Гишүүнийг эгүүлэн татах заалт “молиго үмхүүлж” байна

undsen_huuli_1

  • Гэмт хэрэгт холбогдсон гишүүний эрхийг шууд түдгэлзүүлдэг болох хүслийг мушгин гуйвуулжээ
  • Цэцээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөнийг тогтоож, дүгнэлтээ парламентад хүргүүлэх боловч УИХ Цэцийн дүгнэлтэд бус зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд “анхаарлаа хандуулах” заалт УИХ-ын тухай хуульд байгаа

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-­ын гишүүнийг эгүүлэн татах гэж байгаа нь орсон нь “бахархам” амжилт гэж эрх баригчид сурталдаж байна. Гэвч өнгөн дээрээ өөрчлөх дүр эсгэх атлаа хөрсөндөө чанарын ялгаагүй заалт оруулжээ.1992 оноос мөрдөж буй эцэг хуульд “УИХ-­ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-­ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт бий. Харин одоо хэлэлцэж буй төслөөр тус заалтыг “УИХ-­ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-­ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-­ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж өөрчлөхөөр төлөвлөж байна. Гишүүдийн өргөн барьсан төсөлд анхнаасаа гишүүнийг эгүүлэн татах заалт байгаагүй. Харин өнгөрсөн зун гишүүд тойрогтоо ажиллаж ирээд дээрх заалтыг нэмэхээр болсон. Магадгүй иргэд тэднийг шахаж шаардаа биз. Тэгэхдээ тэд УИХ-­ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгадаг болгохыг л хүссэн. Мөн прокуророос хууль зөрчсөнийг нь тогтоогоод яллах баримттай оруулж ирээд байхад ЖДҮ таван гишүүнээ хаацайлаад бүрэн эрхтэй нь үлдээчихдэг учраас олон нийт ийм заалтыг хүсэмжилсэн хэрэг. Харамсалтай нь иргэдийн хүсэлтийг тусгасан нэрээр өмнөхөөс ялгарахгүй өөрчлөлт оруулахаар зэхээд байгаа нь энэ. Хуучин заалтын өмнө “өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн тохиолдолд” гэсэн “угтвар” оруулсан нь “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэх афоризмтай л тохирч байна. Үүнийг тайлбарлахын тулд уих­ын гишүүний тангараг хийгээд парламентын гишүүний үндсэн хууль зөрчсөн Цэцийн дүгнэлтийг парламент хэрхэн шийдвэрлэх ёстойг сөхөж харъя. УИХ-­ын тухай хуулийн 6.2­т заасны дагуу гишүүд “Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор гишүүн төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэвч иргэдээсээ илүү хууль зөрчдөг гишүүдэд хариуцлага тооцох механизм алга. Уг нь тангарагтаа үнэнч байхыг шаардсан заалтууд УИХ-­ын тухай хуульд олноороо бий. Харамсалтай нь өргөсөн тангаргаасаа няцсаныг тогтоох заалт аль ч хуульд байхгүй учир гишүүнийг эгүүлэн татах энэ үндэслэл мухардмал юм. Мөн УИХ-­ын гишүүнийг үндсэн хууль зөрчсөнийг тогтоох үйл явц ч нийт гишүүдийн “хүн чанар”­-аас шалтгаалах хуулийн зохицуулалттай. Цэцээс УИХ-ын гишүүн үндсэн хууль зөрчсөнийг тогтоож, дүгнэлтээ парламентад хүргүүлэх боловч УИХ Цэцийн дүгнэлтэд бус зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд “анхаарлаа хандуулах” заалт УИХ-ын тухай хуульд байгаа. Цэц ч тус заалтыг зөв гэж 2008 онд гаргасан тогтоолдоо тодорхой дурджээ. Тухайн үед иргэн Н.Хайдав УИХ-­ын дарга, гишүүдийг хууль зөрчсөн талаар Цэцийн дүгнэлт гарчихаад байхад парламент дүгнэлтийг нь хэлэлцэлгүй, зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар УИХ-­ын тухай хуульд заасан нь үндсэн хуулийн шударга зарчимтай зөрчилдөж байна гэсэн утгатай өргөдөл гаргаж байв. Харин түүний хариуд парламентаас “УИХ-­ын гишүүн үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлаар Цэц дүгнэлт гаргаж УИХ-д оруулна. Харин дүгнэлт гарсныг үндэслэн УИХ-­ын гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ өөрийн бүрэн эрхэд хадгалан шийдвэрлэдэг байхаар үндсэн хуульд тусгажээ” хэмээжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж Цэц тогтоож, дүгнэлт гаргасан ч шийдвэрлэх эрх нь халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний бодлоос шалтгаалах аж. Улмаар хууль зөрчсөн УИХ-ын гишүүний хувь заяа нийт гишүүдийн хүн чанараас шалтгаална гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд прокурорын зүгээс яллах дүгнэлттэй танилцуулсан гишүүний эрхийг түдгэлзүүлсэн асуудалд хууль биш “хүн чанар” дийлснийг бишгүй харсан. Иддэгээрээ ижилсэж, хумсалдгаараа хуйвалдан тохой залгаж суугаа тэдний хувьд нэгнээ прокурорт өгчихвөл маргааш нь өөрөө ороогдох тавилан хүлээж байгаа учир хамгаалж гарах нь Цэцийн дүгнэлтээс чухал. Ийм нөхцөлд төслийн заалт төлөвлөснөөрөө батлагдвал чанарын өөрчлөлт гарахгүй нь. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс, амжилт ололт гэж хөөрцөглөх нь ч иргэддээ “модон морь унуулж, молиго үмхүүлж” байгаагаас юуны ялгаа. Нөгөөтэйгүүр нэгэнт л “Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалтаар эрхэнд нь халдахаас хойш “өргөсөн тангаргаас няцаж үндсэн хууль зөрчвөл” гэх угтвар зүүж иргэдээ хуурах шаардлага байсан ч юм уу. Түүний оронд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон л бол шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгах боломжийг хуулийнханд өгсөн бол “загатнасан газар маажих” шиг оновчтой болох байлаа.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих