8 аймгийн төвийг хотын статустай болгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг асуудал дээр зарим гишүүд эсрэг байр суурь илэрхийлсэн юм. Тухайлбал, бүх аймгийн төвийг улсын зэрэглэлтэй хот болгох нь буруу. Хэрэв ингэвэл аймгийн төвүүд дэх сумын статус нь хотын статустай давхацна гэж  байлаа.

Мөн сумын тамгын газар, хотын захирагчийн алба, аймгийн тамгын газар, хотын захирагчийн алба гээд давхардсан удирдлага гарч ирнэ гэсэн юм. Гишүүдийн зүгээс энэ мэт санал гарсан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төсөл дэмжигдэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэхээр боллоо.

Дашрамд дурьдахад, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Хархорин, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэл бүхий хот болгоно гэж тусгасан байгаа юм. Энэ дагуу Засгийн газраас дээрх хотуудыг болон бүх аймгийн төвийг улсын зэрэглэл бүхий хот болгох хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцэх хүсэлт гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих