“NBA” их хэмжээний алдагдал хүлээжээ
АНУ-ын Үндэснийн сагсан бөмбөгийн холбоо /NBA/ болон БНХАУ-ын харилцаанд хямрал үүссэний улмаас “их хэмжээний” алдагдал хүлээлээ гэж “NBA”-н тэргүүн Адам Силвер мэдэгдсэн байна.
А.Силверийн хэлснээр, санхүүгийн үр дагавар маш их байгаа бөгөөд цаашид ч үргэлжилж магадгүй ажээ. Энэ сарын эхээр “Хьюстон Рокетс” багийн ерөнхий менежер Дерил Мори Хонконгийн жагсаалын талаар жиргэсний улмаас Хятадын фирмүүд тус багийг ивээн тэтгэх, тоглолтуудыг нь телевизээр нэвтрүүлэх ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ.
Хятадын төрийн өмчит “CCTV” болон “Tencent” компани “Хьюстон Рокетс” багийн тоглолтуудыг нэвтрүүлэхээ зогсоож, Хятадын Сагсан бөмбөгийн холбоо тус багтай хамтын ажиллагаагаа түр зогсоосон байна. Мөн Хятадын спорт хувцасны “Li-Ning” брэнд болон “Хьюстон Рокетс” багийн Хятад дахь ивээн тэтгэгч “Shanghai Pudong” хөгжлийн банк мөн ижил шийдвэрийг гаргасан байна.
“NBA” нь Хятадад ихээхэн нэр хүндтэй бөгөөд 800 сая гаруй үзэгчтэй ажээ. 1992 онд “NBA” анхны оффисоо Хонконгт нээснээр хоёр талын харилцааны эхлэл тавигджээ. 2002 онд Хятадын тамирчин Яо Мин “Хьюстон Рокетс” багтай гэрээ байгуулснаас хойш тус багийн Хятад дахь дэмжигчид ихээхэн нэмэгдсэн байжээ.
URL: