Чечений түүхч: Чингис хаан чечень хүн байсан
Мянган суут хүн Чингис хааны гарал үүслийг өөрийн үндэстэнд хамаатуулах гэсэн оролдлого түүхчдийн зүгээс нэг бус удаа гардаг. Энэ удаад Чингис хааныг чечень хүн байсан гэх хачирхалтай хувилбарыг нэгшэн түүхч дэвшүүлжээ.
Тодруулбал, XIV зуунд амьдарч байсан Төмөр /Тамерлан/ хаан болон 1227 онд таалал төгссөн Чингис хаан нэг хүн байсан гэж Чечений түүхч Ризван Ибрагимов мэдэгджээ. Түүний өгүүлснээр Тамерлан буюу Чингис хаан мусульманы халиф байсан бөгөөд хүчирхэг гүрэн нь Хятад, Монголоос Хоризмын дорнод хэсэг Оросын эзэнт гүрний баруун хэсэг хүртэлх нутагт оршин тогтнож байсан гэнэ.
“Түүнийг нас барсны дараа эрх мэдэл хүү Дуки /чечень эрчүүдийн нэр/-д шилжсэн, Дуки бол Зүчи, Берке-хан, Берс-шайх гэсэн нэрээр түүхэнд үлдсэн” хэмээн Ризван Ибрагимов өгүүлсэн байна.
Чингис хаан мусульманы хаан байсан бөгөөд монголчуудын байлдан дагуулалт нь дэлхийн халифатыг цунлуулсан, дэлхий дахины мусульманчуудын улс төрийн найдварыг бүрдүүлсэн гэж түүхч үзжээ.
“Орост татар-монголын дарлал гэж хэзээ ч байгаагүй. Батый хан буюу Бат хаан бол Дуки /Зүчи/-ийн үеэл ах байсан бөгөөд тэд хоорондоо дайсагнасан” хэмээн Ибрагимов өгүүлсэн байна.
Энд дуулгахад, Ризван Ибрагимов энэ төрлийн “хачирхалтай” үзлээрээ алдартай нэгэн. 2017 онд Чечений Грозный хотын шүүх “Нохчи ардын тухай илгээлт”, “Палестин? Үгүй ээ, Чечень”, “Еврей ард түмэн өөрсдийгөө гайхуулдаг шигээ тийм улс биш”, “Берке, Зүчи эсвэл Берс Шайх” зэрэг номуудыг нь экстремист бүтээлүүд хэмээн үзэж байжээ. Эдгээр номонд Чечений ард түмнийг бусад үндэстнүүдээс хэт дээгүүр тавьсан, араб, еврей, оросуудыг үзэн ядах сэтгэлгээг дэврээсэн гэж шүүх үзсэн байна. Улмаар Ибрагимов энэ бүтээлүүдийнхээ төлөө Чечений тэргүүн Рамзан Кадыровоос биечлэн уучлалт гуйж байсан бөгөөд шүүх түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн өндөр настайг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оноож байв.
URL: