Дөрөв нь насанд хүрээгүй учир ялыг хойшлуулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүх хулгай, дээрэм, мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргосон, ийнхүү оргох явцдаа гэмт хэрэг үйлдсэн болон хүчингийн гэмт хэрэгт холбогдсон 22 залуусын хэргийг өчигдөр хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Энэ нь хорих 461 дүгээр ангид шинээр байгуулагдсан шүүх хуралдааны танхимд болсон анхны шүүх хурал юм. Олон оролцогчтой, ээдрээ маргаантай хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор байгуулсан уг танхимд болсон шүүх хуралд 22 шүүгдэгч, тэдний 17 өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор, шүүх бүрэлдэхүүн гээд нийт 56 хүн оролцсон байна.

Шүүгдэгчийн дөрөв нь насанд хүрээгүй, мөн зарим шүүгдэгчид прокуророос хүчингийн гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул шүүх хуралдаан хаалттай болжээ.

Сонгинхайрхан дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэг шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна. Мөн насанд хүрээгүй дөрвөн шүүгдэгчид бүлэг хулгай, дээрмийн хэрэгт нь тус бүр таван жилийн хорих ял ногдуулаад, хуульд заасны дагуу уг ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн эдгээр залуусаас дөрвийг нь прокуророос Эрүүгийн хуулийн 126.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан ч хүчингийн хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй учир шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд 2008, 2010-2011 онд 1-20 удаагийн үйлдлээр бүлэглэн хулгай, дээрэм, мөрдөн байцаалтаас оргон зайлах явцдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, 17 шүүгдэгчид хэргийн оролцоо, хэдэн үйлдэлд гэм буруутай зэргийг нь харгалзан гурван жил  таван сараас найман  жил  зургаан  сар хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар шийдвэрлэжээ.

О.Сэргэлэн


URL:

Сэтгэгдэл бичих