорхойлсон байна. Ер нь манай хоёр хөрш эх орноосоо урвасан гэмт хэрэгтэй маш сайн тэмцэж байгаа. ШХАБ-ын хүрээнд мөнгө угаалгатай тэмцэх FATF-ын салбар конвенц байгуулах асуудал яригддаг, манай улс санаачлагчаар орох саналаа өгөөд, Зөвлөлийн захирлуудын газрыг Улаанбаатарт оффистой байхаар санал гаргавал маш том шат ахилт болно гэж боддог. Монгол Улс, FATF-ын хар жагсаалтын торгуулийн хэмжээг хөнгөлөх талын нөхцөл хөөцөлдөж олж авсан болохоос торгууль хүлээх нөхцлийг арилгаж чадаагүй яваа, үүнийг ард түмнээс нуух ямар ч үндэслэл байхгүй. Дараагийн том торгууль орж ирлээ гэхэд Монгол Улсын ядруу эдийн засаг даахгүй, тэгэхээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авах л ёстой. Эх орноосоо урвагчдыг урд хөрш хаа байгаа газраас нь тэмтэрч олж ирээд цаазалчихдаг, харин хойд хөрш маань хаа байгаа газарт нь хүрч очоод нухчихдаг юм. Эх орноосоо урвагчид гэдгийг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Англид (high treason) эзэн хааны зарлиг зөрчсөн, АНУ-д Үндсэн хууль зөрчсөн, эсвэл хувьдаа буруугаар урвуулан ашигласан бол эх орноосоо урвасан гэж үзнэ. АНУ-ын хуульд, эх орноосоо урвасан этгээдүүдийн бүх эрхийг, түүний дотор өмчлөх эрх, тэр ч байтугай амьд явах эрхийг нь онцгой нөхцөл хэмээн үзэж, хасахаар заасан байдаг юм байна. OХУ-д авлигын хэргийг мөнгө угаасан хэргээс өөр хуулийн заалтаар зүйлчлэн шийтгэдэг. А.Хорошовинг 2015 онд “ОХУ-ын Ерөнхийлөгчийн итгэл алдсан” хэмээн буруутгаж баривчлан, авлигын хэргийг нотлон, 2018 онд 18 жилээр тасалж, 500 сая рублийн торгууль ноогдуулсан байна. Гэрээс нь 800 төрлийн үнэт эдлэл, түүний дотор 36 сая рублийн үнэтэй үзэг гэх мэт эд зүйлс, мөн тэрбум рубль бэлнээр хадгалж байсныг хураан авч, улсын орлого болгосон байдаг юм. Эх орноосоо урвагчдын ганц нэг жишээ хэлэхэд ойр дотнын бүх ах дүү нарын хамт алагдсан урвагч С.Скрипалийг дурдаж болох юм. “Бид өршөөсөн, шорон гяндангаас сулласан, гэтэл тэр эх орноо худалдсаар байсан, үүнийг юу гэж ойлгох вэ. Тэр бол эх орноос урвагч” гэж В.Путин түүний тухай хэлсэн байдаг. Мөн Березовскийн хөлсний байранд тарчилж үхсэн Литвиненко байна. “КГБ алсан уу, үгүй юу гэдэг нь чухал биш, нотлогдохгүй, харин нэг ч гэсэн урвагч далд орсон нь нэн чухал юм” гэж Оросын тагнуулын албаны оффицер хэлсэн байдаг. Онц ноцтой гэмт хэрэг хариуцсан, хошууч генерал А.Н.Севастьяновын “хар жагсаалт” хэмээх бичиг баримт алдагдсан шуугиан нэг хэсэг дэгдсэн. Гэхдээ, “Хар жагсаалтанд 15 этгээдийн л нэр байгаа, ихэнхи нь алагдсан, тийм их чухал сонирхолтой байгаа бол дэлгэж харуулъя” гээд Путины зарлигийг ил болгосон. Уг жагсаалтад 150 этгээдийн нэр багтсан байсан юм. Хөршүүд маань эх орноосоо урвагчидтай ингэж тэмцдэг. Харин Монголд тэмцэж чадахгүй бол олон улсын хориг арга хэмжээ авахуулахаас өөр яалтай. Харамсалтай нь мөнгө угаалттай тэмцэхийг хүсээгүй (магадгүй өөрсдөө мөнгө угаагч) төрийн өндөр албан тушаалтнуудын лайг иргэд нуруундаа үүрэх нь гарцаагүй билээ.

И.Цэрэнхүү

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих