Согтуу жолооч нарын ХИЙРХЭЛ хэрээс хэтэрчээ
Сэтгэл шимшрэм осол аваар гарахад халагладаг хэр нь цагдаа зогсооход төвөгшөөдөг нь бидний зан.
Замын цагдаа түр зогсоож үлээлгэхэд, эгдүүцэж өч төчнөөн тайлбар тавих жолооч нар бишгүй. Тиймдээ ч дохиураа дохисон замын цагдааг тээврийн хэрэгсэл болон жолоочоос өө хайж байна гэж бид хардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд иргэдийн эрүүл, аюулгүй зорчих, осол гэмтэлгүй хөдөлгөөнд оролцох, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулахын төлөө ажиллаж байгаа нь тэр. Бид нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, замын цагдаа нарын ажлын нөхцөл, жолооч нарын хариуцлага, гэмт хэрэг зөрчлийн талаар сурвалжиллаа.
Тодруулбал, энэ сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс, дүүргийн цагдаагийн газартай хамтарч ТЦА-ны батлагдсан хуваарийн дагуу нэг өдрийн хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.
Үүний хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, зурагтын шинэ эцэс, алслагдсан гэр хороолол, XI хорооны худгийн нарийн зам, Барсын зам, Гурвалжингийн гүүрний урд зам зэрэг арван цэгт хяналт шалгалт явууллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгайд алдагдсан эд зүйлсийг олж илрүүлэх чиглэлээр явуулсан тус үйл ажиллагаанд зургаан автомашин, хэв журмын болон цагдаагийн 68 албан хаагч ажилласан.
Шөнийн 02:30 цагт хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо төдийлөн буурсангүй. Үүнээс харахад дөрвөн дүүрэгтэй хил залгаа оршдог төвийн дүүрэг болох Баянголд замын хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг нь илт.
АРХИ УУСАН АВИР МУУТАЙ ЖОЛООЧ НАР
Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт энэ сарын 16-17-нд шилжих шөнийн 23:20 цагаас 02:30 цаг хүртэл хяналтын цэгүүд дээр ажиллаж, дуудлага мэдээллийн тухай газар дээрээс нь сурвалжлах явцад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 11, улсын дугаар болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг нийт 30 гаруй зөрчил илэрсэн юм.
Согтуу жолооч нар замын цагдааг хэл амаар доромжлох, эсэргүүцэл үзүүлэх зэрэг тохиолдол тогтмол гарч байв. Архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн жолооч нарыг үлээлгэхэд 0.29-0.85 бүхэл гарч байсан юм.
Энхтайвны гүүрний дор шаардлага биелүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн дагуу очиход “Би наадахыг чинь үлээхгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлсэн учир нэмэлт хүч дуудаж, ахлах нь ирснээр буруугаа ухамсарлан сууж буй нь тэр гэнэ.
Түүнээс “Яагаад архи уусан үедээ машин барьсан, шаардлага биелүүлэхгүй байсан бэ, энэ цагдаа тантай зүй бусаар харьцсан уу, замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулийг мэдэж байгаа юу” гэхэд ямар ч хариулт өгсөнгүй.
Харин тухайн Цагдаа гар утсаа гарган түүний байж боломгүй авирлаж буй бичлэгийг үзүүлэв. Тус бичлэгт жолооч утсаар хэн нэгэнтэй ярих бөгөөд “Чи муу цаашаа бай, би явъя. Ганболд гээд нэг нөхөр байна таних хүн байна уу. Би наадахыг чинь үлээх алба байхгүй” хэмээн элдвийг хэлж доромжилсон байлаа.
Мөн Баянзүрх дүүрэг дэх Натурын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй түр зогсох дохиог тоолгүй зугтсан бөгөөд цагдаагийн албан хаагч дараа дараачийн цэгүүддээ шуурхай мэдээлснээр тус машиныг саатуулсан байлаа. Шаардлага биелүүлэлгүй зугтсан 30 гаран насны эмэгтэй жолооч хэд хэдэн удаа үлээсний эцэст 0.26 бүхэл гарсан юм.
Тэрбээр ажлын хамт олонтойгоо хоёр машинтай явж байсан бөгөөд хурц гэрэл тусгасан телевизийн камер, сэтгүүлчдэд эгдүүцсэн хүмүүс биднийг тойрон зогсож “Хүний эрх чөлөөнд халдлаа. Бид нэгнийхээ найранд бага зэрэг айраг уучихаад л явж байна. Та нар олон тэрбумаар нь идсэн улстөрчдөө гарга. Биднийг зүгээр явуул. Хэрэв энэ хүний нэр төр унавал та нарт хариуцлага тооцно шүү” хэмээн тал талд хашхиралдаж байв.
Олны дунд цөс нь хөдөлсөн нэг залуу цагдаагийн өөдөөс эсэргүүцэл илэрхийлж, камер барьсан зураглаачийг цохиод авах нь тэр. Үнэн хэрэгтээ тэдний нэр болон хувийн мэдээллийг дурдаагүй бөгөөд, дүрсийг сарниулж гаргадгийг телевиз үзэгчдийн хэн нь ч мэднэ.
Хэвлэлийн эрх чөлөө болон цагдаагийн албан хаагчийн эрх чөлөөний тухай огт бодолгүй цээжээ дэлдэн хүний эрх ярьсан олон зуун хүн үүрэг, хариуцлага гэдэг зүйлийн талаар нэгээхэн ч ойлголтгүй байгаа нь илт. Хэрэв үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцдог бол ийм хэрэг зөрчил олон гарахгүй. Би гайгүй сайн машин барьдаг, цагдаа л таарахгүй бол хамаагүй” гэсэн ахархан бодлоор жолоо атгаж эрдэнэт хүний амь, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол өдөр бүр гардгийг үл тоох бүдүүн зүрхтнүүд олширчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дахь хэсэгт заасны дагуу “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох” арга хэмжээ авдаг аж.
Архи, согтууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ явганаар болон тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож осол аваарт өртөх тохиолдол элбэг байгааг ГССҮТ-ийн жижүүр, их эмч Б.Ганбаяр дурдав.
Тэрбээр, “ Өглөөний 08:00-00:40 цагийн хооронд манай хүлээн авахаар 356 хүн үйлчлүүлсэн. Тэдний 50 гаруй хувь нь архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээс болж ямар нэгэн бэртэл гэмтэл өртсөн байдаг.
Нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тохиолдол цөөнгүй гардаг. Одоогийн байдлаар согтуугаар машин барьж яваад шон мөргөж тархиндаа хүнд бэртэл авсан жолооч эмчилгээ хийлгэж байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс биеэ авч явах чадваргүй болж, зам тээврийн осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүллээ” хэмээв.
“ҮЛЭЭХГҮЙ БАЙЖ БОЛДОГ” ГЭСЭН ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ ИРГЭДЭД БАЙНА
Замын хөдөлгөөнд оролцогч. жолооч нарын үүрэг хариуцлагын талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
-Үлээж, шалгуулах дургүй хүмүүс их таардаг юм шиг байна?
-Жолооч нарын ухамсар үүрэг хариуцлага, иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө цагдаа хяналт тавьж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн иргэд хэн нэгнээс буруу ташаа мэдээлэл авснаар “Үлээхгүй байж болдог” гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг нь анзаарагддаг.
-Шаардлага тавьж ажиллах явцад эсэргүүцэлтэй тулгарах нь цөөнгүй байна. Цагдаагийн албан хаагчийн биед халдах тохиолдол гарсан уу?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн болон шаардлага биелүүлэхгүй эсэргүүцсэн жолооч нар цагдаагийн албан хаагчийн эрх чөлөөнд халдаж, бие махбодын гэмтэл учруулах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ оны эхний арван сарын байдлаар замын цагдаагийн албан хаагчийн биед халдсан хоёр тохиолдол гарсан. Эдгээр зөрчлийг холбогдох хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн арга хэмжээ тооцсон.
-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, бусад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийг мөрдөж шалгуулах үүрэгтэй. Үнэхээр үлээхгүй байх тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авна. Ингэхдээ тус жолоочийг түр саатуулах байранд хүргэж маргааш өглөө нь согтууруулах ундааны үйлчлэл гарсан үед үйлдсэн зөрчлийг нь тайлбарлаж өгдөг. Шалгуулахаас зайлсхийсэн гэдгээрээ жолоодох эрхийг нь хасах хуулийн заалт ч бий.
ШИНЭ ЖОЛООЧ БОЛОХООР МАШИН УНАХ ХОРХОЙ ХӨДӨЛДӨГ
Богино холбоогоор мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн XI хорооны худгийн нарийн замд бид очив. Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн “Э” тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гарчээ. Цагдаагийн албан хаагч бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад тэрбээр, “Жолооны курст сурч байгаа өнөөдөр шалгалтаа өгсөн.
Үнэмлэх гараагүй. Аав хөдөө явсан болохоор хэдэн төгрөг олоод ирье гэж ээжээсээ гуйсаар байгаад машиныг нь авч гарсан. Шинэ жолооч болохоор машин унах хорхой хөдлөөд” хэмээв. Албаны хүн түүнд “Шалгалт өгсөн ч үнэмлэх гараагүй л бол та жолооч биш. Хууль дүрмийн дагуу жолоодох эрх авч байж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй” гэдгийг санууллаа.
Зөрчлийн тухай хуульд зааснаар түүний унаж явсан “Хонда” маркийн автомашиныг нь түр саатуулж, жолоочид болон жолоо шилжүүлсэн автомашины эзэмшигчид холбогдох торгуулийг ногдуулсан юм. Замын цагдаагийн нүднээс далд, алслагдсан гэр хорооллын замаар жолоодох эрхийн үнэмлэхгүй хүмүүс хөдөлгөөнд оролцох, орон байрны хулгайн, бусдыг дээрэмдэх гэмт хэрэг гарах тохиолдол их байгааг албаны хүмүүс онцоллоо.
Хорхой нь хүрсэн бүхэн хааз гишгээд байвал хотын гудамжинд эмх замбараагүй байдал үүснэ. Тийм учраас жолоодох эрхээ албан ёсоор аваагүй тохиолдолд өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцохгүй байх нь зүйтэй юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
URL: