Монгол Улс “Саарал жагсаалт”-д багтсан тухай мэдээллийг Монголбанк баталлаа

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ын өнөөдөр өндөрлөж буй ээлжит хурлаас Монгол, Исланд, Зимбабве гэсэн гурван улсыг Саарал жагсаалтад оруулсан талаар Санхүүгийн гэмт хэргийн сэтгүүлч Күүс Күвей олон нийтийн сүлжээнд бичээд буй. 

Koos Couvée

✔@KoosCouvee

Breaking: The Financial Action Task Force @FATFNews has added Iceland, Mongolia and Zimbabwe to its greylist of monitored (higher-risk) jurisdictions. Ethiopa, Sri Lanka and Tunisia have been removed after improving their anti-money laundering regimes.

189 people are talking about this

Тэгвэл энэ талаар Монголбанкны албаны эх сурвалжаас тодруулахад ФАТФ Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулсныг баталлаа.

Эдгээр орон нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэн үзсэн гэдгийг мөн дурдлаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өмнө тавьсанчлан дараах дөрвөн шаардлагыг биелүүлэх үүрэг өгч байгаа аж. Үүнд:

1.З-р зорилт:  

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

“Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

2.7-р заалт: 

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

“Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

“Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

4.11-р заалт:

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар

“Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”.

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатайг Монгол Улсад үүрэг болгоод байгаа аж.

Монгол Улс нь анх 2013 онд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д бичигдэж байв.

Тухайн үед Монгол Улс өндөр эрсдэлтэй, хууль эрх зүйн орчин тун хангалтгүй байсан тул уг жагсаалтад орсон. Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуультай болж, тодорхой хүчин чармайлтууд гаргаснаар жагсаалтаас 2014 онд гарсан.

Ингээд 2017 онд APG  буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул “Эрчимтэй хяналт”-д орсон билээ.

15 сарын хугацаатай уг хяналтын үед Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн албанаас эхлээд холбогдох төрийн байгууллагууд 20 зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тал бүрт ажилласан бөгөөд уг хүчин чармайлтыг харгалзан хугацааг дахин сунгасан байдаг. Ийнхүү хоёр жилд хийсэн ажлуудынхаа тайланг Монгол Улс өнгөрсөн наймдугаар сард Австралид болсон ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурлаар танилцуулсан.

Уг хурлаар 40 зөвлөмжөөс 35-ыг хангасан буюу өмнө нь бүдэрсэн 20 зөвлөмжөөс 15-ыг нь ахиулсан гэсэн үнэлгээ авсан талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн.

Хангалтгүй үнэлэгдсэн асуудлуудын хувьд хууль сахиулах байгууллага, гааль, шүүх, тагнуул, АТГ болон Сангийн яам, Гадаад харилцааны яамтай холбоотой бүхэлдээ хэрэгжилтийн асуудлууд байсан билээ.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих