Дэлхийн ирээдүйн эдийн засгийг тодорхойлогч 20 улс

World_Economy_Growth_2019Олон улсын худалдааны бууралт, хэтийн тодорхойгүй нөхцөлөөс шалтгаалж дэлхийн эдийн засаг ирэх таван жилд өнөөгийнхөөс сул өсөх төлөвтэй болсныг олон улсын Валютын Сангаас (ОУВС) гаргасан шинэ судалгаа харуулав. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ойрын хугацаандаа үр­гэлжлэн удааширч, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөд өнөөгийнхөөс бага жин дарна. Дэлхийн ДНБ-­д БНХАУ-ын эзлэх хэмжээ 2018-­2019 онд 32.7 хувьтай байсан бол 2024 он гэхэд 4.4 хувиар буурч, 28.3 хувь болно. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ жил гурван хувь болж буурахаар байгаа нь санхүүгийн хямралаас хойших хамгийн сул өсөлт юм. Энэхүү сулрал манай гарагийн эдийн засгийн 90 хувьд нь сөргөөр нөлөөлнө хэмээн ОУВС үзэж байна. Өдгөө ямар ямар улс дэлхийн эдийн засгийн гол тоглогч болж байна вэ? Таван жилийн дараа дэлхийн эдийн засгийн өсөлтөд аль улсууд гол үүрэг гүйцэтгэх бол? Bloomberg энэ хоёр асуултын хариуг олохоор ОУВС-гийн статистикт худалдан авах чадварын харьцааг (PPP – Purchasing Power Parity) харгалзаж үзсэн таамаг тооцоо гаргалаа. АНУ таван жилийн дараа ч дэлхийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байх боловч хоёрдугаар байраа Энэтхэгт алдаж, гурав жагсах юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 13.8 хувийг эзэлж буй АНУ 2024 онд ердөө 9.2 хувьтай болно. Өдгөө 13.5 хувьтай Энэтхэг мөн хугацаанд АНУ-­ыг гүйцэж, 15.5 хувийг эзэлдэг болно. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд 3.9 хувьтай Индонез 2024 онд багахан буурч, 3.7 хувийг эзэлдэг болох ч одоогийн дөрөвдүгээр байраа хэвээр хадгалах нь. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн есөн  хувь нь оногдож буй Их Британи Brexit­-ийн улмаас 13 дугаар байр хүртэл ухарна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд хоёр хувийн нэмэр оруулж буй ОХУ таван жилийн дараа ч адил хувьтай байх юм. Гэхдээ ОХУ мөн хугацаанд Японыг шахаж, дэлхийн эдийн засагт тэргүүлэх хувь нэмэртэй тав дахь улс болно. Энэ жил тавдугаарт яваа Япон улс 2024 он гэхэд бүр есдүгээр байр хүртэл ухарна. Бразил улс одоогийн 11 дүгээр байрнаасаа зургадугаарт орж ирнэ. ХБНГУ 1.6 хувьтайгаар долдугаар байраа хэвээр хадгалах юм. Таван жилийн дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөл­гүүр болох 20 улсын жагсаал­тад Турк, Мексик, Пакистан, Саудын Араб шинээр нэмэгдэж, Испани, Польш, Канад, Вьетнам жагсаалтаас хасагдана хэмээн ОУВС таамаглажээ.

Очирбат

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих