НҮБ: БНХАУ хүний эрхтний наймаа явуулдгийг хөдөлшгүй баримтаар нотолсон
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зүгээс БНХАУ-ын эрх баригчид иргэдээ шашин шүтлэгээр хавчин гадуурхаж, нас барсан хүмүүсийн эд эрхтнүүдийг үйлдвэрлэлийн хэмжээнд цуглуулж, зарж борлуулдаг гэсэн ноцтой мэдэгдэл хийжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ахлах хуульч Хамид Саби өнгөрөгч зургадугаар сард энэ талаар мэдээлсэн бөгөөд тэрээр үүнийг Хятадын коммунист намын зүгээс үндэстнээ шашин шүтлэгээр гадуурхаж буй “геноцид” гэж тодорхойлсон юм.
Тиймээс өнгөрөгч есдүгээр сард НҮБ-ын зүгээс БНХАУ-д мөрдөн шалгах ажиллагаа явуулах хараат бус онцгой комисс томилж, энэхүү маргаантай асуудалд Арбитрын шүүх ажиллагаа явуулсан юм.Тэгвэл Женев дахь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төв байранд мягмар гаригт мөрдөн шалгах ажиллагааны тайланг танилцуулах үеэр Хамид Саби “БНХАУ-ын эрх баригчид Уйгар болон Фалун Гонг шашны шүтлэгтэй иргэдийг алж, эд эрхтнүүдийг нь арилжаалдаг болох нь өнгөрөгч зургадугаар сард танилцуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж тавьсан хөдөлшгүй нотлох баримтаар илэрсэн.
Тиймээс Хятад улс хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн энэхүү гэмт хэрэгтээ НҮБ-ын өмнө хуулийн хариуцлага хүлээх ёстой. НҮБ-ын гишүүн орнууд ч Хүний эрхийн зөвлөлийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний түүхийн хар хуудсанд үлдсэн Дэлхийн II дайны үед Нацистууд Иудейн шашинтнуудыг, Камбожид Улаан Кхмерүүдийн хийсэн геноцид болон Руандад Тутси нарыг хүйс тэмтэрсэнтэй яг ижил гэмт хэрэг” гэжээ.
Харин Арбитрын шүүхийн тэргүүн Жеффри Нице “Хятадын эрх баригчид дор хаяж 20 жилийн турш Фалун Гонгийн шашны бүлэглэлийн гишүүдийг хөнөөж, эд эрхтнүүдийг нь зардаг байсан нь баримтаар нотлогдсон. Тэд энэ бусармаг үйлдлээ одоо хэрнэ үргэлжлүүлж байгааг илчлэх нотолгоо ч хангалттай байна. Тэд улс төр, шашны асуудлаас болж бөөнөөрөө хорих лагерьт хоригдсон хоригдлуудыг захиалгаар хөнөөж, амьдаар нь мэс ажилбар хийн бөөр, элэг, зүрх, уушги, нүдний эвэрлэг бүрхэвч болон арьс зэргийг нь авч зардаг.
Мөн Арбитрын шүүхийн нотлох баримт цуглуулах үйл явцын хүрээнд Хятадууд Уйгар, Төвөд болон Муслым, Христийн шашин шүтлэгтэй хоригдлуудыг устгаж, эд эрхтнүүдийг нь наймаалцдаг болохыг илрүүлсэн. Хятадын эрх баригчид Шинжаний баруун хойд хэсэгт Уйгар үндэсний сая гаруй иргэнийг баривчилж бөөнөөр хорих лагерьт хорьж байгаа нь олон улсын анхаарлыг ихээр татаж, шүүмжлэл дагуулж эхэлсэн.
Тэгвэл тус бүс нутагт хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хоригдлуудыг тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулж хорих лагерийг хүний эрхтэн наймаалах банк болгож ашиглаж байсныг илрүүлсэн” гэсэн байна.Эсэргүүцлийн арга хэмжээБНХАУ-ын хувьд энэхүү хүний эрхтэн зардаг тухай ёс зүйгүй практик үйлдлийг эрс няцааж байгаа бөгөөд 2015 оноос цаазаар авсан ялтнуудын эд эрхтнүүдийг эрхтэн шилжүүлэх мэс ажилбарт ашиглахаа зогсоосон гэж мэдэгджээ.
Гэвч мягмар гаригт Жеффри Нице “Арбитрын шүүх бүрэлдэхүүнд цугласан нотлох баримтууд нь олон улсын хамтын нийгэмлэгүүдийг төлөөлж буй. Тиймээс Хятад улс энэхүү хүлээн зөвшөөрөхөд таагүй асуудлаас зайлсхийх боломжгүй” гэж мэдэгджээ.Арбитрын шүүх бүрэлдэхүүний мэдээлснээр Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын зах зээл жилд нэг тэрбум гаруй ам.долларын орлого олдог гэж мэдээлжээ.
Мөн хууль бус эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын акцын дагуу Хятадаас донор авахгүй байхыг бусад улсууд болон олон улсын байгууллагуудад сануулж, анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Үүний хүрээнд Итали, Испани, Израиль, Тайвань зэрэг орнууд Хятадад эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэхээр зорчих хүсэлтэй иргэдэд хязгаарлалт тавьжээ. Их Британид энэ аравдугаар сард олон улсын байгууллагуудын шахалтаар Хятадад эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх хүсэлтэй хүмүүст хориг тавих тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж батлах хандлагатай байна.
Эх сурвалж: The Independent, Reuters, OHCHR.org
URL: