Д.Хаянхярваа: 950 сая төгрөгийг чинь эерэг талаас нь яаж pr-дах юм бэ?
…Бид гарц шийдэл олохгүй бол 2020 он хүртэл биднийг нэг нэгээр нь УИХ руу оруулж ирж түдгэлзүүлэх тухай асуудал ярина. Энэ тэнд элдэв долоон зээл хуй авсан юм яригдсаар байгаад 2020 онд шавартай хутгалдаад ороход, бүгдээрээ 2020 онд баяртай гээд лаазаа өшиглөөд явна.… 2011-2012 оны дараагаар ЖДҮ-гийн асуудлаар аймгийн баахан дарга нар янз бүрийн юмнууд хэрэг төвөгт орооцолдоод байсан. “…Энэ чинь болохгүй шүү, банкаар дамжих ёстой” гэдэг асуудлыг бид нар ярьж байсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин давтаад байна гэдэг бол болохгүй асуудал. Эргэж сөхөгдөөд яваад байх юм. Бид өмнө нь гаргаж байсан алдааг давтсан байгаа.… Ер нь “…Мөнгө мөртэй” гэдгийг бодож цааш цаашдаа ажил хийж байхгүй бол болохгүй шүү. Мөнгө мөртэй байдаг. Заавал мөрөө үлдээдэг. Тийм учраас мөнгөтэй холбогдсон юман дээр, ялангуяа тендертэй холбогдсон асуудал дээр би дахиад анхааруулъя. Очоод аймаг орон нутагт тендер зарладаг. Тэр компани орох ёстой гэж ярьдаг, хэлдэг хүмүүс бий шүү.
УИХ-ын 30 гаруй гишүүн холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг нь шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
…УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “…Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх тухай асуудлаар гишүүдийн байр суурь тун тодорхой байна. Энэ ойлгомжтой асуудал. Бүлгийн эв нэгдэл, бүлгийн гишүүд нээлттэй ярилцах ёстой, хугацаагаар хэмжиж, хясаж байна гэдэг асуудал яригддаг. Гэхдээ бүлгийн дотоод журмаа барьж цаашдаа явна. Ний нуугүй ярилцъя гэвэл үүнээс өөр газар ярилцана аа. Энд суучихаад нэг хүн дэвэн дэлхийн юм 10, 20 минут яриад байх юм бол 60 гаруй хүн хонон өнжин эндээ суух болно. Та нар өөрсдөө мэдэж байгаа. Бүгдээрээ тохироод ингээд юмаа яръя гэвэл байж болно. Хоёрт нь, би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар өнөөдөр ингээд бүлгийн хурлыг хийгээд, би хараад суугаад байгаа. Сүүлийн үед заримдаа үнэхээр тэсэхээргүй юмнууд их гарч байна. “…Бүлгийн даргын хувьд байр сууриа илэрхийл, ярь, хэвлэл мэдээлэлд ханд” гэдэг. Энэ бүхнийг би “…Буруу байна” гээд орилоод байх хэцүү.
“…Манайхны зөв шүү дээ” гээд магтаад байж болдоггүй. “…Хэвлэл мэдээллийнхнийг аваачаад ажилла, үүнийг та нар эерэг талаас нь PR-д” гэж хэлэх гэхээр 950 сая төгрөгийг чинь эерэг талаас нь яаж PR-дах юм бэ. Их л бодоход “…Төслөөрөө зөв авчихъя” гэж ярихаас биш өөрөөр ямар ч арга байхгүй шүү дээ. Ийм хүнд байдалд байдаг.
Тэгээд бүлгийн хурал дээр янз бүрийн юм болдог. Намын дарга сонгогдсоноосоо хойш орж ирээд, сүүлийн үед орж ирж байгааг нь би хааяа шүүмжлэлтэй хандаад хэлж л байгаа. Сүүлийн үед бүлгийн хурал чуулганы танхимд орж ирэхдээ дандаа буруу ярьж байгаа шүү. Ер нь манай Намын даргыг бүлгийн 65 гишүүн, бид 64 гишүүн нэлээн харж байгаа шүү, таныг. Яагаад гэвэл та бол манай Намын дарга, Ерөнхий сайд, бид нарын лидер. Таны хэлэх үг, хийх үйлдлийг бид нар дагаж, харж нийгэмд гарах улс төрийн мессэжийг яах уу гэдэг юмаа хийж байх учиртай хүмүүс. Ийм, ийм шийдлийн юмнуудыг бид нар ярьж, шуурхай шийдэл гаргаж явахгүй бол цаашдаа маш хүнд байдалд орно шүү. Үүнийгээ сайн бодолцоорой гэдэг юмыг хэлмээр байна. Гуравдугаарт нь, би юу хэлэх гэж байна вэ гэхээр одоо бид нарт ийм стиль гарч ирсэн байна. Монголыг цөлмөж байгаа 30 гэр бүл гээд учир битүүлэг юмыг Ерөнхийлөгч нөхөр ярьдаг. “…Нэрийг нь хэл” гэхээр хэлдэггүй. “…30 нь 300 болж байна” гээд Зандаахүүгийн Энхболд нэг удаа хэлсэн. Зарлуулаад байгаа нь сайн байна л даа. Гэхдээ нэр нь тодорхой болчихоор гоё шүү дээ. Тэгэхээр манай дээр сүүлийн үед юу ярьж байна вэ гэхээр сая Ерөнхий сайд та нэг буруу юм хэлж байна. “..Нүүрсээр баяжсан хүн байгаа шүү. Хууль хяналтын байгууллага дээр шалгаж байгаа юм байна лээ. Та нарыг шалгаж байгаа шүү” гэж. Ингэж бие биеэ айлган далайлгах маягаар юм уу, битүү хатуу юм ярьж болохгүй. Яривал “…Манай нөхдүүд тэр, тэр та нар ингэж байгаа юм байна, үүнийг боль, эсвэл ингэ” гэж маш тодорхой ярь. Бид тийм стиль рүү явах гэж байна шүү дээ. “…За чамайг тэр хуульч шалгаж байгаа юм байна. Чиний тэр тэгж байгаа юм байна” гэдэг юм чинь цаашдаа бид нарын ажиллах арга барил биш ээ. “…Энэ бүлгийн гишүүдээ бид нар хамгаалъя. Одоо ингээд явъя гэж байгаа бол бид гарц шийдлээ зөв олж харах ёстой гэдэгтэй би санал нэг байгаа. Өнөөдөр Батзориг орж ирнэ. Маргааш өөр хүн орж ирнэ. Ингээд цааш цаашаагаа хөвөрнө. Тийм учраас үүн дээр ямар гарц шийдэлтэй байх вэ гэдэг юмыг том зураг дээр харъя гэж гишүүд яриад байгаатай санал нэг байгаа. Ингэж бид нар гарц шийдэл олохгүй бол 2020 он хүртэл бид нарыг нэг нэгээр нь УИХ руу оруулж ирж түдгэлзүүлэх тухай асуудал ярина. Энэ тэнд элдэв долоон зээл хуй авсан юм яригдсаар байгаад 2020 онд шавартай хутгалдаад ороход, бүгдээрээ 2020 онд баяртай гээд лаазаа өшиглөөд явна. Ийм нөхцөл бид нарын урд тун дардан харагдаж байна гэдгийг бодож ажиллах ёстой. Энэ бүх зүйлүүдийг Засгийн газрын түвшиндээ их сайн бодож ажиллаасай билээ гэж би хэлж байгаа юм. Ер нь бол бүлгийн гишүүддээ нэг юм хэлэхэд бол энэ ЖДҮ-гийн зээл янз бүрийн юмыг яригдаж байх үед ярьж байсан шүү. 2011-2012 оны дараагаар ЖДҮ-гийн асуудлаар аймгийн баахан дарга нар янз бүрийн юмнууд хэрэг төвөгт орооцолдоод байсан. “…Энэ чинь болохгүй шүү, банкаар дамжих ёстой” гэдэг асуудлыг бид нар ярьж байсан. Өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин давтаад байна гэдэг бол болохгүй асуудал. Эргэж сөхөгдөөд яваад байх юм. Бид нар өмнө нь гаргаж байсан алдааг давтсан байгаа. Энэ чинь бид нар хэд олонхдоо ташуурч байна. Зарим юман дээр “…Бид нар чадна, бид мэдэж байна” гэж эрдэж байна. Нэг хэсэг сагсалзаж байсан үе байсан. Манай бүлэг дотор иймэрхүү хандлагууд байсан.
Ер нь “…Мөнгө мөртэй” гэдгийг бодож цааш цаашдаа ажил хийж байхгүй бол болохгүй шүү. Мөнгө мөртэй байдаг. Заавал мөрөө үлдээдэг. Тийм учраас мөнгөтэй холбогдсон юман дээр, ялангуяа тендертэй холбогдсон асуудал дээр би дахиад анхааруулъя. Очоод аймаг орон нутагт тендер зарладаг. Тэр компани орох ёстой гэж ярьдаг, хэлдэг хүмүүс бий шүү.
Тэгж ерөөсөө болохгүй. Тэр аймаг орон нутгийнхаа удирдлагуудыг дуугүй хая. Хяналтаа тавь, араас нь оч. Ийм ажлыг авах ёстой болохоос биш “…Хаянгийн компани авсан уу, Доржийн компани авсан уу гэдгийг асуух ёсгүй юм. Тэгж хяналт тавьж чадах юм бол бид нар аймаг орон нутгийнхныг хариуцлагажуулж чадна. Ингэж ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлэх чиглэл дээр бид нар анхаарах ёстой. Ийм зүйлийг хэлмээр байна. Тэгээд өнөөдөр нэгэнт орой боллоо. Одоо хэдүүлээ нууц гээд яах вэ. Ерөнхий сайдад санал байвал хэл. Байхгүй бол илээр саналаа хураагаад ингээд асуудлаа шийдчихье гэсэн бодол байна” гэв.
Үргэлжлэл бий…
Эх cурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: