Авлигатай тэмцэх бус, тэтгэх тогтолцоотой Монгол Улс
- Монгол Улс авлигын индексээр сүүл мушгисаар буй шалтгааныг Хонконгийн АТГ-ын дарга асан Тони Квок боловсон хүчний дутагдал болон хуулийн орчныг тодорхой болгож өгөөгүйтэй холбон тайлбарлалаа. Гэтэл Азийн улсууд авлигын эсрэг хэрэгжүүлсэн аргаараа дэлхийд шагшигдаж байна
- Авлига нүүрлэсэн тогтолцоогоо эрх баригчид өөд нь татах уу, иргэд өөрчлөх үү
- Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий
- Сингапурын Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм
- Хонконгийн АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг Дэлхийн улсуудын авлигыг 100 онооны системээр үнэлж, 50-иас доош оноотой оронд авлига ноцтой хэмжээнд нүүрлэсэнд тооцдог. Өнгөрсөн онд 88 оноогоор Дани улс тэргүүлсэн бол 10 оноогоор Сомали 180-д буюу адгийн байрт орсон. Тэгвэл энэхүү индексээр Монгол Улс 2013 оноос хойш 36-38 оноо авч сүүл мушгисаар ирлээ. Энэ түвшинд үнэлэгдсэн орнуудын түгээмэл зураглал бол эрх баригчид, тэдний хүрээллийн цөөн хэсэг хэт хөрөнгөжиж, харин олонх нь ядууралд өртдөг байдал юм. Үүнийг залруулахын төлөө тэдгээр хөрөнгөжсөн улстөрч, шийдвэр гаргагчид хуруугаа ч хөдөлгөлгүй, гацсан байдалтай олон жилийн нүүр үзлээ. Олон нийт ч Монгол Улсыг дэлхийд шившиглэсэн энэ байдалтай эвлэрч, хөмөрсөн тогоон дотроо хөрөнгөжсөн хүмүүсийнхээ өнөөх аргаар өчүүхэн амиа хоохойлохын төлөө тэмцэлдэнэ. Уг нь албан тушаалын төлөө тэмцэлдэх бус авлигатай тэмцвэл өнөөдрийн Дани, Шинэ Зеланд шиг иргэн бүр дунджаас дээгүүр орлоготой болж, эх орондоо амар тайван амьдрана гэдгийг хэзээ ойлгох бол.
ХОНКОНГ “ЖАРААХАЙ” БИШ “ТУЛ ЗАГАС”-ТАЙ ЭХЭЛЖ ТЭМЦЖЭЭ Өнөө цагийн авлигын аранга болсон улс бол өмнөд хөрш маань. Хятадын төрийн дээд удирдлагуудын дундах авлигын сүлжээг задалсан Ши Жиньпиний “Барын ав” ажиллагааны талаар дэлхий нийтээрээ шагшиж байна. Намын хурлаар хийдэг боловсон хүчний тохиролцоо, хурлын өмнөх улс төрийн нөхцөл байдал, “барын ав” буюу хүчний байгууллагуудад хийсэн цэвэрлэгээ зэргийг тодорхой хэргүүдээр жишээлж бичсэн номыг манай АТГ-ынхан орчуулуулж цөөн тоогоор хэвлүүлээд, хууль хяналтынхан болон улс төрийн зарим хүрээлэлд тараасан юм. Гэхдээ энэ номын тухай биш, Хятадын нөлөөгөөр Хонконг дахь авлигыг цэгцэлсэн зарим жишээнээс сонирхуулъя. 1960-1970-аад оны үед Хонконгод авлига хэвийн үзэгдэл болтлоо цэцэглэн хөгжсөн байв. Наад захын жишээ нь сар бүр таксины жолооч нар цагдаад хоёр долларын авлига өгч тусгай дүрстэй наалт авдаг байв. Түүний автомашиныхаа шилэнд наагаад хаана ч, яаж ч дүрэм зөрчиж болдог байлаа. Мөн хүүхэд төрүүлэхдээ эмнэлэгт эсэн мэнд амаржихийн тулд авлига өгч эхлээд, үхэхдээ оршуулгын газарт гайгүйхэн үйлчилгээ авах хүртлээ яг Монголын өнөөгийн нийгэм шиг амьдралынхаа турш “гар цайлгах” шаардлагатай тулгардаг байжээ. 1974 онд Хонконгод Авлигатай тэмцэх газар (ICAC) байгуулав. Тэд авлигын хэргийг ганц нэгээр нь илрүүлээд үр дүнгүйг ойлгож, шууд зохион байгуулалттай гэмт бүлгийн араас явжээ. Ингэж эрчимтэй ажиллаж, илрүүлсэн хэрэгтнүүдэд хуулийн хатуу шийтгэл оноосоор ердөө гурван жилийн дотор цэгцэлж чадсан гэж хэлэхэд болно. Манай АТГ шиг “спорт загасчлал” хийх, “жараахай барих” бус шууд “тул” шүүрч, үндсийг нь таслан зогсоосон нь энэ аж. Гэхдээ амжилтын нууц нь хараат бус байдалтай шууд холбоотой. ICAC-ийн даргыг Бээжингээс томилдог. Түүнд Хонконгийн Ардын хурлын гишүүд, төрийн удирдах албан тушаалтнууд нөлөөлөх ямар ч боломжгүй, АТГ-ын дарга Ерөнхийлөн захирагчдаа л ажлаа танилцуулдаг аж. Ардын хурлын нэгэн гишүүн Ерөнхийлөн захирагч руу “Танай АТГ-аас намайг мөрдөөд байна” гэж и-мэйл илгээснийхээ төлөө мөрдөн байцаалтад нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр хоёр жилийн ял авсан түүх бий. Ингэж цэгцлэхдээ төрийн албан хаагчдыг ч хамруулав. Тухайлбал, барилгын зөвшөөрөл олгосон компанид эхнэрээ өндөр цалинтай ажилд оруулсан түшмэл, ханган нийлүүлэх гэрээ байгуулсан менежер, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг нууц амраг бүсгүйнхээ зуучлалаар чирэгдэлгүй олгодог байсан этгээд, хамаарал бүхий хүндээ тендер олгосон дарга гээд шат шатны төрийн үйлчилгээнийхэн торны цаана сууж байв. Тэр бүү хэл, ажлаа бүтээлгэснийхээ төлөө биеэ үнэлэгч “бэлгэнд авсан” “хурган” дарга нэг жил шоронд сууж, төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан жишээ бий. АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг. Тиймээс хэргийг хөөн хэлэлцэх хугацааны жишиг нь хуульд заагдаагүй ч нэг жилийн дотор шийдвэрлэсэн байхаар шуурхайлдаг. Хонконгийн 170 мянган төрийн албан хаагч толгой дараалан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх албагүй аж. Харин тэднийг АТГ-ын 1400 ажилтан хараанаасаа салгалгүй ажиглаж, автомашинаа солих, шинэ байранд орох гэх мэт хөрөнгийн хөдөлгөөн бүрт нь шалгалт хийдэг байна. Энэ мэт олон жишээг Хонконгийн АТГ-ын даргаар ажиллаж байсан ноён Тони Квок ярьсан юм. Тэрбээр дэлхийн 26 оронд Хонконг хэрхэн авлигаас ангижирсан түүхээр илтгэл тавьсан ба Азийн сангийн төслийн дагуу 2007 онд анх Монголд ирж ажиллаж байв. Хамгийн сүүлд 2010 онд ирснээс хойш есөн жилийн дараа буюу энэ сарын 10-нд манай хууль хяналтынханд сургалт хийхээр ирэх үедээ Монгол Улсын авлигатай тэмцэх ажиллагаа нэгэн хэвийн, амжилт багатай яваа нь Монгол Улсын 30-хан мөрдөн байцаагч АТГ-т ажиллаж, мөн хуулийн орчин бүрхэг байгаатай холбон тайлбарласан юм. Мөн мөрдөн байцаагч, прокурорынхон хэргийг шуурхай илрүүлж, яллах дүгнэлт хийсэн ч шүүх шударгаар шийдэхгүй бол энэ ажил хэзээ ч үр дүнд хүрэхгүйг тэрбээр анхааруулж байлаа. Азийн зарим улсад 200 хэрэг “боож” шүүхэд шилжүүлэхэд дөнгөж 20-ийг нь шийдвэрлэсэн үзүүлэлт байгаа нь авлигатай тэмцэх сонирхолгүйн жишээ гэдгийг Тони Квок онцолсон юм. Харин манайд 2016 онд 25, 2017 онд 46, өнгөрсөн жил 37 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тоон мэдээтэй байна.
ОЛОН УЛСЫН ЖИШИГ БА МОНГОЛ Авлигын индексээр эхний дөрөвт ордог улс бол Сигапур. Азийн улсуудаас хамгийн анх буюу 1952 онд Авлигын үйлдлийг мөрдөн шалгах товчоо (CPIB) байгуулж ажиллав. 1965 онд тусгаар улс босныхоо дараа Ерөнхий сайд асан Ли Куан Ю-гийн дотны найз, орон сууцны асуудал хариуцсан сайд нь авлигын хэрэгт холбогдож байлаа. Гэр бүлийн найз тул хэрэгт орооцолдсон сайдын эхнэр ноён Ли-гийн гэрт ирээд, найзыгаа аврахыг гуйсан аж. Харин Ерөнхий сайд “Та нөхрөө авлига аваагүй гэдэгт итгэж байна уу” гэж асуужээ. Эхнэр нь ч “тийм” гэж. “Тэгвэл шалгуулаад гараад ирэхийг нь хүлээе” хэмээн хэлсэн гэдэг. Харамсалтай нь авлигын хэрэг нотлогдож, Ли Куан Ю-гийн дотны найз уучлал хүссэн захидал бичээд амиа хорлосон юм. Уг захидлыг одоог хүртэл Сингапурын CPIB-ын сайтад байршуулсан байдаг. Энэ явдал авлигын хэргийг огцом хумив. Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм. Одоо Сингапурын төрийн албан хаагчдыг гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс дээш зээлтэй байхыг хориглодог бөгөөд зөвхөн өөрт нь зориулсан, өөр хаа ч байхгүй хямдралаар автомашин авсан бол авлигын хэргээр шоронд орно гэх мэт хатуу заалттай хууль мөрдөж байна. Азийн бусад улсын хувьд ч ялгаагүй авлигатай тэмцэх ажил идэвхтэй өрнөсөөр байна. БНСУ-д гэхэд л Албан ёсны мэдээллийг ил болгох тухай хуулийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангаснаар төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн албан дахь авлигатай тэмцэх том хөшүүрэг болсон уг хуулийг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам нь гардан боловсруулж, батлуулж, хэрэгжилтэд анхаарч байна. Гэтэл манай ХЗДХЯ ямар байгаа билээ. Мэргэжилтнүүдийн боловсруулж өгсөн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийн төслийг дарсаар байгааг нь шүүмжлээд байхад үл тоомсорлох атлаа сайдынхаа өндөр үнэтэй шинэ машины эх сурвалжийг нотлохоор улайрч байх жишээний. Түүнчлэн Солонгост нийтийн ашиг сонирхлын төлөө авлигыг илрүүлэн мэдээлсний шууд үр дүнд төрд учрах хохирол, алдагдлаас сэргийлсэн тохиолдолд “шүгэл үлээгч”-ийг гурван тэрбум хүртэлх воноор урамшуулах хуультай. Харин манайд “шүгэл үлээгч”-ийг урамшуулах бүү хэл хамгаалах тухай асуудлыг дөнгөж хөндөж эхэлж байна. Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий. “Арабын хавар” хэмээн нэрлэгддэг, олон улсад засгийн газруудын эсрэг өрнөсөн тэмцэл эхэлсэн шалтгаан нь Тунис дэх гудамжны худалдаачинтай холбоотой. Тэрбээр өдөр бүр нэг долларын авлига авдаг байцаагчийг үл тэвчихдээ төв талбайдаа өөрийгөө шатаасан түүхтэй. Эхнэр, таван хүүхдээсээ гадна өндөр настай ээж, хүнд өвчтэй ахыгаа тэжээдэг түүний хувьд өдрийн нэг долларын авлига бол нялх хүүхдийнх нь гурван өдөр идэх сүүний мөнгө байв. Энэ мөлжлөгийг үл тэвчсэн худалдаачин амиа өргөснөөр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал нэг сарын дотор засгийн газраа унагасан. Энэ жагсаал Йемен, Ливи, цаашлаад Египетэд халдварлаж, хэд хэдэн засгийн газрыг унагасан юм. Монголд төрийн үйлчилгээг авахын тулд нэгэн байгууллагын олон давхрыг элээж, хаалга бүрийн цаана “гар хүндрүүлэх” болзлыг хангаж чадвал хэргээ бүтээдэг эмгэнэлтэй амьдралд монголчууд дарлуулаад удлаа. Бизнес эрхлэгчид төрийн хүнд суртлыг гэтэлгэж дийлэхгүй сөхрөхдөө өөрсдөө төрд шургалж, давуу байдал бий болгохоор улайрна. Жилийн жилд энэ тэмцэл илүү боловсронгуй болж өрнөсөөр, харин цаана нь “авлига” улам хүчирхэгжин оршин тогтносоор. Энэ байдлыг зогсоох хараат бус мэргэжлийн байгууллагын удирдлага эрх баригчдын бээлий мэт солигдож байхад иргэд ямар үр дүн хүлээх билээ. Үл тэвчихийн туйлд хүрч, өөрийгөө шатаах нэгэн гарахаас нааш сэрж, сэрэмжлэхгүй гэж үү, монголчууд аа.
Э.Батцэцэг
Засгийн газрын мэдээ
URL: