Ерөнхийлөгчөө нэг өмөөрчихье
Хамтарсан Засгийн газар тарж, МАН дангаар төрийн эрх барих болсноор Монгол Улс өнөөдөр Ардчилсан улс болохын ганц баталгаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж хувирлаа. Үзэл бодолдоо үнэнч байж, огтын хэрэгцээгүй сайдын суудлыг байхгүй болгохыг шаардсаных нь төлөө “огцруулна” гэсэн яриа МАН-ын оффист гарсныг сонсоод ингэж бодогдов. Нөгөө талаар, нэр, үзэл баримтлалаа сольсноосоо хойш аль нь мэдэгдэхээ байсан МАН-ын арьсан дор нөгөө л алдаг, хэлмэгдүүлдэг “МАХН” хэвээрээ байгаа гэдгийг энэ явдал харууллаа.
Хамгийн муухай нь, энэ бүхний цаана МАН-ын ирээдүйн лидер гэж масст хүлээн зөвшөөрөгддөг залуу боловсон хүчин У.Хүрэлсүх байсан нь харамсалтай. Уг нь МАХН гэсэн нийгэмд тогтсон ойлголтыг арчин хаях, Н.Энхбаяр хэмээх дарангуйлагчийг зайлуулах, нэр, үзэл баримтлалаа солих ажлыг тэр л эхлүүлж байсан шүү дээ.
Харамсалтай нь үүнийгээ хийж чадаагүй бололтой. Өөрөөр хэлбэл, намынх нь нэр өөрчлөгдсөн ч үзэл баримтлал нь өөрчлөгдөөгүй юм байна. Гол нь тэрбээр өөрөө өөрчлөгдөлгүй үлдчихжээ. Олон жил өнгөрч, албан тушаал байр суурь нь харьцуулшгүй дээшилсэн ч тэрбээр толгойдоо цагаан даавуу уян гүйж явсан зоригоос өөр юмгүй залуу хэвээрээ байгаа юм байна. МАН өөрчлөгдөөгүй, удирдлагууд нь бүр ч хэвээрээ байгаа гэдгийг ойлгуулж өгсөнд нь ард түмэн түүнд баярлах ёстой болж байх шиг.
Тэр тусмаа шударга ёс, төр, олигархиудыг цус ойртохоос аврах ганц дархлаа болж үлдээд байгаа Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө хийсэн сонголтдоо бид үеийн үед баярлаж явах нь.
Ерөнхийлөгч нам бус байдаг. Туунд аль ч намын эрх ашгийг хамгаалах эрх байхгүй. Бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд засч залруулах, зөвлөх хуулиар олгогдсон эрх бий. Парламент дахь хоёр нам Засгийн газрын сайд нарыг томилох асуудалд зарчмын зөрүүтэй байр суурь баримталж, төрийн ажил гацаанд ороход ойрхон байлаа. Ийм үед Ерөнхийлөгчөөс өөр хэн үг хэлэх юм бэ. Өнгөц харахад Ардчилсан нам санаачлага гаргаад Ерөнхийлөгч дэмжээд байгаа юм шиг харагдаж байгаа ч цаана нь юугаар ч солыыгүй эрхэм зүйл болох үзэл баримтлал, зарчим байгаа юм.
Ерөнхийлөгчөөс болж төрийн ажил гацаанд орсон мэтээр яриад байгаа нөхдүүдэд сануулж хэлэхэд, АН анх тэргүүн шадар сайд дэд сайдын орон тоог аль алиныг нь цомхтго гэсэн байр суурь баримталж байсан. Харин МАН хоёуланг нь авч үлдэх санаатай байсан шүү дээ. Ийм эсрэг тэсрэг байр суурьтай байх үед Ерөнхийлөгч оролцож, зохицууллаа. АН хүсч байснаараа Тэргүүн шадар сайдын орон тоог үгүй болгосон, МАН-ынхан дэд сайдын томилгоогоо хийчихээд сууж байна. Үр дүнд нь Засгийн газар бүрдэж, төрийн ажил гацаанаас гарлаа. Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт, түүнийг дагасан хүндрэл бэрхшээл ард иргэдийг бухимдуулж байсан энә үед Засгийн газар ажиллаж чадахгүй, хууль тогтоох дээд байгууллага нь хуралдахгүй байсан бол юу болох байсан бол.
Х.Батсайхан
URL: