Монголын эрх чөлөөг АНУ хамгаалах цаг ирлээ
АНУ-ын Ази судлалын “American Enterprise Institute” хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Майкл Ослины бичсэн “Чингэс Путин” нийтлэлийг “Wall Street Journal” сэтгүүл нийтэлснийг сонирхуулъя.
Вашингтон Иракийн асуудалд хамаг анхаарлаа хандуулж байхад ОХУ Евроазид нөлөөгөө улам бүр бэхжүүлсээр байна. Хэрвээ АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Оросын энэ байдлыг төдийлөн анхаарахгүй өнгөрөөх юм бол Азид хөгжиж буй ардчилалд аюул учирч магадгүй. Ингэснээр дэлхийд ашигт малтмалаараа тэргүүлдэг улс, АНУ хоёрын хооронд стратегийн зөрчилдөөн үүсч магадгүй юм.
Азид ардчиллыг хамгийн амжилттай хөгжүүлж буй орнуудын нэг болох Монгол нь сүүлийн үед ОХУ-ын анхаарлын төвд ороод байна. 1990 онд Монголд анх удаа ардчилсан сонгууль болсноос хойш энэ системийг тогтворжуулж өдгөө улс төрийн 15 нам үйл ажиллагаагаа явуулж байна. Тус улсад хоёр ч удаа засгийн эрхийг тайвнаар шилжүүлэн өгч байсан. Энэ сарын 29-ний өдөр монголд парламентын сонгууль болно. Социологийн судалгаанаас үзэхэд 2000 оноос төр барьж буй МАХН нь ялагдал хүлээж Ардчилсан нам ялалт байгуулж магадгүй байна.
Сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалан Монгол, Оросын харилцаа анхаарлын төвд байх болно. Оросын “Роснефть” компани нь Монголд хэрэглэж буй шатахууны 90 хувийг нийлүүлдэг. Сүүлийн гурван сарын хугацаанд тус компани нь үнээ хоёр ч удаа нэмсэн. Ингэхдээ дунджаар 20 хувиар нэмсэн байна. Энэ нь 2006 оноос инфляц нь 15 хувьтай байгаа Монголд барааны үнэ өсөхөд хүргэжээ. Саяхан “Роснефть” компани (Нефть олборлох бус борлуулах гэдгийг зохиогч буруу ойлгосон бололтой орч.) Монголын албаны хүмүүст мэдэгдэхдээ тус улс дахь нефть олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулах эрх олгосон тохиолдолд шатахууны үнээ бууруулна гэжээ. Москва Монголд 100 ШТС байгуулна гэсэн. Ингэснээр Монгол дахь давуу байдлаа улам баталгаажуулж эрчим хүчний хэрэглэгчдийн сонголтыг улам бүр хязгаарлана.
Иймэрхүү аргыг Монголын эдийн засгийн бусад салбарт ч хэрэглэсээр байгаа. Орос нь Монгол дахь төмөр замын байгууллагын хувьцааны 49 хувийг эзэмшдэг, мөн зэс, алт олборлодог томоохон компанийн хувьцааны дийлэнх хэсэг ч тэдний мэдэлд байна. Ерөнхий сайд В.Путины байгуулсан үйлдвэрлэлийн группийнхэн Монгол дахь Оросын гурван компанийн байр суурийг улам бэхжүүлэх гэж оролдож байна. Ингэж чадваас Монголын эдийн засгийн амин сүнс болсон байгууллагыг хяналтдаа авах юм. Харин Монголын эрх баригчид албан ёсны мэдэгдэл хийхдээ Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж байгаа нь давуу талтай гэсэн. Гэтэл цаагуураа Москва шинэ зах зээлээ нээж өгөхийг шахаж байгаа тухай ярьж байна. Тиймээс барууны компаниуд хангалттай хөрөнгө оруулалт хийхгүй байгаад Монголчууд харамсч байгаагаа илэрхийлсээр.
Хэдийгээр байдал иймэрхүү байгаа ч Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн тавдугаар сард Москвад айлчилж уран боловсруулах, цөмийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Оросын шинэ Ерөнхийлөгч Д.Медведев хоёр талын бараа эргэлтийн хэмжээ удахгүй нэг тэрбум ам.долларт хүрнэ гэж мэдэгдсэн. Энэ нь Хятадын дараа ордог худалдааны түнш болох Монгол дахь Оросын байр суурийг бэхжүүлэх юм. Хэрвээ энэ хандлага цаашид ч үргэлжлэх юм бол Монгол эдийн засгийн хувьд Путины мэдлийн Оросын хараат байдалд орно.
Азийн орнууд тэр дундаа ардчилсан замаар хөгжөөд удаагүй байгаа улсууд Оросын тавьсан шаардлагыг ямар нэгэн байдлаар биелүүлэхээс өөр аргагүй юм. Ингэхийн сацуу тусгаар тогтнолоо хамгаалж чадна гэдгээ ард иргэддээ харуулах ёстой. Хэрвээ ОХУ нь Монголд шахалт үзүүлж эдийн засгийн хувьд хараат байдалд оруулж чадах юм бол энэ аргаа Төв Азийн бусад оронд халдааж магадгүй.
Энэ нь бусдад ямар үлгэр дууриалал болохыг төсөөл дөө. Хятад иймэрхүү аргаар нэлээд зөрчилдөөнтэй асуудлыг шийдэж болно гэсэн ойлголт авна. Экспорт, импортын эрх мэдлээ ашиглаж асуудлыг шийдэж болох тул дипломат арга нь цаг дэмий үрсэн ажил болох нь. Ийм дарамт шахалтыг ардчилсан Япон, БНСУ-д ч үзүүлж, худалдааны бүс байгуулахыг шаардаж тэнд нь дарангуйлагч дэглэмтэй орнууд эрх мэдлээ тогтооно. Эцэст нь Монгол болон бусад улс орнуудаас Москвагийн хөрөнгө оруулагчдыг хамгаалахын тулд стратегийн асуудал дээр буулт хийхийг шаардана. Ингэснээр ОХУ нь хилийн чанадад цэргийн хүчээ улам бүр бэхжүүлэх юм.
Тэгвэл Вашингтон ямар алхам хийж чадах вэ? Нэгдүгээрт, АНУ, Монголын худалдааг өргөжүүлэхийг дэмжих ёстой. 2007 онд хоёр улсын нийт бараа эргэлтийн хэмжээ 120 сая ам.доллартай тэнцэж байсан. Тиймээс бид 2004 онд байгуулсан худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээндээ баригдах ёсгүй. Чөлөөт худалдааны тухай хэлэлцээ хийж эхлэх ёстой. АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлж бус “Мянганы сорилтын сан” нь Монголд дэд бүтцийг хөгжүүлэх төслийн төлөвлөгөөг улам өргөжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо буй 285 сая ам.доллараас илүү ихээр санхүүжүүлэх ёстой. Энэ тал дээр монголчууд өөрөө өөрсдөдөө ч тусалж чадна. Барууны хөрөнгө оруулагчид төдийлөн идэвхтэй буй байгаа нь Монголын төрийн үйл ажиллагаанд зарим нэгэн тулгамдсан асуудал байгаатай холбоотой.
Хоёрдугаарт, Оросын хэрэглэж буй албадсан байдалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, иймэрхүү байдлаар байгуулсан эдийн засгийн гэрээг буруутгах ёстой. Хөгжиж байгаа орнууд нь давуу байдлаа ашиглан тэдний эсрэг эдийн засгийн арга хэрэглэхгүй гэдэгт итгэлтэй байх ёстой. Өнөөдрийг хүртэл АНУ болон Азийн ардчилсан улс орнууд энэ талаар үг дуугараагүй. Гэтэл Орос Монголыг улам бүр айлгасаар байна.
Гуравдугаарт, АНУ нь Ерөнхийлөгч Ж.Бушийн 2007 онд болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулган дээр санал болгосон тус бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх хамтын ажиллагаа гэсэн санааг хэрэгжүүлж болно. Бүс нутгийн ардчилсан улс орнуудын харилцаа холбоог бэхжүүлж эдийн засгийн болон стратегийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд АНУ тусална гэдэгт Монгол итгэлтэй байх ёстой.
Эцэст нь хэлэхэд АНУ, Монгол хоёр нь хамтарсан цэргийн сургууль, энхийг сахиулагчдыг бэлтгэх зэрэг батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлж болно. Хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд оролцсогчдыг бэлтгэх төв байгуулсан бөгөөд Монгол Ирак руу 200 цэргээ илгээсэн. Ерөнхийлөгч Ж.Буш 2005 оны арваннэгдүгээр сард Монголд айлчлахдаа тус улсыг “Эрх чөлөөний үйл хэргийг ахан дүүс” гэсэн. Тиймээс одоо АНУ нь энэ эрх чөлөөг эдийн засгийн болон улс төрийн заналхийллээс хамгаалах цаг ирлээ.
Юмсүрэнгийн Дэлгэрмаа
Өдрийн сонин
URL: