Нигерийн Ерөнхийлөгч барууныханд улсаа худалдах гэж байсан уу
Дэлхий дээр 40 улстөрчийг авилгалд сэжиглэж байна-
Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн луйвраас сэргийлэх алба (EFCC) дэлхийн 30 гаруй улсын 40 орчим улстөрчийг авилгад ямар нэгэн байдлаар өртсөн хэмээн үзжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргээс урьдилан сэргийлэх байгууллага 100 хүнд хамаарах 40 улстөрчийн жагсаалтыг гаргалаа. Тус байгууллагын төлөөлөгч Адоке Визар хэлэхдээ “Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн дэлхийн улс орнуудын дотоод парламентыг хянаж үзсэн. Гэтэл авилгалд идэгдсэн байж болзошгүй улстөрчдийн тоонд санаанд багтамгүй хэд, хэдэн хүн байлаа. Тухайлбал, Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Күдлак олны анхаарлыг ихэд татлаа” гэжээ. Ж.Күдлак барууны зарим улстай нууц хэлэлцээр байгуулсан байж болзошгүйг агентлаг давхар мэдээлсэн нь асуудлыг хурцатгажээ. Уг нь Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд Жонатан Күдлак иргэдийн саналыг “хуу” хаман Засгийн эрхэнд гарсан. Гэвч тэрбээр ард түмнийхээ итгэлээр бизнес хийсэн эсэх нь батлагдахад богино хугацаа үлдээд буй нь нэг бодлын харамсалтай ч нөгөөтэйгүүр арчаагүй байдлыг нь илтгэв. Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллага мэдээлэхдээ “Жонатан Күдлак Европын нэр бүхий компаниудтай хувийн гэрээ байгуулсан. Энэ нь нефтийн асар их баялагтай Нигерийн эрх баригчдын оролцоогүйгээр шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Итали, Испани, Герман, Франц зэрэг Европын “акул”-ууд Жонатан Күдлакт хувийн санал тавьжээ. Юу гэхээр, Нигерийн нефть импортлогчид сүүлийн саруудад хил, гаалиар татвараар нэвтрэх нь эрс ховорджээ. Тиймээс гадны компаниуд хэдэн зуун сая баррель нефть ямар нэгэн хяналтгүй эх орон руу гаа “урсгаж” эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулж Нигерьт шатахууны хомсдол үүсч, иргэд шатахуун түгээх станцуудын үүдэнд хоосон сав барин дугаарлан зогсох болов. Эцэстээ шатахууны үнэ тэнгэрт хадаж, дотоодын хэрэглээ хомсдолд оржээ. Энэ нь ард иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, тэд гудамжинд гарч үзэл бодлоо илэрхийлэн жагсацгаав. Цагдаа нар ард иргэдийн эсрэг нулимс, асгаруулагч бороохой, хийн буу ашиглаж эхэллээ… Энэ бүхэн Нигерьт өрнөж буй өнөөгийн байдал. Эмх замбараагүй байдлын далдуур ямар хэлэлцээр, хэний оролцоотой болж өнгөрсөн бэ гэдгийг гадны ажиглагч агентлагууд дэс дараатай дэлгэж эхэлснээр улсаа худалдаж буй Ерөнхийлөгчийн бузар үйлдэл илрэв бололтой.
Одоогоор агентлагийн мэдээлж буйгаар Нигерийн Засгийн газартай холбогдох 24 баримт бичиг ил болжээ. Цаашлаад агентлаг Нигерийн төрийн тэргүүний гадны компаниудтай хийсэн баримтуудыг ил болгохоор ажиллаж байна. Харин ямар компаниудтай анти-монополь буюу ганцаар ноёлох гэрээнд үзэглээд байгааг нууцалжээ. Адокегийн хэлж буйгаар “AGF” консерциум энэ гэрээнд толгой цохисон бөгөөд үүнээс бусад компаниудын нэрийг шууд нууцлах юм байна. Агентлаг Нигерийн Засгийн газрын хаалттай хөшигний цаана байгуулсан луйврыг илчилбэл Жонатан Күдлакийн засаг захиргааны хувьд хар өдрүүд эхлэх аж.
Ард иргэдийн сэтгэл зүйг мухардуулахын тулд Жонатан Күдлак Засгийн газрын гишүүн Вазириг буруутгаж, түүнийг Газрын тосны яамыг тэргүүлж байх үедээ Нигерьт ашиггүй гэрээ олноор байгуулсан хэмээн ялласан билээ. Одооогоор Вазири 15 жилийн ял сонссон төдийгүй туслахуудынхаа хамт хоригдож байгаа аж.
Бэлтгэсэн Т.ХАСАР
URL: