Хүний дор орохгүй

fc76b350fa1f4212Moнгoлчyyдыг зарчимлаг залхуу ард түмэн мөн гээд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, дипломатч Майский тодорхойлчихсон байдаг. Энэ нь заяанаасаа залхуу, засаршгүй залхуу гэсэн утгатай юм. Үүн дээр гарчигт өгүүлсэн бас нэг чанарыг нь нэмэх гэж байна.

Энэ бол монголчуудын хамгийн зарчимлаг зарчим нь. Төрийн хууль цаазаас ч дээгүүр. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх хүүдээ эх нь захидаг ганц захиас. Бараг гэрээслэл ч гэж болно. “Хүний дор битгий ороорой”, “Муугаа бүү үзүүлээрэй”. Эрдэм ном, ажил төрөл, ахуй амьдрал, мөнгө цаасан дээр хүний дор орохгүй гэж яваа түг түмэн монголчуудаа баалах гэж байгаа юм биш. Арай өөр өнцгөөс хөгийн тэнэг араншинг нь илчлэн бичиж, буруушаах гэж байна. Санаа сэдэл авах тэнхээ байна уу, монголчууд минь. Гашуун ба хөгийн жишээ хөвөрч өгнө, хүмүүс ам мэдэн ярина. Ярьсаар байгаад улиг болгочихсон. Засарна гэж гонж. Бүгд болсон явдал, бүгд баримттай.

Эрх бүхий дүүргүүдийн намын байгууллагуудад “Алтангадас” одон бөөнөөрөө дарагдаастай, сонгууль болохоор гаргаж ашигладаг юм уу даа. Дүүргийн намын даргад хэд гурван цаас өгч урьдчилаад аваад зүүчихдэг, үнэмлэх дээр нь Ерөнхийлөгчийн гарын үсэг зураатай, дүүргийн намын дарга нэрийг нь бичээд л боллоо. Төрөлх сумынхаа ойн баяр наадамд уригдсан хоёр хос намын даргатайгаа ярьж байгаад хоёулаа “Алтангадас”-ыг хоёр сая төгрөгөөр аваад энгэртээ зүүчихэв ээ. Нэгийг нь нэг саяар, хоёрыг хоёр саяар. Нууц ханш нь.

Яах гэж байгаа юм гэсэн чинь сумынхаа ойн баяр наадам дээр хос “Алтангадас”-аар хоёул гоёж амьтны нүд хужирлах, улс төрд зүтгэсний хэрэг юу билээ, төрөөрөө үнэлүүлчихлээ гэж нутгийнхандаа гайхуулах, бүр арга барагдахад нийслэлд өчнөөн жил ирж суучихаад “Хүний дор ороогүй явна шүү” гэдгээ нутагтаа очихдоо мэдрүүлэх, хүчтэйхэн эргэн очиж байгаагаа илтгэх санаа төрсөн нь энэ гэнэ. Хоёр хос маань зах дээрээс торго дурдан, хоргой аваад яг ижил дээл, хантааз хийлгэж, нэг загварын ижил өнгөтэй бүрх малгай том жижгийг худалдан авч хосолж өмсөөд жийпэндээ сэгсчүүлсээр нутгийнхаа барааг харж наадамлаж, найрлаж, хүндлүүлж гэнэ. Нутаг усныхаа нэрийг нийслэлд мандуулж яваа хоёр хосод хүндлэл үзүүлж, айраг цагаа, хорхог, мах буузаар бялууртлаа шахуулж аваад буцжээ.

Xос “Алтангадас” гэснээс төрийн одон ингэтлээ доош орж үнэгүйдсэн юм бол төрийн одонгийн жагсаалтаас хасаад намуудын “Сонгуулийн одон” гээд зарлачихмаар юм. Бас нэг парадокс. Ярьж байна лээ, тэр борлуулж зардаг нөхөд нь. Том бүдүүн хар машин унахгүй бол нойр нь хүрэхээ больчихсон нөхдийн тухай болсон явдал. Нэгэн аймгийн сумын дунд сургууль төгсөгчдийн төгсөлтийн гуч гэнэ үү, гучин тав гэнэ үү, тэмдэглэлт баярт төрсөн сумандаа очих гэсэн нэг нөхрийн тархинд “Ланд” жийп шүглэчихэж.

Түүнгүйгээр очихгүй бол ёстой болдоггүй юм гэнэ. Амьтан хүний нүүр яаж харах юм, нэр төрд цөвтэй, үр хүүхдийн нэрэнд хүртэл сэвтэй, ерөөсөө л “Ланд” шинээр нь авч барьж очно гээд мань хүн хэдэн сар цамнах нь тэр. Нөгөө “Ланд” нь 245 сая төгрөг, мань хүн тэр мөнгийг олох гэж байдгаа шавхаж, золтой л амиа өргөчихсөнгүй. Бөөн хэрүүл уруул дунд хотын төвийн хоёр өрөө байшингаа 120 саяар дөнгөн данган зарав. Ахан дүүс, амраг садангуудынхаа байр сав, зуслан, хашаа байшинг ломбардад тавиад тавиад 245 саяд нь хүргэж чадсангүй. Улаанхуаранд хоёр өрөө байрыг 80 саяар заруулах гэтэл хүн авсангүй ч гэх шиг. Дутуу мөнгөө өр болгож лизинг бололтой барьцаанд тавьж хүсэн хүлээсэн жийпнийхээ түлхүүрийг авах нь авчээ.

Буланг нь халцлах төдий л эргэж үнээ барихгүй шүү гэсэн хатуу болзолтойгоор төрөлх сум руугаа зорих гэж байгаа нөхөр гэр бүл үр хүүхдээ түрээсийн байранд оруулж орхиод аравдугаар анги төгсөгчдийнхөө баярт явав. Ердөө гуравхан хоногийн найр наадам, уулзалт, шарталт. Сумын төвийн балгас болох шахсан хэдэн халтар байшин, нурж унах шахсан хашаа хороо, дов сондуул, шавар шалбааган дундуур 100 метр хүрэхгүй замаар нэг ганган жийптэй нөхөр л салхи татуулан давхиж, Улаанбаатарт олон жил сууж бизнес хийснээ гайхуулж яваа юм биз дээ. Жийптэй очсонд нь сумын дарга нар налж унаад л, сумын миссүүд хуйлраад л, найран дээр илүү их архи мах оногддог, сархадын дээжээр мань хүн эхлэн сэржим өргөөд л, өөр яадаг ч юм, бүү мэд. Амь амьдралаа золиослох шахан байж жийп авсны гавьяа байж л таарна даа.

Би бага сага хэтрүүлсэн байж магад, гэхдээ үнэний ортой. Үүнийг ямар ухаан гэх вэ. Нэг бол мань мэт нь ойлгож ухаарах аргагүй гоц төгс ухаан, нэг бол усан тэнэг явдал, өөрөөр бас нэрлэ дээ, уншигчид минь. Хэн ч албадаагүй, дарамтлаагүй байхад улаанбаатарчууд бид өөрсдийгөө автозамын түгжрэлд хав бариад хийчихлээ. Бүр хүлээд тавьчихлаа. Машин авч унахгүй бол “ална шүү” гэх заналхийлэл ядаж ганц ч монгол хүнд хаа нэгтэйгээс ирээгүй юм гэнэ лээ. Машин худалдан авч барих нь аз жаргал уу, үйлийн лай юу, зовлонгийн далай юу. Үүнд ухаалаг хариулт олж хэл дээ!

Энэ их түгжрэл, түгжрэлийн бухимдал, цухалдал нэг л өдөр тэсрэлтэд хүргэнэ. Тэрийг нь цагдаа, хууль, шүүх зохицуулж чадахгүй л болов уу. Хойтонгоос төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн амнаас нисдэг тэргээр ордны дээвэр дээр ирж буугаасай. Нийслэл хотод хувийн таксичин хийж яваа хэдэн зуун мянган жолооч нь “Гавьяат тээвэрчин” цол олгоод шар тэмдгээ хуу тараачихаад машинуудыг нь явуулахгүй арга сүвэгчилбэл (ихэнх нь актлагдана даа) яалтай билээ. Автомашины донг арилгахын тулд нэр хүндийг нь навс унагаж, автомашин унавал арай ялд унахгүй ч, гутартал нь, хоосортол нь дарамтлах л үлдлээ. Өөр хувилбар байхгүй болсон. Хоногтоо 300 машин хилээр орж ирдэг юм бол хойтон өдийд хоногт 500 машин болчихсон байхыг би бүр ёрлож байна. Малын хөлийн татвар гэж байсан шиг машины хөлийн татвар зохиож төр авах хэрэгтэй. Гадаадаас машин оруулж ирвэл өндөр татвар, машины дугаар өгөхдөө өндөр татвар, хэрэв долоо хоногийн бүх өдөр машинтайгаа заларна гэвэл бүр ч өдөр татвар, бямба, ням гаригт машинаа унана гэвэл арай бага татвар байж болж байна. Сард нэг сая төгрөг Замын цагдаад төлөөд сарын турш машинаа унаг, мөнгө хайран гэж байгаа бол ерөөсөө боль. Ингэж л шахахгүй бол болохгүй болчихлоо.

Нийслэл маань ердөө 10 мянган машины замын ачаалал даах чадалтай, гэтэл өдөрт 400 мянга буюу 40 дахин их төмөр хүлэг чихцэлдлээ. Улс эх орон маань автомашины түгжрэлийн өмнө гараа өргөлөө. Өөрөөр яах юм бэ. Авто машины донтонгуудыг энэ улс хэзээ нэг цэгцэлж, нийслэлийг минь чөлөөлөх бол хэмээн ард нийтээрээ бодож сэтгэж эхэлсэн байх. Тэгсэн л байх болтугай. Машинаа экспортод далдруулах нэг ухаалаг аргыг олж л таарна!

Олхонуд Баярхүү

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих