Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн та анхааралдаа авна уу?

712-1571107710DWDI3fZpCrgAquCeSY7g2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл нилээн байгаа талаар мөн эдгээр хуулиадтай холбоотой асуудал тасрахгүй байгаа билээ.

Энэхүү нийтлэлээр бас нэгэн асуудлын талаар ярих шаардлагатай болж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах болон хяналтын хэргийг шийдвэрлэхдээ ялыг хүндрүүлэх эрхтэй байхаар хуульчилсан байсан билээ. Энэхүү эрхийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шуүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөруүлж, эсхул хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “… хүндрүүлж …”, ”… эсхүл хүндрүүлж…” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “…шүүхийн шийдвэрийг давж заалдах… эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.” гэж дүгнэсэн юм.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсаны дараа Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүгдэгчийн ялийг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь өмнө ял хүндрүүлж шийдвэрлэсэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан хэлэлцэх үндэслэл бий болсон байна.
Улсын дээд шүүх ийнхүү ял хүндрүүлсэн тогтоолуудыг прокурорын дүгнэлтээр дахин хэлэлцэж хүндрүүлсэн тогтоолууддаа өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.
Гол асуудал үүнд л гарч ирж байгаа юм. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хэлэлцээд шууд тогтоолдоо өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байгаа юм. Гэтэл Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.-д “Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах шийдвэр гаргана:
4.1.тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;
4.2. хэргийг прокурорт буцаах.” гэж заасны дагуу шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл хэргийг прокурорт буцаах гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байна.
Гэтэл Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзэж өөрчлөлт оруулж байгаа атлаа уг хэргийн шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл прокурорт шилжүүлэх тухай хуулиар зохицуулсан шийдвэрийг гаргалгүй шууд өмнө гаргасан шийдвэртээ өөрчлөлт, оруулан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл шинээр илэрсэн нөхцөл байдал мөн бол уг хэргийг аль нэг шатны шүүхээр дахин хэлэлцэх, эсхүл прокурорт буцаах хууль зүйн үр дагавар бий болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулна.” хэмээн заасан журам бүхэлдээ хэрэгжих боломжгүй болж ердийн журмаар явагдах ажиллагаанд хэргийн оролцогч нар оролцох эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгоод байгаа талаар хуульчид ярьсаар байна. Энэ асуудлаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид зарим шүүгдэгч нар гомдол гаргаад байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд уг асуудлыг Ерөнхий шүүгч залруулна гэдэгт итгэж байна.
Хуульч Ц.ТОГТОХБАЯР
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих