“Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг
бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн үйлчилгээг монголдоо хамгийн өндөр төвшинд хүргэхийг эрмэлзэнэ” гэх эрхэм зорилгоор лоозон хийсэн “ХААН” банк сүүлийн хэдэн жил луйвараар хаанчилж эхэллээ.
Монгол улс даяар нийт 500 салбар нэгжтэй, Монгол улсын хамгийн том арилжааны банк бөгөөд Монгол улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хүргэдэг хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг ч тус банк нь иргэн бүрт олгох эх орны хишгийг тараахаас татгалзсан. Тухайн мөнгийг иргэдэд олгож байгаа өдрүүдэд банкны гүйлгээ хийгдэхгүй зөвхөн 21мянган төгрөгийг тараах ажилд цаг гарздаж байна гэж үзсэн учраас тэр.
Уг нь иргэн бүрт олгогдох ёстой 21 мянган төгрөгнөөс “ХААН” банк “шимж” л байсан. Эхлээд 100 төгрөг, дараа нь 250, сүүлдээ 350 төгрөгийг үйлчилгээний хураамж болгон татаж байсан хэдий ч цадахад цагаан хурганы сүүл хатуу гэгчээр 21 мянган төгрөгийн шимтгэлийг бага хэмээн голж эл үйлчилгээг иргэдэд хүргэхээс татгалзсан юм.
Үнэндээ ядарсан иргэдэд үйлчлэхээс татгалзаж, хэтэвч зузаан нэгнийг нь инээд алдан угтдаг ялгаварлан гадуурхах үзлээрээ давхар “Хаанчилж” байгаа энэ байгууллага “Харилцагчдыг нас, хүйс, арьс өнгө, ажил, албан тушаал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, намын харьяaллаар үл ялгаварлан ил тод, ижил тэгш үйлчлэх үүрэгтэй” гэсэн сүржин үүрэгтэй ч уриа нь яг эсрэгээрээ үйлчилдэг.
Үүнээс гадна ХААН банкныхан мөнгө цагаан нүд улаан гэгчээр дансандаа ахиухан мөнгөтэй хэрэглэгчийнхээ хэтэвч рүү өнгийж дансны аргаар луйвардах ажилдаа гаршжээ. Гэвч хариуцлагын тогтолцоо сул энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа хэдэн төгрөг гувчуулж зувчуулсан байлаа ч их бодоход ажлаасаа халагдаад л гүйцээ.
Жишээ өгүүлье. ХААН банкны харицагч Т.Мөнхнаран гэх бүсгүй анх 2007 оны долдугаар сарын 10-нд ХААН банкинд 5026361122 тоот дансыг нээлгэжээ. Гэтэл уг дансанд байсан 98.5 сая төгрөг нь 2008 оны есдүгээр сарын 16-ны өдөр данснаас нь алга болжээ.
Байраа барьцаанд тавин байж олсон хэдэн төгрөгөө наймаа хийн үржүүлж дээр нь Солонгост ажиллаж буй нөхрийнхөө олсон хэдийг нэмж хоногийн хүүг нь бодолцон тус банкинд хадгалуулсан тэрбээр дансаа байн байн шалгадаг байж. Гэтэл 2008 оны есдүгээр сарын 16-ны өдөр дансанд байсан мөнгө алга болсныг мэдэж гомдол мэдүүлж, шүүх цагдаа болжээ. Анхан шатны шүүх хурал дээр ХААН банкны хуулийн зөвлөх нь Т.Мөнхнаран бүсгүйг “Дансаа шалгасан, тандалт хийсэн” гэж буруутгаж үзжээ. Эл үгийг уншигч та ч гэсэн эргэцүүлж нэг үзээрэй. Байдгаа зарж, дээр нь хөлс хүчээ шавхан байж олсон хэдэн борыгоо банкинд хийчихээд шалгаж болохгүй бол ХААН банкинд мөнгөө хадгалуулах хэрэг байна уу.
Бас Т.Мөнхнаран бүсгүйн дансыг хүний данс байсан гэж хэлж ч үзжээ. ХААН банкны хуулийн зөвлөх н.Нарангийн эл үйлдэл нь цаанаа ямар зорилготой байгааг уншигч та ойлгож байгаа биз ээ.
Гурван удаагийн үйлдлээр 98.5 сая төгрөгтэй болжээ
ХААН банкны “Сонсголон” салбарын теллер Д.Дугаржав 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр 10.5 сая төгрөгийг харилцагчийнхаа данснаас гаргажээ. Тэрбээр харилцагчийнхаа гарын үсгийг дууриалган зурж өөр дансанд шилжүүлжээ. Үүнийхээ дараа есдүгээр сарын 15-ны өдөр 33 сая, 16-ны өдөр 55 сая төгрөгийг дээрх аргаар гаргасан байсан.
Д.Дугаржав мэдүүлэг өгөхдөө Б.Уранчимэг гэх танилынхаа гуйлтаар 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Мөнхнарангийн данснаас 10 сая төгрөгийг шилжүүлсэн гэнэ. Б.Уранчимэг гэх эмэгтэй “Эгчийнх нь дансанд удахгүй мөнгө орно” гэхээр нь Т.Мөнхнарангийн данснаас шилжүүлсэн нь үнэн хэмээн мэдүүлсэн байдаг.
Өрийн дарамтаар ХААНчилсан нь
Орон даяар салбартай хэмээн таахалздаг эл банк орон даяар өрийн сүлжээ бий болгожээ. Өнөө маргаашаа арай ядан өнгөрөөж буй ядарсан иргэд тэтгэвэрийн зээл, цалингийн зээл, лизингийн зээл гээд ХААН банкны зээлийн сүлжээнд халаасан дахь хэдийгээ гөвүүлж байна. Түүнээс гадна малчид малаа барьцаалж зээл авсан нь ХААН банкны хаанчлалд хамаг байдгаа хуу хамуулах эхлэл нь болдог гэдгийг олон хүний түүх батлана.
Хаан банкны хохирогч У.Төмөрхуяг: ХААН банкны ажилчин намайг “Чам шиг юмаар Монгол дутахгүй“ гэж загнасан
1996 оны зургаан сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бяслагны үйлдвэр мөн л ХААН банкны балгаар дампуурчээ. Улирлын чанартай эл үйлдвэр анх НҮБ-ын төслөөр байгуулагдаж байжээ. Үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлээд малчдын сүүн бүтээгдэхүүнийг газар дээрээс нь шууд авч бяслаг үйлдвэрлэж эхэлсэн байна. Бяслаг ч амт чанартай болж, худалдан авагчдын анхаарлыг татаж эхэлжээ. Тиймээс Канад, Япон, Индонез зэрэг улсуудаас манай бяслагийг худалдаж авья гэж санал тавьсан аж.
Өдөртөө зуу гаруй килограмм бяслаг хийдэг, 7-8 хүн ажиллуулдаг үйлдвэрийн эзэн олон улсын хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих чуулга уулзалтад урилгаар оролцож бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.
Харин оройн зоог барих хүндэтгэлийн арга хэмжээн дээр “Хаан” банкны зээлийн хорооны ажилтан Нил гэгч эмэгтэй үг хэлж, “Бяслагны үйлдвэрт барьцаагүйгээр зээл олгоно” гэж мэдэгдснээр хамаг хэрэг эхэлжээ. Тухайн үед зээлийн шаардлага байгаагүй ч Японоос уг үйлдвэртэй хамтран ажиллах, жилд таван тонноос дээш бяслаг авья гэсэн санал ирүүлсэн учраас уг зээлийг сонирхож эхэлжээ. Гэвч У.Төмөрбаатарын бяслагны үйлдвэр өдөрт 100 килограмм бяслаг хийх хүчин чадалтай. Тиймээс үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулах, өвөл зунгүй үйлдвэрээ ажиллуулах үүднээс үнээ худалдаж авах шийдвэр гаргажээ.
Өмнө нь барьцаагүй зээл олгоно гэж байсан учраас “Хаан” банкнаас зээл авахаар хандсан аж. Үйлдвэр төслийн дагуу байгуулагдсан, ашигтай ажиллах бүрэн боломжтой үйлдвэр байсан учраас Америкийн “Мэрси Кор” гэдэг байгууллага баталгаа гаргаж, ХААН банкнаас 30 саяын зээл олгож тэр мөнгөөр нь 50 үнээ худалдан авчээ.
Гэвч зээл аваад долоон сар болж байтал гэнэт “ХААН” банкны ажилчид гэх хүмүүс очиж үнээг нь тоолно хэмээн сүр бадруулан удалгүй шийдвэрээ өөрчилж ”Манайх барьцаат хөрөнгөө хураалаа. Танай үйлдвэр дампуурсан байна” гэжээ.
Өдөрт дөрвөн зуун литр сүү авч байгаа монгол үйл ажиллагаа явуулж буй цорын ганц бяслагны үйлдвэр бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж байгаа ч үйлдвэрийн эзний үгийг ХААН банкны ажилчид юман чинээ тоолгүй махны ченж дагуулж ирэн “Чам шиг юмаар Монгол дутахгүй“ гэж загнаж байгаад үнээнүүдийг нь туугаад явжээ. Ингэхдээ тус банкны мөнгөөр худалдаж авсан тавин үнээн дээрээ үйлдвэрийн эзнийүхэр малыг ч нэмж авчээ.
Банкныхан тус үйлдвэрийн 30 саяар худалдаж авсан үнээг зарж ердөө л 12 сая төгрөг болгосон хэмээгээд батлан даагч “Мерси Кор”-ын байршуулсан мөнгөнөөс 16 саяыг суутгаж авчээ. 250-400 мянган төгрөгөөр авсан саалийн үнээг зуун мянган төгрөгөөр л зарж, бухыг нь 250 мянган төгрөгөөр заржээ. Харин бухыг худалдаж авсан ченж нь махлаад сая таван зуун мянган төгрөгний ашиг олсон гэх.
ХААН банк нууц хадгалж чадах уу
Банкны ажилтнууд хуульд заасан буюу шүүхийн шийдвэр биелүүлэхэд шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд харилцагчийн данс, хадгаламж, гүйлгээний талаар аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуулийн этгээд болон хувь хүнд дамжуулах эрхгүй гэсэн байдаг.
Гэтэл тус банкны нэгэн харилцагч интернэтээр банкныхаа үйлчилгээг авсны дараа утсанд нь мессеж ирснийг үзвэл тус банкны хэрэглэгчийн нэр, нууц дугаар данс гээд нэлээд олон хүний мэдээлэл ирсэн байна. Тэрбээр даруй “Хаан банк”-ны лавлах руу нь залгаж “Олон хүний дансны дугаар нууц дугаар ирлээ” гэтэл цаадах нь ёстой л “Яана аа” ч гэхгүйгээр болох ёстой зүйл болж байгаа мэтээр “Өө та наанаа хаачих, би эндээс хаачихъя” гэсэн байна. Тэгэхээр ХААН банкинд хүний нууцыг хадгалах баталгаа байна уу. Хаа хамгаагүй хүн дансны дугаар нууц кодыг мессэжээр илгээчихээд нэг их асуудал мэт сууж байх. Энэ мэт ХААН банкныг тойрсон луйвар, хүнд суртал, хариуцлагагүйн зуд харилцагчдыг хохироохгүй гэх баталгаа алга. Тэгэхээр сар шинийн баяр хаяанд ирсэн өнөө цагт иргэд банкинд хадгаламжийн дэвтэр нээж бие биедээ бэлэглэх нь их болсон. Тиймээс ХААН банкинд итгэл үзүүлж хадгаламж нээлгэх үү гэдгийг бодох цаг иржээ.
mass.mn