Улс төр улаандаа гарлаа

Улс төр гэж юу юм бэ? Түй… Хүмүүс бухимдаж байна.
Төрийг байгуулахад чиглэсэн үйл явцыг улс төр гэж хэлдэг бол Төр нь иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахын тулд оршдог хэмээн итгэдэг байв. Гэтэл одоо нулимбал таарах эд болж, Төр нь ердөө л тусгай сонирхлын бүлэглэлүүдэд үйлчилдэг хэрэгсэл байж таарлаа. Засгийн газарт шинээр томилогдсон зургаан сайдын хоёр нь уул уурхайн томоохон компаниудын эзэд байна. Тэд сайдын албан тушаалыг мөнгөөр худалдаж авав уу? Төрийн сайдын суудлыг нэгэнт мөнгөөр хэмжиж худалдаг болсон юм бол ил тод зарлаад хэн ч өрсөлдсөн нээлттэй тендер болгож хуульчил л даа.

Төрийн эрх мэдлийг улс төрийн намаар л дамжуулан хэрэгжүүлнэ. Тэгэхээр аливаа намд юуны өмнө бодлого, боловсон хүчин чухал, эцэст нь мөнгө хэрэгтэй байж магадгүй. Харин Монгол ардын намд юун түрүүнд мөнгө хэрэгтэй гэдэг зарчмыг Н.Энхбаяр анхлан тогтоож, өнөөдөр уг “хууль” төгөлдөршилдөө хүрээд байгааг С.Батболдын сонголт ил тод илэрхийллээ. Ил тод гэдгийг муугаар бол улаан, цагаандаа гарах гэж хэлдэг байх аа. Тэгвэл улс төр улаандаа гарав биш үү?

Монголын төр цаашид томоохон бизнесийн өв залгамжлагчдаар дүүрч, уул уурхайн баялгийг хянах л үүрэгтэй, онцгой эрхтэй байгууллага болж хувирахад гайхах зүйл алга. Төрийн болон ядахад олон нийтийн байгууллагад ажиллаж өөрийгээ олон нийтэд удирдагч талаас таниулж амжсан сан бол Н.Номтойбаярыг дэд сайдаар томилогдлоо гэхэд хэн муушаах билээ?

Монголын томоохон алт олбор­логч, хөлтэй бизнесмэн Нямтай­ширын хүү Номтойбаяр МАН-д мөн­гө хандивласнаас биш ном хан­дивласан гэж сонсогдоогүй. Улс төрийн намд хөрөнгө оруулалт хийж ирсний цаад зорилго нь албан тушаал байсныг Н.Номтойбаяр ил тод илэрхийлэв. Нээрээ ч ашиггүй бизнест хөрөнгө оруулах тэнэг хүн хаана байх билээ.

Монголын төр яваандаа уул уурхайн баялагт хяналт тавьдаг, хуваарилалт хийдэг үүрэгтэй, онц­гой эрхтэй байгууламж болж ху­вирах магадлал улам бүр өндөрсч эхэллээ. Өнөөгийн Ерөнхий сайдыг уул уурхайд монополь эрхтэй нэр бүхий томоохон компанийн эрх ашгийг төрд төлөөлж, төрийн бод­лого шийдвэрийг тусгай сонирхолд нийцүүлэн гаргаж байна гэдэг шүүмж­лэл ил тод сонсогддог. Өнөө­дөр Засгийн газрын дэд сай­дын төвшинд “Монгол алт”, “Мон­полимет” гээд хоёр ч том компанийн эрх ашиг шургаллаа. Үүнээс дээд, доод төвшинд шургалсан тусгай сонирхлын бүлэглэлүүдийг нэрлэе гэвэл чамгүй урт жагсаалт гарна. Тэдний юу хийж, төрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж байгааг Авлигатай тэмцэх газар ч мэдэхгүй.

Уул уурхайн салбар баялаг бүтээдэггүй, байгалийн баялгийг шимж сордог бол Төр ялгаагүй юу ч бүтээдэггүй зөвхөн шимдэг. Энэ хоёр салбар шиг хоолоо амархан олдог, онцгой ашиг хүртдэг “бизнес” Монголд байхгүй болжээ.

Сүүлдээ нэгээс нөгөө рүү нь дамжин соруулаа урстасгасаар байгаа тусгай сонирхлын бүлэглэлүүдийн “дээрэм” цагаандаа цайрч, улс төр улаандаа гарав.

Уул уурхайгаас төрсөн тэрбумтнууд хуримтлалаараа улс төрөөс өөр салбарт хөрөнгө оруулж, улс, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж хүсэх байна. Хүсээд зогсохгүй тэдний эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг дагалдуулан тусгай үүрэг ногдуулж, эдийн засгийн өөр салбарт хөрөнгө оруулах хувь хэмжээг нь хуулиар тогтоож өгөхөд яагаад болохгүй гэж? Үгүй гэхэд улс төрд хөрөнгө оруулах эрхийг нь сонирхлын зөрчлийн хуулиар хязгаарлаж өгснийг тэдэнд хэлж ойлгуулах цаг болсон байна.

Улс төрд орж, тусгай сонирхлоо төрийн эрх мэдлээр хангахаас өөрөөр бизнесээ хөгжүүлэх боломж чөлөөт нийгэмд үй түмээрээ байдаг юм, өрөвдмөөр өв залгамжлагчид аа! Саяхан Өмнөд Солонгосын нэр хүнд бүхий нэгэн компанийн ирээдүйн өв залгамжлагч АНУ-д эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсны дараа компанийх нь хувьцааны ханш зөвхөн үүнээс болоод 20 хувиар өсчээ. Учир нь, номыг нь уншиж судалсан залуу өв залгамжлагч хувийн компаниа өндөр технологийн энэ эрин үед шинэ менежмент нэвтрүүлж, компаниа илүү үр ашигтай ажиллуулж чадна гэдэгт хувьцаа эзэмшигчид нь итгэсэн учраас тэр. Зүдэргээтэй ч зам мөр нь ариун ийм зүйлд хөрөнгө оруулж, өв хөрөнгөө тордвол үр хүүхдэд чинь түүх болж үлдэх сэн.

З.БОРГИЛМАА

URL:

Сэтгэгдэл бичих