Хямралын таван шинж тодорхой боллоо

8435666Хямрал айсуй. Энэ үгийг бүтэн жилийн турш эдийн засагчид сануулж, сэрэмжлүүлж буй. Гэхдээ дэлхийг чиглэсэн хямрал наашилж, дэлгээд харуул­чих бодит нотолгоо, баттай тооцоо ховорхон, шинжээчдийн сануулга төдий байв. Тэгвэл хашир эдийн засагчдын хэлсэн үг хөрсөндөө бууж, хямралын шинж тэмдэг хэдийн бодит болж эхэлснийг өнгөрсөн улирлын тоон үзүүлэлтүүд харууллаа. Өнгөрсөн саруудад шинжээчид хямрал ирж буйг голлон сануулдаг байсан бол эдүгээ үүнийг тоон үзүүлэлтүүд баталж эхлэв. Дэлхийн эдийн засгийн эрүүл мэнд муудаж, хямрал хаяанд ирснийг баталсан таван шинж илэрчээ. Олон улсын эдийн засагт эрсдэлийн аюул хангинуулан асаж буй таван дохиог танд хүргэж байна.

1.АНУ өндөр хурдаа алдлаа

Энэ оныг өндөр өсөлттэй эх­лүүл­сэн Америк улс оны төгсгөлийг харин тааруу үдэж байна. Ялангуяа, тус улсын энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлт санаанд оромгүй саар гарч, Америкийн аж үйлдвэрт уналтын улаан гэрэл асаж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 18 сарын өмнө “АНУ нэгдүгээрт” кампанит ажлаа эхлүүлж, БНХАУ-ын гангийн салбарыг онилсон тариф тогтоох болсноос хойш тус улсын голлох салбаруудад уналт нүүрлээд байна.

Өндөр технологийн эд анги, материалын импортын зардал нэмэгдсэн нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт давхар дарамт болсон. Тус улсын аж үйлд­вэрийн салбарын гол хэм­жүүр болох ISM индекс 2016 оноос хойших доод цэгт хүрлээ. Хэдийгээр АНУ-д ажилгүйдэл түүхэн доод түвшинд хүрээд буй ч ирэх 10 жилд автомат­жуулалтын нөлөөгөөр олон тооны ажлын байр үгүй болохоор байна. Тухайлбал, банкны салбарт л гэхэд АНУ-д нэг сая ажлын байр алга болно гэх тооцоог Wells Fargo гаргажээ. Тус улсын эдийн засгийн амин зүрх болсон аж үйлдвэр саарч, худалдааны маргаан хүрээгээ тэлж, ажилгүйдэл нэмэгдсэнээр дэлхийн топ эдийн засаг мухардал орж магадгүй байна.

2. Brexit Европын өсөлтийг тушиж байна

Уналтаас өндийж байсан Европын эдийн засаг дахин бүдэрлээ. Тус бүс нутгийн хамгийн хүчтэй эдийн засаг Германы голлох үзүүлэлтүүд энэ оны хоёрдугаар улиралд эргэн агшиж эхэлсэн байна. Ирэх саруудад ч уналтаар дүүрсэн урамгүй дүр зураг хүлээж байгааг шинжээчид сануулсан. Brexit болон олон улсын эдийн засгийн ерөнхий цаг уур энэ бүс нутагт сайнаас илүү саар нөлөө дагуулж байна. Хэрэв Их Британи Европын Холбоог хэлэлцээгүй орхиход хүрвэл энэ бүс нутгийн орнуудыг чиглэх дарамт улам хүндэрнэ гэж бодлого тодорхойлогчид анхааруулж байна.

3.БНХАУ-ын уналтын хурд нэмэгдлээ

Азийн хамгийн том эдийн засаг, дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч БНХАУ-ын ДНБ-ий өсөлт нь 1992 оноос хойших доод цэгт хүрлээ. Хэдийгээр Хятадын эдийн засаг өндөр өсөлтөөс тогтвортой хурдад шилжиж байгаа ч тус улсын уналтыг чиглэсэн хурд нь сүүлийн саруудад улам эрчимжлээ. Эдийн засгийн удаашрал худалдааны маргаантай хосолсон нь Хятадын эдийн засгийн байдлыг дордуулж, тус улсын бодлого тодорхойлогчдыг улам сандрахад хүргээд байна. Сүүлийн 50 жилд БНХАУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч байсан үйлдвэрлэлийн салбарын өсөлт 1990 оноос хойших доод түвшин 4.8 хувь руу уналаа. Сүүлийн 20 жил дэлхийн өсөлтийн хөдөлгүүр байсаар ирсэн Хятадын эдийн засаг эрчээ илүү хурдтай алдаж эхэллээ.

4.БНХАУ өрийн хямралд ойртов

Тус улсын макро эдийн засагт уналт, удаашрал нүүр­лэ­сэн­тэй зэрэгцээд өрийн хямрал ойртсоныг S&P Global-ийн шинжээчид анхааруулж байна. Төрийн өмчит, муу менежменттэй компаниуд эдийн засгийн өсөлтийн үед их хэмжээний зээл авсан нь өдгөө арилжааны банкуудад дарамт болж, чанаргүй зээлийг нэмэгдүүлээд байна. БНХАУ-ын төв банк хэд хэдэн удаа зээл олголтыг хязгаарлахаар оролдсон ч олон улсын эдийн засгийн өсөлт саарсны улмаас эргээд зээлийн нөхцөлийг хөнгөлөхөд хүрсэн байна. Одоо нийт өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс гурав дахин илүү байгаа юм.

5. Газрын тосны зах зээлд хямрал нүүрлэлээ

Дэлхийн эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөлдөг түүхий эд болох газрын тосны зах зээл олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны тоглоом болсоор байна.

Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэгддэг газрын тосны чухал нийлүүлэгчид болох Иран, Венесуэлийн улс төр, эдийн засгийн байдал хүйтэрсэн. Иран улс АНУ-ын хоригийн улмаас газрын тосны экспортоо хүлүүлсэн хэвээр байгаа бол тус түүхий эдийн нөөцөөр тэргүүлэгчдийн нэг Венесуэлд гипер инфляц үүсэж, улс төрийн хямралд өртөөд байна. Тэгвэл энэ зах зээлийн гол тоглогч болх Саудын Арабын төрийн өмчит Saudi Aramco компанийг онилсон дроны халдлагатай төстэй хорлон сүйтгэх ажиллагаа давтагдах эрсдэл бий. Энэ нь хими, эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нийлүүлэлтийг бууруулж, үйлдвэрлэгчдийн нуруун дээр ирэх дарамтыг улам нэмж болзошгүй байна.

Сүүлийн хэдэн сарын турш дэлхий даяар хямрал болох талаар хэлэлцэж, түүний сураг чимээг зөвхөн шинжээчдийн ярианаас сонсдог байлаа. Харин энэ оны сүүлийн саруудаас эхлээд олон улсын эдийн засаг хүндрэлтэй бодитоор нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн яриа хэлэлцээ, сануулга, сэрэмж төдий байсан хямрал өдгөө хөрсөндөө бууж, бодит шинж тэмдгүүд нь дэлхийн эдийн засагт ажиглагдаад эхэлжээ.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих