Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсөв тойрсон асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Уул, уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 24 хувиар их. Дээрх төсөөлөл биелэх боломжтой юу?
-2020 оны төсвийг боловсруулахад гадаад талдаа дөрвөн төрлийн эрсдэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, АНУ, БНХАУ хооронд үүссэн худалдааны дайн эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож байгаа. Хоёрдугаарт, эрдэс баялаг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гарах магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлал байна. Дөрөвдүгээрт, Европын хэлэлцээрүүд мөн эрсдэл гарч болзошгүй. Мөн дотоод талдаа дөрвөн эрсдэл бий. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа бүтээгдэхүүний, үнэд нөлөөлж магадгүй.
Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа нь хоёр дахь том эрсдэл. Түүнчлэн “Саарал жагсаалт”-ыг эрсдэл хэмээн үзэж байна. Байгалийн баялагтай холбоотойгоор төсөвт нүүрсний экспортыг 42 сая, зэсийн баяжмал 1.2 сая тонн, төмрийн хүдрийг үнэ, хэмжээний хувьд ч өсөлттэй байна гэж үзээд 8.2 сая тонн, алтны олборлолтыг хоёр орчим тонноор буурна гэж тооцож, төсөөлсөн.
-Төсөвт концессын гэрээний талаар тусгасан уу? 2019 оны хөрөнгө оруулалтын биелэлт 39 хувь байна. Ирэх онд дахиад 1.65 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байна. Концесстойгоо нийлээд хоёр их наяд байна?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Байгуулах ч үгүй. Энэ Засгийн газрыг анх байгуулж байхад 6.3 их наяд төгрөгийн концессын гэрээг уламжилж авсан. Аль ч Засгийн газрын үед байгуулсан концессын гэрээг санхүүжүүлэх үүргийг одоогийн Засгийн газар хүлээсэн. Дээр нь бүх гэрээг валютаар хийсэн нь бидэнд нэлээд дарамт болж байгааг хэлэх нь зүйтэй.
-Улсын өрийг буурууллаа гэсэн мэдээллийг та хийсэн. Гэтэл Монгол Улсын өр 2016 онд 24 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 29.7 тэрбум байна. Үүнээс өр буурсан үзүүлэлт харагдахгүй байна л даа. Та улсын өр буурч байна, өрийг барагдуулж байна гэдгийг юунд үндэслэн хэлж байна вэ?
-Улсын болон Засгийн газрын өр гэж бий. Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байна. Улсын өрөнд Монголоос хэзээ нэгэн цагт гарах төлбөрүүдийг бичдэг.
29.7 тэрбумаас 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын тавьсан өр, зээл. Тухайлбал, “Оюутолгой”, “Саунд гоби сэндс”, “Монголын алт” компани, МИАТ, Хөгжлийн банкны гадаадаас авсан зээл байгаа юм. Үүний 50 хувь буюу ес орчим тэрбум ам.доллар нь “Оюутолгой” компанийнх.
Монголын 34, гадаадын 66 хувь гэхгүйгээр бүгдийг Монгол Улсын өрөнд бичдэг. Энэ нь хөрөнгө оруулалт хэдий ч нэг өдөр буцааж төлнө гэдэг агуулгаараа Монгол Улсын өрөнд бичдэг. Хувийн хэвшлийн зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг эдгээр аж ахуйн нэгжид гадаадынхны итгэх итгэл нэмэгдэж байна гэсэн үг. Гаднаас оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг эргээд гарна гэдэг утгаар нь улсын өрөөр бүртгэдэг. Тиймээс Засгийн газрын, улсын өрийг хооронд нь хольсноос олон нийтэд буруу ойлголт төрүүлдэг талтай. Ингээд 29.7 тэрбумаас 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр бол 2.2 тэрбум нь арилжааны банкуудын авсан зээл. Манай арилжааны банкууд гаднаас зээл авч, эх үүсвэр татаж санхүүжилтээ хийдэг. Мөн Монголбанкны өр хоёр тэрбум гаруй ам.доллар байгаа. Энэ бол БНХАУ-ын Ардын банктай төлбөрийн тооцоо хийдэг своп зээл. Үлдсэн нь Засгийн газрын өр долоон тэрбум ам.доллар. Үүнээс 2.9 тэрбум ам.доллар нь “Чингис”, “Самурай” зэрэг гоё нэртэй бондын өр юм. Засгийн газар 2019 оны наймдугаар сард 7.4 их наяд төгрөгийн үндсэн болон хүүгийн өр төлсөн. Ийм хэмжээний өрийг төлсөн болохоор өр төлсөн гэж хэлэлгүй яах вэ.
-Улсын төсвийн аядагдал хоёр их наяд төгрөг байна. Төсвийг алдагдалгүй хийж болоогүй юм уу?
-Төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг гэж тооцсон. Хоёр их наядын алдагдал бол тэнцвэржүүлсэн тэнцэл шүү. Тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг орлогоо нийт биш тэнцвэржүүлсэн орлогоор авсан гэсэн үг. Үүнд хоёр эх үүсвэрийг оруулаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг оруулаагүй. Энэ хоёр сангийн орлогыг нэмчихвэл нэг их наяд гаруй төгрөг тэнд бий.
2020 төсвийн төслийг УИХ-д өргөн барьчихаад хэвлэлийн хурал хийхдээ хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нэг ч төгрөгийн гоё нэртэй бонд гаргаж, эсвэл арилжааны банкаас нэг ч төгрөгийн зээл авч санхүүжүүлэхгүй гэдгээ хэлсэн. Үүгээрээ ч явж байна.
-Иргэдийн цалин тэтгэврийг ирэх жил хэдэн сараас, хэдэн хувиар нэмнэ гэж тооцоолсон бэ. Ямар зарчим барьж нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байгаа вэ?
-Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Инфляцын түвшинтэй уялдуулан хоёр дахь жилдээ цалин тэтгэврийг нэмсэн. Тухайлбал, 2018 онд нэмэхдээ сүлжээнд үүссэн алдааг засч, нэмсэн. Сургууль, цэцэрлэгийн багш, сувилагчдын цалинг ахиу нэмсэн. Үүний дараа инфляцын түвшинтэйгээ уялдуулан нэмээд яваа. 30-40 хувиар нэмсэн тохиолдол бий. Гэхдээ энэ нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг. Тэгэхээр цалин, хөлс нэмсэний ашиг гарахгүй байдаг учир инфляцын түвшинд нэмж байгаа. Энэ нь харин зөв.
-Царцсан барилгуудын хөрөнгө оруулалтыг үргэлжүүлнэ гэлээ. Хэчнээн барилга, байгууламжид хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ?
-Царцсан барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ гурван зарчим барьсан. 23 обьектод 23 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. 2018 онд Төсвийн тухай хуульд багтсан боловч ажлаа хийж чадахгүйн улмаас санхүүжилтээ хураалгасан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгоно.
-Монгол Улс олон улсын ФАФТ байгууллагын “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй талаар ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай улс “Саарал жагсаалт”-д орохгүй байх асуудлаар ямар арга хэмжээ авсан бэ. Хэрвээ энэ жагсаалтад орчихвол ямар эрсдэл үүсэх вэ?
-“Саарал жагсаалт”-ын хувьд манай улс хяналтад явж байсан. Би энэ талаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ярьж байгаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт аудит хийх шаардлагатай байна. Яагаад гэвэл, арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хуулийг ашигласан. Ил тодын хуулийг баталсан онд нь хэрэгжүүлээд дуусчихсан. Гэтэл арилжааны банкууд, сүүлд өөрийн хөрөнгөө нэмэхдээ Ил тодын хууль руу эргүүлэн оруулж ирсэн. Энэ мөнгө хуулийн дагуу байна уу, яагаад урт хугацаа орсон гэдгээс асуудал үүснэ Үүнд аудитын шалгалт хийсэн дүн гарч, дүнгээ яаж баталгаажуулах вэ, үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах гэдгээ Монголбанк шийдэх учиртай. Түүнчлэн мөнгө угаахтай холбоот олон асуудлыг ярьдаг. Гэтэл шүүхээр шийдсэн хэрэг нэг ч байхгүй. Энэ нь Монгол Улсыг санхүүдээ хэр хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог гэдгийг тодорхой бус болгож байна.
М.Энхцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: