Европт суугаа дипломатуудын хууль бус наймаа янжуураас хар тамхи руу шилжсэн үү
-УИХ харалган томилгоогоо эргэн харж, хар тамхины Европ дахь бүлэглэлийг эргүүлэн татаж, хуулийн байгууллагаар шалгуулах цаг болжээ-
Хил дамнан хууль бус наймаа эрхэлсэн дипломатуудын нэг, ЗГХЭГ-ын ахлах референт Г.Нямжав өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа татгалзсан. Аливаа юмс, үзэгдэл сайн тал уруугаа хөгждөг гэдэг талаас харвал түүний шийдвэр зөв.
Төрийн албаны нэр хүндэд бага зэрэг дэмжлэг өгөх энэ шийдвэрт Монголын төрөөс эрх авч хилийн дээс алхсан “цэнхэр паспорт”-тай наймаачид ихээхэн дургүйцэж, “Г.Нямжав биднийг хөлдөө чирлээ” хэмээн дургүйцэж эхэлжээ.
Дипломатуудын дуулиан нийгмийн халуун сэдэв тооцогдож буй. Ийм цаг үед салбарын яамныханд Монгол Улсаас Европын холбооны орнуудад ажиллаж байгаа Элчин сайд нарын хууль бус наймаа янжуураас хар тамхи руу шилжсэн. Танай дипломатууд Европын орнуудыг дамжин хар тамхины бизнес эрхэлж байна гэсэн утгатай гомдол мэдээлэл ирж, тэднийг сандаргаж эхэлсэн сурагтай.
Польшийн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад Төрийн албан хаагчид болон хар тамхины хэргээр ял авч хоригдож буй ГХЯ-ны ажилтнуудаас гадна одоо ямар нэгэн ажил эрхлээгүй иргэд ч бий. Харин эдгээр хүмүүсийг нарийн хөөж үзвэл тэд хоорондоо “хүйн” холбоотой байх юм.
Гэр бүлээрээ хил дамнан янжуурын бизнес хийдэг хүмүүс хар тамхины наймаа руу шилжсэн гэх хардлагад өртөж буй хүмүүс бол Чех Улсад суугаа Элчин сайд Н.Наранбат, Францад суугаа Элчин сайд А.Баттөр нар аж. Европт суугаа монголчууд тэднийг энэ бизнесийн “Загалмайлсан эцгүүд” байх боломжтой хэмээн хардаж, мэдээллээ олон нийтийн фейсбүүк, твиттер сүлжээнд хуваалцаад эхэлжээ.
Н.Наранбат, А.Баттөр нар хил дамнасан хууль бус бизнесийг толгойлон удирддаг бол энэ бүлэгт саяхан ГХЯ шийдвэрээ гарган чөлөөлөхөөр болсон Франц дахь Элчинд ажилладаг, эрэн сурвалжлагдаж буй Мундагбаатарын Батсайхан, Франц дахь Элчин сайдын яамы зөвлөх асан Батаагийн Санжмятав, Женевт дэх Элчин сайдын яаманд жолоочоор ажиллаж байгаад Швейцарьт суурьшсан Сайнаагийн Өнөржаргал, хар тамхины наймааны хэргээр Германы шоронд хоригдож байгаа Сосорбурамын Эрдэнэбаяр, Франц, Бельги дэх ЭСЯ-наас салдаггүй, Төрийн ёслолын албаны дарга Хишигдаваагийн Жанцан нар багтдаг гэдийг ч гадаад харилцааны салбарынхан анддаггүй аж. Тэд энэ бизнесийг сүүлийн 10 гаруй жил хийж байгаа талаар мөн яригддаг байна.
Энэ бүлэг хүмүүс хэний үед ямар албан тушаалд томилогдож байсныг судлаад үзвэл тэдний сүлжээ тод харагддаг бөгөөд толгойлогчид нь томилолт аваад Европыг зорихдоо өөрийн залгамжлагчаа Гадаад харилцааны яаманд шургуулж амждаг нарийн аргатай гэнэ.
Тамхины наймааны “Загалмайлсан эцэг”-үүдийн гэр бүлийнхэн цэнхэр паспорт эзэмшин Европд амьдардаг. Чех Улсад суугаа Элчин сайд Н.Наранбатын эхнэр Б.Батгэрэл, Францад суугаа Элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа нар мөн л дуулиан тариад буй Польшийн Цагдаагийн эрэн сурвалжилж байгаа Монгол иргэдийн жагсаалтанд нэр ус, ригестрийн дугаар, зураг хөрөгтэйгээ байж байна.
Энэ бол цоо шинэ биш, Монголын эрх бүхий байгууллагад ирээд удсан мэдээлэл. Гэтэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнгөрсөн долоо хоног УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр “Мэдээллээ нотолчих л доо” хэмээн хээв нэг хэлж УИХ-аар даажигнав.
Эхнэр нь хил дамнуулаад тамхи зөөгөөд баригдахад Элчин сайд нөхөрт ажил албаны хариуцлага, улс орны нэр нүүрийг харлуулж, гутаасны хариуцлага ярьдаггүй “шударга зарчим” хэний үе тогтоосон юм бэ Д.Даваасүрэн дарга аа!
Үгүйдээ л, хариуцлага ярихаас өмнө эхнэрээ эрсдэл рүү түлхчихээд юу бодож суудаг “сайн эрс вэ” гэсэн бодол тархинд зурсхийхгүй байна гэж үү. Дипломатуудын хууль бус наймааны дуулианыг өнгөлж байгаа хүмүүсийн Европд татагдан дурлах шалтгааныг тогтоох талаар яагаад юу ч хийх сонирхолгүй байна вэ.
Яагаад Европын Холбооны Улсад суугаа Элчин сайд нар хууль бус наймаанд хамгийн их өртөж, хамгийн их яригдаж байна вэ. Тэдний Европ руу шунан дурлаж, томилолт авдаг шалтгаан юу вэ?
Ачааг тээгчид Европын холбооны аль нэг улсад баригдахад тухайн улсын хуулийн байгууллага хамгийн түрүү ЭСЯ-нд хандана. Энэ нь мэдээлэл хамгийн түрүүнд хил дамнасан тамхины наймааг удирдагчид очиж байна гэсэн үг. Энэ бүлэглэл магадгүй өөрсдийг нь томилсон улс төрчдийн мөнгийг угааж, төрийн нэрэн дор тэдний нууц дансыг халхалж байдаг юм биш биз.
Өөр нэг том сонирхол бол жил бүр Монголыг зорих жуулчдын визнээс авах их хэмжээний ашиг. Мэргэжлээрээ олон жил ажилласан, улс орны нэр хүндийг хангалттай авч явах чадвартай яамны олон мэргэжилтэнд Европын томилгоо хаалттай байдгийн шалтгаан энэ гэдгийг яамны эх сурвалжууд, гадаадад амьдардаг монголчууд хөндөөд эхэллээ.
Дипломат томилгоог гардан хийдэг Төрийн эрх барих дээд байгууллага УИХ харалган томилгоогоо эргэн харж, хар тамхины наймаачдын гэх Европ дахь бүлэглэлийг эргүүлэн татаж, хуулийн байгууллагаар шалгуулж, тэднээс ямар арга замаар хөрөнгөжсөн талаар асуух цаг болжээ.
Эх сурвалж: http://www.tusgaar.mn/94841
URL: