Цэргийн насны залуусын дунд чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөл зонхилж байна
Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-21-нд явагдана. Үүнтэй холбогдуулан цэргийн насны залуусын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг дан ганц цэргийн штаб хариуцах бус бүх шатны төр, захиргааны байгууллагууд хамтын ажиллагаагаа дээшлүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тодотгов. Тэрбээр, “Эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээх цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг цэцэрлэг, бага сургуулиас нь эхлэн эцэг эхчүүд, биеийн тамирын багш нар, тухайн дүүрэг, хороодын эмч, эрүүл мэндийн ажилтнууд онцгойлон анхаарч, суурь өвчлөлийг багаас нь оношлон эмчлэх шаардлагатай” хэмээв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөлийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлжээ. Тус програмыг ашиглан цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд эрүүлжиж буй залуусыг хянаж байна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөг гарган эмчлэх боломжтой хүмүүсийг богино хугацаанд эмчлэх ажлыг зохион байгуулсан аж. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад, 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг НЭМГ-ын мэргэжилтэн Г.Нарантуяа хэллээ.
Цэрэг татлагын эмчийн үзлэгээр чих, хамар хоолой, эрүү нүүрний өвчлөл зонхилж байгаа бөгөөд залуусыг эмчлэх болзолт уралдаан, сургалт сурталчилгаа, уулзалт семинарыг БХЯ, Нийслэл, дүүргийн ЗДТГ, цэргийн штабууд зохион байгуулж иржээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг цэргийн насны залуусынхаа эрүүл мэндийг сайжруулахад илүү анхаарч ажиллаж байгаа аж.
Тус зөвлөгөөнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний анги байгууллагын эмч нар болон дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцов.
URL: