Ц.Шинэбаяр:Зарим нь намаа удирдаж чадахгүй,гурвуулаа нийлээд нэг тамга дамжлах юм байна л даа
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-МАН-ын Засгийн газрыг хэрхэн байгуулагдсан гэхээс нь илүү хэр чадамжтай вэ гэдэгт та ямар дүгнэлт егөх вэ. Үнэхээр та бүгдийн, бас ард түмний хүсэж хүлээсэн засгийг МАН-ынхан дангаараа байгуулж чадсан гэж бодож байна уу?
-Өнөөдрийн байгуулагдсан МАН-ын Засгийн газрын чадамж гэж сүртэй зүйл байхгүй. Учир нь өнгөрсөн 3.4 жилийн хугацаанд хийж гавьсан ажил байхгүй шүү дээ. 3.4 жил хийж чадаагүй ажлыг үлдсэн тавхан сард ямар ч чадамжтай засгийг байгуулж чадвартай хүнийг томиллоо ч, яаж ч чадахгүй. Ер нь энэ нийлж салсан Засгийн газар, дахин бүрдүүлэхэд нь гох дэгээ тавьж Тэргүүн шадар сайдын орон тоог цөөлөх гэж асаж байгаа зэрэг нь бүгд жүжиг. Өөрөөр хэлбэл ур дүнтэй хийсэн ажил байхгүй. Тухайлбал, Оюутолгойн гэрээ гэхэд эдийн засгийн алуурчдын захиалгаар хийсэн гэрээ гэдэг нь тов тодорхой болох гээд байна. Энэ бүхнийгээ нуухын тулд зохиомол жүжиг тоглож байхад чадамжийн тухай яриа байхгүй гэсэн үг.
-Тэртэй тэргүй таван сарын хугацаанд ямар ч ажил хийж чадахгүй болохоор иймэрхүү томилгоо хийсэн гэж үү?
-С.Батболд, АН хоёр өнгөрсөн жилүүдэд зориуд Засгийн газрыг тогтворгүй болгож, албан тушаалын ченжийн үйл ажиллагааг л явуулж ирсэн. Өнөөдрийн сайдуудын томилгоо ч гэсэн ээлжит ченжүүдийн томилгооны үйл ажиллагаа. Үүнээс өөрөөр тайлбарлах ямар ч гарц байхгүй.
-АН сөрөг хүчний үүргээ хэрхэн биелүүлэх бол гэсэн хүлээлт нийт масст бий болчихсон байгаа. Харин та үүнд хэр итгэлтэй байна?
-АН хэзээ ч сөрөг хүчин байж үзээгүй. Дандаа захиалга нийлүүлдэг тоглоомын жүжигчний үүргийг гүйцэтгэсээр ирсэн шүү дээ. Тиймээс энэ хоёр нам аль аль нь ялгаагүй, эдийн засаг бизнесийн бүлэглэлийг толгойдоо гаргачихаад намынхныгаа ч, ард түмнийг ч хуураад л явж байгаа. Ер нь бол эдний салах нийлэх нь хамаагүй. Бид сал сал гэсэндээ ч гол нь биш. Урьдчилаад найруулчихсан сценаритай жүжиг гэдгийг бүгд мэдэж байгаа.Жүжгийн зохиол нь гадаадад бичигддэг юм. Харин сая найруулагч нь ирээд аятайхан найруулаад асуудлыг цэгцлээд өгчихлөө.
-Тэгвэл тэр жүжгийн зохиолч, найруулагчийнх нь талаар танд мэдэж байгаа юм байгаа юм уу?
-С.Баяр гэдэг хүн гадаадад очиж зохиолоо бичдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Харин ганцаараа бичдэг юм уу, олуулаа бичдэг юм уу гэдгийг нь сайн мэдэхгүй юм.
-Ганц хүн бүхэл бүтэн намыг утсан хүүхэлдэй шиг удирдаж чадах уу?
-Ер нь тийм шүү дээ. Тэр ч утгаараа Р.Амаржаргал гишүүн “Айвенхоу майнз”-ын Засгийн газраас манай нам гарлаа гэж хэлсэн.
-У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайд болно гэсэн нь бас жүжиг үү?
-Бүгдээрээ жүжиг.
-АН МАН-ын хамтарсан жүжиг үү. Эсвэл МАН-ын ганцаарчилсан тоглолт байв уу?
-Тэртэй тэргүй хоёулаа нийлээд ч ажил хийж чадахгүй байгаа юм чинь хамтарч л жүжиг тоглохгүй бол дангаараа барахгүй шүү дээ.
-Ямар үндэслэлээр та өөртөө ийм итгэлтэй хэлээд байгаа юм бэ?
-Ямар нэгэн ажил эхлүүлсэн бол эцсийн үр дүн гэж байх ёстой. Эцсийн үр дүн байхгүй учраас хариуцлагаас бултаж. ажлаа дүгнэхгүй байж, нийг мийн анхаарлыг өөр зүг рүү хандуулахад гол зорилгоо чиглүүлж байна. Хоёр нам анх хамтрахдаа гэрээ байгуулсан. Салахдаа дүгнэхгүй юм бол гэрээг яагаад байгуулсан юм. Гэрээгээ дүгнээд алдаа оноогоо дүгнэх хэрэгтэй. Дорнод аймагт баригдах ёстой байсан хатуу хучилттай зам 2007 онд байснаасаа нэг метр ч хөдлөөгүй байгааг юу гэж үзэх вэ. Тэгсэн хэр нь хамтарсан Засгийн газарт хийсэн ч юм байна.
Алдаа оноо нь манайх гээд хоёулаа яриад байгаа юм.
Алдаа нь хэнийх, хэнээс болсон юм гэдгээ тодорхой гаргах хэрэгтэй. Алдаа гэдэг ардаа дандаа эзэнтэй байх ёстой. Ололт нь ямар ололт юм. Ололтын гол эзэн нь хэн юм. Тэр хүнээ шагнах ёстой биз дээ. Амьдралд бол үр дүн байх ёстой. Жүжиг бол тоглогдоод л өнгөрнө. Ер нь хийснээсээ хийгээгүй нь их. Тавдугаар цахилгаан станц гэхэд таван жил яригдсаны эцэст гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл болж хувирсан жишээний. Ажил ярихаас зайлсхийж, нэг орон тоог цомхтгох том жүжиг тоглолоо. Харамсалтай нь энэ бүхэн худал байсан нь баригдчихсан. Тиймээс энэ жүжгээ нам руу оруулж хоёр хуваагдаж тоглох байх. МАН-ыг хагалдаг юм уу. Эсвэл задалдаг юм уу, бүү мэд.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй тухай хоёр намууд тохиролцож гарын үсэг зурсан атал С.Батболд дүрмээ илт зөрчлөө хэмээн АН-ын бүлгийнхэн нэлээд эсэргүүцлээ. Энэ тухай таны бодол?
-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж л байсан. Тиймээс хэдхэн хоногийн дотор түүнийг өөрчилж чадахгүй. Зарчмын хувьд өөрчилж болно. Гэхдээ өнөөдөр гэнэтхэн олж харсан юм шиг байж болохгүй.
Сайдад нэр дэвшээд ороод ирж байгаа хүмүүст нэлээд чамлалттай хандаж байсан хүмүүс бий. Ерөнхийлөгч ч гэсэн байр сууриа илэрхийлсэн?
-Ерөнхийлөгч ч гэсэн жүжигчин шүү дээ. Гавьяат л авч чадахгүй байгаа болохоос сайн жүжигчин. 3.4 жилд юу ч хийж чадаагүй байж ингэж нийгмийг бужигнуулах шаардлагагүй байхгүй. Учир нь АН, МАН хоёр өнгөрсөн 20 жилд боловсон хүчний бодлогоо алдчихсан, боловсон хүчнээ ажил мэргэжил, сахилга батаар нь сонгон шалгаруулдаггүй. Аль фракци бүлэглэлийн хэн нь намдаа ахиу мөнгө төгрөг хандивласан нь дэвшиж тодорч байна. Энэ бодлого нь нутаг ус, жалга довны үзлээр явсан болохоор боловсон хүчин нь чадваргүй болж байгаа юм шүү дээ. Үүний сонгодог жишээ нь АН, МАН-аар зогсохгүй өөр намд хүртэл халдварлаж байна. Зарим нь бүр даргаа хийж чадахгүй гурвуулаа нийлээд нэг тамга дамжлах юм байна л даа.
ИЗНН-ыг хэлээд байна аа даа. Тэд чадахгүйдээ гурван даргатай болж байна гэж үү. Тэгш эрхийг хангана гэж намын дарга нар үүнийгээ тайлбарлаж байгаа юм л даа?
-Тийм. Ямарваа намыг нэг хүн удирдаад явдаг. Гэтэл тэгэх иргэний зориггүй болтлоо дордсон байна. Хүний иргэний зориг ингэж мөхнө гэж байдаг юмуу.
-Үүнээс гадна МАХН нэг жилийн ойгоо тэмдэглэлээ гэж байна. Харин таны тухайд анх энэ намын нэрийг авч, дахин сэргээхийн төлөө явж байсан хүний хувьд МАХН-ын насыг сайн мэдэх учиртай. МАХН нэг настай юм уу. Эсвэл 70 жилийн түүхтэй намын буурийг сахиж үлдсэн нам уу?
-Асуудлын гол нь 70 эсвэл нэг жилийн ой тэмдэглэхэд биш. Харин бид яаж улс төрийн мухардлаас гарах вэ. МАХН 70 жилийн настай юу, нэг нас хүрч байгаа юу гэдэгт маргаад байх шаардлагагүйгээр эдгээр олигархиудаас яаж салах гарцаа хайх хэрэгтэй байна. Чадваргүй нь мэдэгдсээр байж суугаад байх юм. Хорин жилийн өмнө манай улсад траншейнд хүн амьдардаг, архинаас болж үй түмээрээ амь насаа алдаж байсан тохиолдол байгаагүй. Утаа, замын түгжрэлийн аль аль нь байгаагүй. Хорин жилийн өмнө Монголын иргэн бүр ирээдүйдээ итгэлтэй байсан. Гэтэл өнөөдөр ард түмэн итгэж чадаж байна уу. Энэ бүгд өнгөрсөн хорин жилд төрийг авч явж байсан хоёр намын хариуцлагагүй ажлын үр дүн. Нэгэнт цаашид ажил хийж чадахгүй юм чинь өөрсдөө татгалзах хэрэгтэй. Иймэрхүү байдалтай байж дахиад ямар нүүрээрээ сонгуульд өрсөлдөх гээд байгаа юм. Хамтраад замын хөдөлгөөнийг ихэсгэсэн, Улаанбаатарыг хамгийн их ядуучууд төвлөрсөн хот болгож хувиргасны хариуцлагыг хэн хүлээх вэ.
-Гэхдээ намаасаа тасарч байсан тэр үед улс төрийн тоглоомын гол дүр нь та байсан болохоор энэ талаар асуухгүй өнгөрмөөргүй байна?
-Миний ойлгосноор уг нь 70 жилийн түүхтэй нам улс орноо л хөгжүүлэх ёстой болохоос биш нэг жилийн ой тэмдэглэхийн төлөө явах нь сонин биш. Бусад намууд шиг ой тэмдэглэхийн төлөө байгуулагдсан юм шиг байж болохгүй. Ой тэмдэглэж байна гээд ажил хийхгүй байна. Тийм л учраас МАХН-ын буурийг сахиж үлдэнэ гэсэн анхныхаа бодлоо өөрчлөөд явж байна. Бид эргэж харж өнгөрсөн ойгоо тэмдэглэх биш алдаануудаа дүгнэх хэрэгтэй.
-Удахгүй баярын арга хэмжээ болох байх. Мэдээж та хүндэт зочны нэг нь байх болов уу?
-Надад тэдний баяр сонин биш. Өдрөөс өдөрт улс орны амьдрал доройтоод байхад баяр тэмдэглээд явах нь хаашаа ч юм. Тийм цаг зав ч байхгүй.
-Та ирэх сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшинэ байх. Сонгуульд хэр бэлтгэж байна?
-Сонгуульд хариуцлагатай бэлдэх ёстой. Улс орны хөгжлийн бодлогыг нухацтай авч үзэх нь чухал. Түүнээс биш сонгуульд бэлдэж байна гээд л салж нийлж тоглоод дөвчигнөсөн явуургүй аргыг хэрэглээд нэмэргүй л дээ. Бид асуудлыг өөрөөр харна.
-Салж нийлж гэснээс таныг ч бас МАН-аас бүр мөсөн салаагүй байгаа. Бас л жүжиглэж байна гэж ярих хүмүүс бий?
-Тэртэй тэргүй ажил хийж чаддаггүй хүмүүс тэгж л ярина шүү дээ. Ядуурлыг зургаан хувиар өсгөсөн тухай ярихаар тэрнээс, энэнээс салаагүй гээд байх зүйл байхгүй.
-Тэгвэл эргэж эвсэх нийлэх тухай яриа бүр байхгүй юм байна, тийм үү?
-Гарцаа олж чадахгүй байгаа намтай нийлнэ гэж байхгүй. Үнэхээр цоо шинэ эрүүл саруул нам байвал нэгдэх тухай болно.
Г.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ
URL: