Өвлөгдсөн өр
- Хүү буурснаар зээл авах нь улам ихсэнэ. Ингээд дахиад л өнөөх өрийн дарамтаас өндөр настнууд ангижрахгүй амьдрах нь
- Баялгаас хувь хүртээж гийгүүлэхгүй юмаа гэхэд хамтын тэтгэвэртэй болгочихвол иргэдэд оруулж буй том хөрөнгө оруулалт болно
- Бусад улс орны иргэд тэтгэврээрээ дэлхийгээр аялж, амарч байхад манай улсын өндөр настнууд зээлийн хүлээсэнд өдөр хоногийг өнгөрөөдөг
Өндөр настан Б нас барсан хөгшнийхөө тэтгэврийн өрийг өөрийнхөө тэтгэврээр дарах гэж идэх хоол, өмсөх хувцсаа авах тэнхэлгүй сууна. Түүн шиг өртэй үлдээсэн нэгнийхээ зээлийг төлж яваа өндөр настнууд цөөнгүй бий. Зарим залууст ч тэтгэврийн зээлийн өвлөгдсөн өр эдийн засгийн дарамт болж буй. Өдгөө 40 гарч яваа залуу ээжийнхээ тэтгэврийн таван сая төгрөгийн өрийг дарах гэж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж явна. Түүний ээж хорт хавдраар өвчилсөн тул тэтгэврийн зээл авч эм, тариагаа залгуулсаар, сайн гэсэн бүгдийг авч хэрэглэсэн ч тусыг олохгүй байсаар нас эцэслэсэн юм. Ингээд гурван хүүхэд нь таван сая төгрөгийн тэтгэврийн өртэй үлдсэн ч нэгээс бусад нь амьдралын боломжгүй гэх шалтгаанаар төлсөнгүй. Иймээс залуу талийгаач ээжийнхээ үлдээсэн өрийг дарахаар өдөр, шөнөгүй зүтгэх болжээ. Ийм залуу гэр бүл хөдөөд ч цөөнгүй байна. Өвөрхангай аймгийн иргэн 45 настай О-гийн хувьд тэтгэврийн өрөнд гурван жилийнхээ орлогыг тушаажээ. Тэрбээр элэгний хорт хавдраар өөд болсон ээжийнхээ тэтгэврийн зургаан сая төгрөгний өрийг жижиг бараа заран байж, арай ядан төлж дуусгаснаа учирласан. Өрх толгойлсон гурван хүүхэдтэй эмэгтэй О-гийн хувьд өвлөгдөж үлдсэн өр хүнд ачаа байсныг хэллээ. Тэтгэврийн зээлтэй нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл авахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт албан бичиг явуулсан боловч тодорхой мэдээлэл байхгүй гэсэн тайлбар өгсөн юм. Мэдээлэл хүссэн албан бичгийг хоёр сар хав дарсны эцэст манай байгууллага мэдээлэл гаргаж өгөх боломжгүй гээд буцаав. Монгол Улсын төрийн байгууллага өнөөдөр иймэрхүү байдлаар ажил албаа явуулж буй нь тун эмгэнэлтэй. Манай улсад өдгөө 409 мянган хүн тэтгэвэр авдаг гэсэн статистик бий. Тэдний тал хувь нь буюу 231,400 нь тэтгэврийн зээлтэй амьдарч байна. Банкуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн мөнгөн дүнг харвал 680.9 тэрбум гэсэн тоо дурайж байх юм. Энэ бол нэг ёсондоо хүү нь өссөн дүнгээрээ харагдаж буй байдал. Дийлэнх нь дунджаар 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэртэй. Ийм хэмжээний тэтгэвэртэй хүмүүст зээлийн хүү нь арай л чанга санагддаг аж. Тэглээ гээд яахав амьдралын шаардлагаар зээл авахад хүрдэг байна. Тэтгэврээ зээлчихээд төлж чадалгүй хорвоог орхих нь энүүхэнд. Уг нь төр засаг иргэдэд ээлтэй, олигтойхон бодлоготой байсан бол өнөөдөр тэтгэврийн зээл өвлөгдөж үлдэхгүй байх байв. Учир нь 2016 оны есдүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон “Хамтын тэтгэврийн тухай” хуулийг баталсан бол өдгөө зарим өрхөд тэтгэврийн өр тэгтлээ дарамт болохгүй байлаа.
ХӨСӨР ХАЯГДСАН ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ЭРГЭН ХАРААЧ ГИШҮҮД ЭЭ
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хууль монголчуудад нэн шаардлагатай байгаа юм. Тус хуулийн төсөлд гэр бүлийнхэн хэн нэг нь нас барсан эхнэр болон нөхрийнхөө тэтгэврийг үргэлжлүүлэн авч болохоор заалт оруулсан нь олон нийтэд ихээхэн таалагдсан. Хамтын тэтгэврийн хууль байсан бол адаглаад л эхнэр эсвэл нөхрөө нас барснаас хойш таван жил тэтгэврийг нь үргэлжүүлэн авах бололцоотой. Энэ бол тэтгэврээ таван жилээр зээлээд хорвоог орхисон хань ижлийнх нь өрийг өлхөн дарах хугацаа. Өрөөлийн үлдээсэн өрөнд дарлуулж өөрөө ч эмний мөнгөгүй суугаа хөгшчүүлийн ачаанаас ихээхэн хөнгөлөх хууль байв. Гэвч иргэдэд ээлтэй, таатай бүхнийг баллуурдах дуртай гишүүд хуулийн төслийг дэмжилгүй хогийн саванд шидсэн. Төрийн түшээд зөвхөн өөрсдөдөө ээлтэй хуулийг баталж, иргэдэд таатай гэснийг нь хөсөр хаядаг болоод удлаа. Төсөвт хүндрэл учирна гэсэн шалтгаар уг хуулийн төслийг дэмжээгүй. Өөрсдөө болохоор хэдэн арван тэрбумаар халаасалчихаад иргэдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх сэтгэл алга. Уул уурхай, газрын баялаг ихтэй Монгол Улсад иргэд нь сэтгэл өег амьдарч болмоор. Баялгаас хувь хүртээж гийгүүлэхгүй юмаа гэхэд хамтын тэтгэвэртэй болгочихвол иргэдэд оруулж буй том хөрөнгө болно. Хэрэв төр нь шударга тогтолцоотой бол хүн насанд туршдаа хөдөлмөрлөж, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийнхээ хуримтлагдсан дүнгээс тэтгэвэр авдаг болмоор байна. Мартагдсан хуулийн төсөлд ийм заалт ч мөн багтсан байсан юм. Иргэдэд хэрэгтэй хуулийн төслийг урж шидчихээд хүүг нь бууруулсан болоод өнгөрч байна. Хүү буурснаар зээл авах нь улам ихсэнэ. Ингээд дахиад л өнөөх өрийн дарамтаас өндөр настнууд ангижрахгүй амьдрах нь. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бол тийм ч оновчтой шийдэл биш. Тэтгэврийн зээлийг огт өгөхийг болиулах хэрэгтэй гэж судлаачид хэлдэг. Энэ талаар хамгийн их ярьдаг хүн бол эдийн засгийн ухааны доктор, профессор, багш Л.Оюун. Тэрбээр тэтгэврийн зээл өгөхөө зогсоохгүй бол ахмадууд хүчирхийлэлд өртөж байна гэж анхааруулдаг. Үр хүүхдүүд нь ажилгүй бол аав, ээжийнхээ тэтгэврийн зээлээр амьдардаг гэсэн судалгааг ч гаргаад байгаа. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах хэр оновчтой вэ. Хэдийгээр ахмадуудыг харж үзсэн мэтээр харагдаж буй ч цаад хоруу чанар, бэрхшээл нь улам л даамжирна гэсэн үг. Зээлийн хүү буурлаа гээд дор хаяж л таван жилээр тэтгэврээ зээлнэ. Ингээд өрөө барагдуулж чадаагүй байтал “өнхрөөд өгдөг”. Ард нь үлдэгсэд нь өрийн дарамттай амьдрах шаардлага тулгардаг. Ийм л замыг төр иргэдэд тавьж өглөө. Судлаачийн хэлж буйгаар тэтгэврийн зээлийг өгөхөө больчихвол ядаж л үр хүүхэд, хань ижил нь зээлгүй үлдэх юм даа. Бусад улс орны иргэд тэтгэврээрээ дэлхийгээр аялж, амарч байхад манай улсын өндөр настнууд зээлийн хүлээсэнд өдөр хоногийг өнгөрөөдөг.
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ШУДАРГА ТОГТОЛЦОО НИЙГЭМД ҮГҮЙЛЭГДСЭЭР
Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиа эргэж харах шаардлага тулгарч байна. Нэгэнт өртэй хүн нь хорвоог орхиод байхад тэтгэврийн өрийг улс хуулиар зохицуулж яагаад болохгүй гэж. Өр нь өвлөгддөг хэрнээ орлогыг нь өвлөж болдоггүй нь хачирхалтай. Нэрийн дансанд 2016 оны байдлаар таван их наяд төгрөг байна гэсэн мэдээлэл чих дэлсээд өнгөрсөн. Гэтэл өнөөдөр энэ данс хоосорсон гэсэн гунигтай мэдээ хүмүүсийн итгэлийг “унтрааж” буй. Шийдье гээд шийдэл хайвал хуулаад ашиглах шилдэг туршлага дэлхийд цөөнгүй бий. 20,30 жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэж чадалгүй өөд болж буй хүн олон байна. Эд нарын нийгмийн даатгалд төлсөн шимтгэл улсын орлого болоод л үлдэж байгаа шүү дээ. Хэн нэгний хөдөлмөрлөснийхөө төлөө төлсөн шимтгэлийг улс орлогоо болгоно гэдэг эрүүл тогтолцоо биш баймаар. Нэг ёсондоо улс завшиж байна гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.
231,400 ахмад настан тэтгэврийн зээлтэй амьдарч байна
Иймээс л нийгмийн даатгал хийгээд тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Сонгууль болохоор ард түмэнд таалагдах гэж элдэв худал амлалт өгдгөө одоо улстөрчид болих хэрэгтэй. Ерөнхийлөгч нь хүртэл ард түмний банкны өрийг тэглэнэ гэж популист амлалт өгдөг гажиг үзэгдэл Монголд л байна. Ингэж сонгууль дөхөхөөр жижиг сажиг зүйлээр хуурахаас илүүтэй бодит амьдралд нэмэр тус болохоор хуулийг баталж өгвөл иргэдийн улс төрд итгэх итгэл дээшилнэ. Дэлхийн бусад улсуудад тэтгэврийн тогтолцоо нь иргэддээ ээлтэй байдаг юм билээ. Дани, Норвеги, Швед зэрэг улс иргэддээ хамгийн ээлтэй тэтгэврийн тогтолцоотой улс орнуудыг манлайлж байна. Харин манай улс сураггүй байгаа юм. Өргөн уудам нутагтай хүн ам цөөтэй улсад иргэд нь ядуу тарчиг, өрийн дарамтгүй амьдарч болмоорсон. Гэтэл өдөр ирэх тусам л амьдрал дордоод байх юм. Төрийн эрх баригчид зөвхөн сонгуулиар л иргэдэд тал засаж дулдуйддаг. Саарал ордонд суусан хойноо ор тас мартдаг энэ жишиг хэзээ орхигдох бол. Улс орон, ард иргэдээ гэсэн сэтгэлтэй хүмүүс төрийн толгойд гарсан цагт түмний нуруу тэнийх биз ээ.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL: