ЭРДЭНЭТ ТОЙРСОН ҮЙЛ ЯВДЛУУД
Орхон аймаг шинэ оноо Засаг даргагүй угтсан цорын ганц аймаг болж, Эрдэнэт үйлдвэр тойрсон яриа үргэлжилсээр байна. Засаг дарга огцорсон нь Иргэдийн хурал дахь үйлдвэрийн нэртэй ГОК хэмээх бүлэг юм бүхнийг шийдэж байна гэсэн яриа гарч, иргэдийн дургүйцлийг хүргэв. Засаг дарга огцорсон нь үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, Засаг дарга М.Оюунбат хоёрын хоорондын эвлэршгүй зөрчлөөс болсон хэмээн шуугиж байна. Ийнхүү аймаг нь эзэнгүйдэж, ард иргэдийг сандралд оруулжээ.
Дэлхийд данстай, Монгол Улсаа тэжээдэг ганц том үйлдвэрийг дагасан энэ хотод юмны үнэ харьцангүй өндөр байгаагаас шалтгаалан ажил, орлого муутай иргэдийн амьдрал их хүнд байдаг. Хаа очиж аль ч нам төр барьж байх үед засаг захиргаа нь харьцангуй тайван, тогтвортой ажилладаг байсан энэ хот сүүлийн 3-4 жил байнга хэл амтай байх боллоо. Энэ нь улс төрийн томилгоогоор тавигдсан ГОК-ын захирал Ч.Ганзориг гэж хүнтэй холбоотой гэдгийг хүмүүс мэдэх болж. Үүнийг иргэд нь өнгөрсөн оны сүүлийн иргэдийн хурлыг харж мэдрэв. Аймгийн улс төр ихэд бохирдож гүйцлээ хэмээн иргэд нь бас бухимдаж байна.
Ч.Ганзориг захирал анх Эрдэнэтэд ирж байхдаа орон нутгийн бизнес эрхлэгчидтэй түлхүү хамтарч ажиллана гэж мэдэгдэж байсан нь ёстой хошгоруулах гээч болж үйлдвэрт гэрээт ажил гүйцэтгэдэг газрууд нь хэнд ч мэдэгдэхгүй далд том эзэнтэй шинэ компаниудаар бүрдэж сүлжээ үүсгэсэн гэж яригддаг бөгөөд үйлдвэрийн бүх гэрээг том жижиг гэлтгүй ганцаараа мэдэж хийдгээс болоод үүнд нь дургүйцсэн нэг бус орлогч захирлаа аргалан ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Ажил гүйцэтгэхээр болсон нэг бус компанид үйлдвэрийн саяар тоологдох их хөрөнгийг дур мэдэн өгч тавиад туусан ч дуулддаг. Олон жил үр удмаараа Эрдэнэтэд амьдарсан хүмүүст ГОК-д ажилд орох нь мөрөөдөл болоод байхад цагдаа, шүүхийнхний гэр бүл зовох юмгүй дорхноо “гайгүй” ажилд орж, амьдралаа баталгаатай болгодог. Аль ч намыг үл харгалзан томчуудад нь үйлчилж, орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй 10-50 сая төгрөг төлж, хамтран ажиллах
гэрээ гэгчийг байгуулж өөрийн тухай элдэв дутагдалтай зүйлийг гаргуулахгүй ажилладаг гэхчлэн энэ хүний арга мэх нарийн.
Олон хавар нэгэндээ гэж Ч.Ганзориг захирлын нэр хүнд сүүлийн үед үйлдвэрийн ажилчид, аймгийн иргэдийн дунд ихэд унаж байгаа нь тодорхой болж байна. Энэ хүн хэдий болтол Эрдэнэтийг бужигнуулах бол гэж олон хүн санаа зовж байна. Харин хөдөлмөрийн гэрээ нь дуусч байсныг үйлдвэрийн шинэ жил тэмдэглэх үеэр түүний “хөгжил цэнгэлийн” асуудал хариуцсан орлогчийнх нь рекламдсан “Дахин 4 жил бидэнтэйгээ ажиллахаар боллоо, үүнд нь сюрприз барьж 3 хүний зардлыг дааж Англи улсад Олимпиад үзүүлэхээр боллоо” гэж бялдуучлан хашгирч байснаас нь Эрдэнэтийнхэн мэдэж авсан. Гэвч алга ташилт тэр цугласан олноос хангалтгүй сул байсан тул “Бороо орвол орсон шиг ор, алга ташвал ташсан шиг таш” гэж өнөөх эрхэм үг холбон хашгирч бараг л хүчээр шахуу алга ташуулсныг хүмүүс харж, харсан нэгнийх нь ой гутах шиг болсон дуулдав.
Эрдэнэтэд Ч.Ганзориг захирлын санаачилгаар баригдаж байгаа гэх “эмчилгээ-оношлогооны” өндөр өртөгтэй төв нийтийн анхааралд өртөөд байна. Зорилго нь сайхан энэ төвийн барилгын тоног төхөөрөмж зэрэг асуудал нь аймгийн удирдлага, Эрүүл мэндийн яаманд огт мэдэгдэхгүй хийгдэж байгаагаас мөн л их хардлагыг дагуулах болжээ. Хэн гэдэг хүн барилгыг нь бариулж, хэн нь тоног төхөөрөмжийг нь оруулж ирж байна гэхээр тэдний өөрийнх нь тойрон хүрээлэгсэд байна гэж хүмүүс ярилцана. Гаалийн татварыг нь гэхэд тэндхийн гаалийн дарга идэвхийлэн зохицуулж, 3асаг даргад нэр дэвшиж явна. Мөн Ч.Ганзориг захирал Их хуралд Архангай аймгаас дэвшинэ хэмээн үйлдвэрийн хэчнээн ч их хөрөнгийг тийш нь цацсаныг үйлдвэрийнхэн мэддэг гэнэ лээ. Архангай руу тасралтгүй цувсан машинууд үйлдвэрийн дотоод томилолтын тавин хувиас давсан гэх яриа ч байна. Бас болоогүй сум сумыг хариуцсан ажилтнуудыг цалинжуулан томилж байсан гээд бод. Гэвч өрсөлдөгч нар нь түүнийг урагш алхуулахгүй гэдгийг тооцсонгүй бололтой. Ганзориг захирал олон ч юмыг дутуу тооцсоноосоо болоод одоо Авилгатай тэмцэх газарт шалгагдаж, хэрэг үүсгэсэн хэмээн барих хорих асуудал ч боссон сурагтай.
Одоогийн байдлаар тэр Ганзориг гэгч хүний хөдөлмөрийн гэрээ нь дууссанаар эрх хэмжээ нь хязгаарлагдаж гарын үсэг зурах эрхгүй, орос ах нартай яриа тохироогоо хийсэн хэмээн пээдэгнэж, Хамтарсан зөвлөлийн хурлын шийдвэр хүлээн амралтаа авсан шиг зайдуухан сууж байна.
Ер нь орон нутагт байдаг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад дандаа холоос хүн тавьж, түр томилолтоор ажиллачихаад яваад өгөх тэдэнд Эрдэнэтийнхний цаашдын амьдрал, асуудал падлийгүй учраас ямар ч асуудалд ингэж хүнийрхүү хандах болсныг төр засаг анхаарч, оюун ухаан, шилдэг техник технологийн уурхай болсон энэ үйлдвэрийн дотроос энгийн засварчнаас нь эхэлж явсаар удирдах албан тушаалд очдог байсан тэр алтан холбоосоо санагалзаж байгааг сэргээж, нөхцлөөр нь хангаж өгөхгүй бол нэг л өдөр монголчуудын найдвар болж ирсэн саалийн үнээ маань ширгэх вий дээ?
URL: