Хөөрхөн дүү Н.Номтойбаяр танаа

Энэ өдрөөс эхлээд хөөрхөн хонгор дүү минь чи дэд сайд боллоо. Нийгмийг хамгаалаад бас дээрээс нь хөдөлмөрийг нь хариуцдаг яамны дэд сайд гэх албанд чадсан ч чадаагүй зүтгэх л боллоо. Чангахан алба даа. Гэхдээ чамайг чамламааргүй байна. Учир нь 90 жилийн түүхтэй нам дүү хүүг тодруулсныг бодоход эрдэм чадал, авъяас бэлэг чинь хэтийдсэн (мөнгө чинь хэтийдсэн гэмээргүй байна…) тул ийм сонголт хийсэн гэж санана. Чамайг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ “Монгол ардын намын шинэхэн байрыг бариулахад тэрбум төгрөг хандивласан тухай дээдсийн найр цэнгүүнд улаан даашинзтай бүсгүйгээр гангарсныг, хаа сайгүй биш юм аа гэхэд хааяа нэг хэтэвч зузаанаараа ааглаж гэнэ” хэмээн бусдын л адил мэдээлэлтэй сууна. Харин “Монголын алт” компанийн захирал Б.Нямтайшир гэх эцгийн чинь тухай нэлээд мэдээлэл бий шүү. За, энэ юуны хамаа. Сайн эцгийн нэрийг хэд худалдаж идэх нь чиний хэрэг. Харин эцгийн нэр, хөрөнгөөр туйлж болдоггүй  төрийн алба хэцүү. Ялангуяа баян эцгийн хөрөнгөн дээр туйлж өссөн банди нарын хувьд энэ яам хатуу боорцог доо. Учир нь Монголын хамгийн эмзэг хэсгийнхний эрх ашиг наад яаманд чинь хамаатай юм. Хөөрхөн дүүгээ Сангийн дэд сайд Ч.Ганхуяг шиг талхны үнэ мэдэхгүй гэж доош хиймээргүй байна. Гэхдээ алт, талх хоёр тэнгэр газар шиг зөрүүтэйг хэн нэгэн чамд сануулсан байгаасай л гэж найдъя. Тэрбумтны хүү байтугай жирийн офицерийн гэрт өссөн сэтгүүлч Т.Ганди энэ салбарын ажлыг гүнд нь ортол мэдрэхгүй л байгаа юм даа. Тийм болохоор өөрийн хийж бүтээсэн хөрөнгө зоориор биш өвлөн авсан эд хөрөнгөөр туйлаачдын эгнээг манлайлан төрд гарч ирсэн дүү энэ мэт хатуу үг хангалтгай сонсох л байлгүй. Төрийн сайдын алба гэдэг тансаг байшин дотор торгон хөнжилд хөлбөрөхтэй адил зүйл биш. Бүхнийг мөнгөөр худалдаж авахыг санаархагчдын хоргодох байр бүр ч биш. Энэ салбарын сайд борчуудын амьдралыг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг бүр амталдаг хүн байх ёстой. Түүнээс биш эхнэрийнхээ чихэнд машин зүүчихээд булга торгоор хөлөө ороож суудаг “тэнгэрийн амьтан” хэрэггүй ээ.

Хөөрхөн дүү чи юунд, яах гэж очиж байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа даа. Юун түрүүнд тавхан сарын дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх гээд Сэлэнгэ рүү гүйдэлтэй болсон гэдгийг чинь замын хүнээс сонслоо. Хийх ажилгүйдээ төр рүү зүтгээгүй байх. Гэхдээ төрийн түшээ болно гэдэг тоглоомоо эвдчихээд шинийг авдагаас өөр зүйл билээ. Харин чамайг мөнгөний АТМ болгон харж байгаа ах нараас чинь өмгөөлсөндөө ийнхүү бичлээ. Гэвч үнэн үг хэлсэн хүнд юу өшөөтэй гэдэг билээ дээ… Атаархсандаа ингэж байгаа юм гээд чамд долгинох “гар”- ууд захаас аваад олдоно. Чи ганцаардахгүй ээ. “Хүчтэй ганган явахын цагт хүн байтугай нохой инээнэ” гэсэн Р.Чойномын мөрөөр үүнийг дуусгая. Ном уншдаг биз дээ, дүү минь.

Улс Төрийн Тойм сонин

URL:

Сэтгэгдэл бичих