Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэцгээе

72886981_2435082949872409_6372179661220216832_nЭрт дээр үеэс монгол хүн хүнээ дээдэлж ирсэн. Гэтэл одоо монголоо барсан, монгол хүнээс гарамгүй авир монгол хүнээс гарч, энэ нь хэрээс хэтэрч хэвийн нэг үзэгдэл болох дөхөж байгаа бол бид ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулж байна, улс орны хөгжил, ирээдүйг монгол үрс маань авч явна гэж ярих утга байна уу. Монгол үрс минь монголынхоо газар шороон дээр төрөөд аз жаргалтай гэхээ болъё оо ядаж байгалийн жамаараа өсөж торних эрхтэй. Гэтэл араатнаас доор амьтдын гарт хүүхэд нас нь үрэгдэж бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл, оюун санаагаараа хохирч сүг болж амьдарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Бид тийм нийгмийг бий болгохыг зориогүй. Ийм нийгмийн төлөө бидний өвөг дээдэс цусаа урсгаж ирээгүй. Бид нэгэн үед хүчирхэг яваад мөхөхийн даваан дээр босож ирээгүй билүү. ХХ зууны эхэнд дэлхийн судлаачид Монгол орныг мөхөж яваа үндэстэн гэж хэлсэн байдаг. Бид зургаан зуу хүрэхгүй байсан хүн амаа зуун жил хүчин зүтгэж байж эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй гэж үзэгдэж буй өнөөгийн гурван сая хүн амд хүргэсэн. Одоо хүн нь илүүдээд үр хүүхдээрээ зугаа хийж, гарынхаа чилээг гаргаж, хурууныхаа үзүүрээр зарж, зарцалж, зандарч, доромжлох болсон гэлтэй. Бид бүх буруу үр дагавар бүрийг ядууралтай холбож ирсэн. Харин энэ асуудлын хувьд бол ядуурал биш тэнэгрэл, зовлон биш жаргалдаа ташуурч байгаа хэрэг юм. Өөрөө хорвоод хүн төрүүлж амьдрал хайрлачихаад өөрийн гараар устгаж байгаа эцэг, эх хэн бэ? Хүний үрийг доромжлон хүчирхийлж, устгаж байгаа тэр араатан нийгэмд оршиж, монголын хүн амын тоонд орох эрх байна уу. Хүүхдийн эрхийг хамгаалсан, хүний эрхийг зөрчихгүй байх талаар олон хууль тогтоомж байгаад хэрэгжүүлэх механизм нь боловсронгуй биш болохоор хууль газар дээрээ хэрэгжихгүй байна.
2017 оны байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулсан байдаг. Нийт хэргийн 89.9 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, үүнээс 2.8 хувь нь 1-3 насны, 9.4 хувь нь 4-6 насны, 37.1 хувь нь 7-10 насны, 50.7 хувь нь 11-12 насны хүүхдүүд байсан ба 26.3 хувь нь давтан бэлгийн хүчирхийлэлд өртсөн, 30.4 хувь нь удаан хугацааны турш, 10.8 хувь нь бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6 хувь нь жирэмсэлсэн, 4.2 хувь нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй болсон ийм аймшигтай тоо баримт байна. Бид хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар ярихдаа зөвхөн эмэгтэй хүүхдүүд дээр яриад байна. Гэтэл цаана нь хэчнээн насанд хүрээгүй бяцхан хөвгүүд маань хүчирхийлэлд өртөж хүйсийнх нь чиг хандлага өөрчлөгдөж, амьдрал нь орвонгоороо эргэж, эр хүн байж чадахаа больж байгаа талаар ярихгүй байна. Мөн 2016 онд хийгдсэн “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгаагаар гурван эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь л “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг уншиж, танилцсан гэж хариулсан бол орон нутагтаа ажиллаж буй “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийг мэдэх үү? гэсэн асуултад дөрвөн эцэг эх, асран хамгаалагч тутмын гурав нь мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс харахад эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн эрхийн талаарх хууль эрх зүйн болон хүүхэд хамгааллын зарим үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэг дутмаг байгаагаас үүдэж хүүхдийн эрхийг зөрчих, зөрчигдөх асуудал жил ирэх тусам ихэссээр байна. Хүүхдийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлэх, бие махбодын хүчирхийлэл үзүүлэх гэсэн дөрвөн хэлбэрт хувааж үздэг. Хүүхдийн хүчирхийллийн талаар судалгаанд хамрагдсан нийт 4,264 хүүхдийн 17.2 хувь нь хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байдаг. Монгол Улсад хэчнээн дүрэм журам батлагдсан ч эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өөрөө хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл дутмаг түүнээс улбаатай учрах хохирлын талаар ойлголтгүй байвал хүчирхийлэл үргэлжилсээр л байх болно.
2017 оны байдлаар дэлхийн хэмжээнд 2-17 насны нэг тэрбум хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэсэн тооцоо байдаг. Европын холбооны улс орнуудын хувьд хүчирхийлэлэд өртсөн нийт хүүхдүүдийн 9.6 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь манай судалгаатай харьцуулахад бараг арав дахин бага байгаа нь бид сэтгэцийн хувьд зүгээр үү гэдэг асуулт тавихад хүргэж байна. Европын холбоонд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш хүчирхийллийн тоо эрчимтэй буурсан бөгөөд, хүүхдийн хүчирхийллийн шалтгаант үхэл 11 хувиар буурсан байдаг. Гэтэл манайд улсын хэмжээнд нийт хүүхдүүдийг хамруулсан хүчирхийллийн судалгаа байхгүй байна. Зөвхөн тус тусдаа хийсэн судалгаа байдаг бөгөөд судалгаанд хамрагдаагүй маш олон хүүхдүүд хүчирхийлэлд өртөж, өртсөөр байгааг үгүйсгэхийн аргагүй. Хүчирхийллийн асуудал бол нийгмийн гаж үзэгдэл. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгахад бүх нийтийн оролцоо, хамтын хүч зайлшгүй шаардлагатай тул хүн бүр хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэцгээе.
Ж.ЦОЛМОН
Анагаах ухааны доктор, профессор


URL:

Сэтгэгдэл бичих