Эдийн засагт сөрөг нөлөөлөлгүйгээр зээлийн хүүг яаж бууруулах вэ?

6487

Зээлийн хүүг шууд хуульчлан огцом бууруулвал хадгаламж эзэмшигчид банкуудаас хадгаламжаа татчихна. Монголд 15 их наяд төгрөг одоогийн байдлаар хадгаламж хэлбэрээр банкиудад оршиж байна. Хэрвээ хадгаламжууд үгүй бол зээлийн гаргалт үлэмж багасна. Учир нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банкиуд эрсдэл тооцож бусдад ашиглуулахыг зээл гэдэг. Тиймээс хадгаламж нь нь үгүй бол заавал зээл олголт буурах хуультай. Зөвхөн хамгийн их санхүүгийн чадамжтай, хөрөнгөтэй, шууд хэлвэл баян хэсэгт нь зээл очдог болно. Капитал зөвхөн олигархиудад шилжинэ ээ гэсэн үг.

Арилжааны банкиудаар зээл олгогдохоо больвол иргэдийн гар дээрх мөнгө үгүй болно.
Учир нь зээл оршсоноор ирээдүйн боломжууд наашилж иргэд шинэ капиталуудыг бий болгодог. Энэ агуулгаараа зээл нь эдийн засгийн эргэлтийг бий болгож байдаг.
Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө үгүй болсноор бас нийт эрэлт буурдаг.
Худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээг эрэлт гэдэг бол дотоодын зах зээлээс худалдан авагдахаар төлөвлөгдсөн бүх бараа үйлчилгээний өртгийг нийт эрэлт гэдэг.
Нийт эрулт буурснаар бүх төрлийн бизнес эрхлэгчдийн ашиг орлого буурч эдийн засгийн агшилт бий болдог. 2012-2016 онд яг ийм агшилт бий болсноор Монголын ДНБ-ний өсөлт зогсож, агшилт руу шилжиж 20 мянган аж ахуй нэгж дампуурсан байдаг. Бизнесүүд дампуурснаар ажлын байр үгүй болж иргэдийн амжиргаа улам бүр доройтдог хуультай.

Дүгнэлт: Зээлийн хүүг хүчээр хуульчлан бууруулвал иргэдийн амжиргаа доройтож эдийн засаг хямарна.

Тэгвэл яаж эдийн засагт сөрөг нөлөөлөлгүйгээр зээлийн хүүг бууруулах вэ?
Эхлээд дэлхийн улс орнуудын жишээн дээрээс харах хэрэгтэй юм. Бусад улс орнуудад хөрөнгийн болон даатгалын зах зээлээ банкуудтай өрсөлдүүлэн хөгжүүлэх замаар зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн. Монголд ч өөр сонголт байхгүй. Дэлхий нийт ямар шинжлэх ухааны хуулиар хөгжиж байна, бид ч тэр л замаар явна. Бид чинь Ангарагаас гэнэтхэн ирсэн улс үндэстэн биш шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих