Туркийн цэргүүд Сири рүү орж, дайны эрсдэлийг нэмлээ
Туркийн Батлан хамгаалах яам Сирийн хойд нутаг дахь Курдын зэвсэгт дайчдыг хилээс холдуулах зорилгоор манай цэргүүд орсон хэмээн мэдэгдэв. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг уг хэрэг явдалд оролцохгүй байхыг тушаажээ. Туркийн F-16 онгоцууд болон их буугаар курдүүдийн байрлалыг галласны дараа танк, хуягт тэргээр дэмжүүлсэн цэргүүд Сирийн хилийг давж орсон байна. Туркийн тал тэднийг дэмжигч Сирийн босогчидтой хамтран хил орчмын хотуудын өмнөд захыг гартаа авах ажиллагаа явуулжээ.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан уг ажиллагааг эхэлснийг зарлаж, Исламын улсыг онилох болно хэмээн твиттертээ бичсэн байна. Орос, Иран болон Европын улсууд Туркт хандаж, болгоомжтой үйлдэл хийхийг уриаллаа. Ийм ажиллагаа Сирид эмх замбараагүй байдал үүсгэж, жихадустуудыг сэрээхээс гадна АНУ-ын холбоотон байсан курдүүдийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талд ороход түлхэж болзошгүй.
НАТО-гийн хоёр дахь том армийн хэдэн арван мянган цэрэг орж ирэхээс өмнө нутгийн оршин суугчид хил орчмын хотуудыг орхин дүрвэжээ. АНУ-ын бодлого 180 хэм эргэж, Сириэс цэргээ гаргахаа мэдэгдсэнээр өөрийн холбоотон байсан курдүүдийг хаясны дараа Турк улс дайралт хийх замыг зассан юм. Трампаас Туркийн цэрэг курдүүдийг арчвал яах вэ гэж сэтгүүлч асуухад “Тийм юм болбол би Туркийн эдийн засгийг арчина” хэмээн хариулсан.
Трампын гэнэт бодлогоо өөрчилсөн нь Оросын талд ашигтайгаар эргэж байгааг шинжээчид дүгнэв. Москва Сирийн иргэний дайнд цэрэглэн оролцож, нуран унахад дөхсөн Ерөнхийлөгч Асадыг аварч чадсан. Харин одоо туркүүд довтолсноор Курдын бүлэглэл Орост хандаж, Асадын захиргаатай арга эвээ олоход зуучлахыг хүссэн тухай мэдээ тарж байна.
Анкара Сири дэх Курдын бүлэглэлийг Туркийн салан тусгаарлагчдын Курдын Ажилчны нам хэмээх курдүүдийн байгууллагатай холбоотой гэж үздэг ба энэ намыг АНУ болон ЕХ алан хядагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрсөн. Туркийн албаны хүний хэлснээр тус улсын цэрэг Сирид нэвтэрснээр хил орчмыг төвшитгөхийн сацуу өмнө зүгт давшиж, Турк, Сири, магадгүй Ираны нутгаас таслан авсан Курдын нэгдсэн улс байгуулах түшиц газар бий болохоос сэргийлэх төлөвлөгөөтэй аж.
Анкара дахь Эдийн засгийн бодлогын судалгааны сангийн стратегич Нихат Али Озкан “Ажиллагааг хүндрүүлж болзошгүй эрсдэл нь АНУ, Туркийн хоорондын үл итгэлцэл юм. Туркийн тал АНУ курдүүдтэй тагнуулын мэдээгээ хуваалцаж, Туркийн цэргийн байрлалын талаар мэдээ өгснөөр хамгаалалтад тусалж болзошгүй хэмээн сэжиглэж байна” гэжээ.
Туркийн цэргүүд Америкийн зэвсэглэлээр хангагдсан, олон жилийн байлдааны туршлагатай, хүчирхэг дайсантай тулгарч байгааг офицерууд ярив. Ноён Эрдоан курдүүдийг дэмжсэний төлөө Вашингтоныг үргэлж буруутгаж ирсэн бөгөөд Трамп бодлогоо өөрчилсний дараа шууд цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн юм. Эрдоаны хэвлэлийн албаны дарга Фахреттин Алтун твиттертээ “Курдийн зэвсэгт дайчдад хоёр хувилбар бий. Нэг бол тэд зугтана эс бөгөөс бид алан хядлагын эсрэг манай ажиллагаанд саад хийхийг нь зогсооно” гэсэн байна.
Засгийн газрын мэдээ
URL: