Сүлжээний залилагч цагдаагийн ажилтантай хамт амьдарч байжээ
“Дэлхийн тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагын нэрээр залилан хийсэн гэх хэрэгт Дорж овогтой Сүхбаатарыг шалгаж байгаа. Тус төрийн бус байгууллага нь өнгөрсөн оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулсан бөгөөд иргэдийг хурдан хугацаанд ажил хийлгүй мөнгө олно, гадаадад өөрийн улсаа сурталчилна, олон улсад аялах боломж олдоно гэх мэтээр ятгаж элсүүлдэг байжээ. Элсэгчид 199 ам.доллар төлж хагас үнийн элсэгч болдог байж. Мөн 380 ам.доллар төлж жинхэнэ гишүүн болдог байжээ. Эсвэл 155 ам.доллар ч төлж орох боломж байсан байна. Ингэж бүртгүүлсэн хүн дороо хоёр хүн элсүүлээд 1000-1500 ам.долларын цалин авах боломжтойг үүсгэн байгуулагчид нь ярьдаг байжээ. Тус төрийн бус байгууллага http://diamondholidaymongolia.biz/ сайтаар мэдээллээ тараадаг байсан аж. Д.Сүхбаатар төрийн бус байгууллагаа олон улсын компанитай сүлжээтэй ажилладаг мэтээр сурталчилдаг байжээ. Гэтэл нэг ч хүнийг гадаадад гаргаагүй бөгөөд иргэдэд цалин ч олгоогүй байна. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны есдүгээр сараас шалгаж байгаа бөгөөд Д. Сүхбаатарыг цагдан хорьж байгаа аж. Сүлжээгээр залилан хийсэн гэх хэрэгт цагдаагийн ажилтан П.Отгонжаргалыг сэжигтнээр байцааж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Батболдоос тодруулахад “Дэлхийг тойрон аялагчдын клуб”-ийн захирал Д.Сүхбаатар гэгч нь өмнө нь залилангийн гэмт хэргээр шүүхээс хорих ялаар таслагдан хоригдож байсан этгээд. Манай хэлтсийн ажилтан, хэсгийн байцаагч П.Отгонжаргалтай хамтран амьдарч байсан юм билээ. Одоо П.Отгонжаргал жирэмсний амралттай гэртээ байгаа. Д.Сүхбаатарын хувьд “Дэлхийг тойрон аялагчдын клуб”-ийн нэрээр сүлжээний бизнес гэгчээр иргэдийг залилсан хэргээр 2011 оны есдүгээр сард манай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, одоо цагдан хоригдож байгаа” гэсэн юм.
URL: