Ялгарах гэж ялархав буюу Монголын засаглалын төрх
-Шинжээч бичиж байна-
2012 оны нэгдүгээр cap
АЛСЫН ЗОРИЛГОГҮЙ МОНГОЛ
Доллар, хүйтэн хоёр уралдан чангарч, инфляц өссөн нэгдүгээр сарыг Монгол Улс даяараа зургаан сайд томилох гэж зав чөлөөгүй бужигнан өнгөрөөв. Хэдэн сайдаа баталчихвал бүх асуудал шийдэгдчих юм шиг монголчууд дээр, доргүй балчир хүүхэд мэт гэнэн загнах юм. Зургаан сайд ч бай, Засгийн газар бүхлээрээ солигдсон ч бай, эдийн засгийн хөгжилд зарчмын өөрчлөлт гарахгүй, ядуусын тоо цөөрөхгүй, ажлын байр нэмэгдэхгүй байгаагийн суурь шалтгаан юу вэ?
Энэ бол зах зээлийнх нь багтаамж жаахан Монгол Улс газрын доорх баялгаа ухаад зөөхөөс гадна өөр юуг, яаж бүтээгээд дэлхийн зах зээл дээр гарахаа шийдээгүй буюу алс хэтийн зорилгоо бодитой томъёолж чадаагүйд оршиж байна. Хаашаа явахаа мэдэхгүй бол зам бүхэн зөв санагддаг.
Хэтийн зорилго нь тодорхойсон бол төр засаг солигдсон ч хаашаа явахаа бус, яаж явахаа буюу юу хийхээ ч биш, ямар аргаар хийхээ л өөрчилдөг байх учиртай. Гэтэл Монголд төр засгийн тэргүүнд хэн гарахаас, тухайн яамны сайд хэн болохоос хамаарч үйл ажиллагааны чиглэл нь хаашаа ч эргэж, хэний ч сонирхлыг хамгаалж мэдэх тул зургаан яамныхан шинэ сайдаа сэтгэл түгшин, амьсгаа даран хүлээж авлаа. Монгол Улсын төр засаг байгууламжийн хувьд бэхжин чадваржихгүй, хувь хүний хүчин зүйлээс онцгой хамааралтай хэвээр байгааг сайдын сэлгээ харуулсаар байна. Монголын төр засгийн нэгдүгээр сарын тоглоомын гол агуулга нь Ардчилсан Нам ялгарах гаж ялархан, ялыг нь ядуучууд нь үүрээд өнгөрсөнд оршиж байна.
АЛСЫН ЗОРИЛГОТОЙ ЧИЛИ
Арвин их байгалийн баялаг нь хүн амын цөөнхийн эрх мэдэлд байсан энэ улсад 1970 онд социалист зүүний үзэл баримтлагч Сальвадор Альенде Ерөнхийлөгч болсон юм. Гадаадын болон хувийн хөрөнгийг хураан авч, бүх уул уурхай, үйлдвэрийг нийгэмчлэн, төрийн бүх үйлчилгээг хүн бүхэнд үнэгүй тараах болсон нь тун удалгүй эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнс, бараа хомсдон, картаар олгох болсон билээ. Гурван жилийн дараа төрийн эргэлт болж засгийн эрхэнд гарсан цэргийн удирдлага буцаан зах зээлийн зарчимд шилжүүлсэн ч эдийн засгийн жинхэнэ хөгжил 1989 онд тус улсад ардчилал ялснаас хойш эхэлсэн юм. Чили 2000 оноос хойш эдийн засгаа төрөлжүүлж, тодорхой салбарт дэлхийн тоглогч болж эхэлсэн. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тодорхой алсын хараа, ухаалаг, ил тод засаглал, хувийн секторын өрсөлдөөн нь энэ орныг байгалийн баялагтаа тулгуурлан өрсөлдөх чадвартай эдийн засагтай болох ундсэн нөхцөл нь болжээ.
Уул уурхайн компаниудаас ашигт малтмал олборлосны татварт (royalty) нийт орлогын 4.0 хувийг авч (2011 оны шинэ хуулиар 9.0, 2018 оноос 15 хувь) төвлөрүүлэн юунд, яаж зарцуулах зарчмаа тодорхойлжээ. Шинэ санаачилгын Үндэсний зөвлөлийг Шинжлэх ухааны академи, сургуулиуд, мэргэжилтнүүд болон таван яамыг оруулсан 17 гишүүнтэйгээр байгуулжээ. Зэсийн үнийг урьдын адил нэг жилээр биш, найман жилээр урьдчилан төлөвлөх болж, давсан орлогоо нэгтгэн хуримтлуулж, тодорхой хэсгийг нь эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуулахаар шийджээ.
Энэ зөвлөлөөс бодитой судалгаа хийлгэж, хоёр ном хэвлэсэн байна. Нэг нь 12 сэдвээр 1000 гаруй ярилцлага хийж, шинийг санаачлах хэрэгцээ, зарчим, яагаад орон нутагт (штат) энэ ажлыг эхлүүлэх ёстойг гаргаж ирсэн юм. Нөгөө ном нь дэлхийн хэмжээнд өсөх ирээдүйтэй 100 салбарыг тогтоож, тус бүрд нь Чили улс яаж оролцож болохыг судалсны эцэст таван чиглэлийг сонгон авснаа тайлбарлан, түүнийг хэрхэн, хаана хөгжүүлэх тухай тусгажээ. Тэр таван чиглэлээрээ үйлдвэрлэлийн кластерыг амжилттай хөгжүүлэн эдүгээ дарс, загас, жимс, цаас, махны чиглэлийн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд гарч, эдүгээ экспортынх нь 25 хувийг эдгээр бүтээгдэхүүн эзлэх болжээ. (Кластерийг хонгорцог гэж Индианагийн Их сургуулийн профессор Хангины Гомбожав 1968 онд бичсэн “Монгол-Англи хэлний толь бичиг”-тээ оруулжээ. Бас усан үзмийн хонгорцог ч гэж монголчууд ярьдаг)
МОНГОЛЫН ХОНГОРЦГУУД
Манай төр засгийн удирдлагуудаас уг нь олон хүн Чилид очиж туршлага судалсан. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог байгуулсан боловч хамгийн гол үүргийг нь саармагжуулж, төлөвлөх үүрэгтэй ч юм шиг, бусад яам, шинжлэх ухааны болон их, дээд сургуулиудтай яаж харилцах нь тодорхой биш, санхүүжилтийн эх үүсвэр нь бүтээлтэй нь уялдаагүй Засгийн газрын бас нэг агентлаг болгочихсон тул бодит үр нөлөө нь сул байна. Олон авьяаслаг хүмүүс авсан ч бүтээлч хөдөлмөрийг нь бүтээл болгож, бүх нийтийг чиглүүлсэн хэтийн зорилго гаргуулж чадахгүй байна. Нэр нь хүртэл агуулгын зөрөөтэй, шинийг санаачлах (innovation) биш, шинэчлэх (renovation) агуулгыг илэрхийлж, гол үйл ажиллагаа нь мэдлэг, шинийг санаачлахад суурилсан эдийн засгийг бүтээх, үйл ажиллагааг нь хянах анхдагч зорилгоосоо хадуураад байна.
Ер нь бол Монгол Улсад ямар хонгорцгуудыг хөгжүүлэн мэдлэг хийгээд шинийг санаачлахад суурилсан эдийн засгийг бий болговол оновчтойг Харвардын алдарт эрдэмтэн М.Портерийн баг ирж, үндэсний шинжээчидтэй хамтран ажиллаад тогтоочихсон юм. Энэ хонгорцгууд бол уул уурхайн үйлчилгээ, аялал жуулчлал, мах, ноолуур, мэдээлэл харилцааны технологи мөн болохыг зааж, түүний дотор уул уурхайн хувьд нэлээд нарийвчилсан зөвлөгөө өгснийг төр засаг анхаарах хэрэгтэй. Хонгорцог бүрийг яаж хөгжүүлэх, үр дүн нь юу байх, түүнийг яаж хэмжихийг нарийвчлан тусгаж, зардал хөрөнгийг аль сангаас гаргахаа тодорхой болгох, улмаар нийтээр хэлэлцэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хамгийн гол зорилго нь Монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, дээрх таван чиглэлээр дэлхийн зах зээлд заавал гарах ёстой. Ноолуурын салбарт 200 сая доллар өгсөн боловч яг хэдэн онд, дэлхийн зах зээлийн хэдэн хувьд, яаж хүрэхээ тооцоогүй учир дэлхийн хамгийн сайн ноолуур Монголоос биш. Хятадаас гардаг гэсэн Монголоос биш, Хятадаас гардаг гэсэн төөрөгдөл өөрчлөгдөхгүй байсаар байна.
Шинийг санаачлах, судалгаа ба хэрэгжүүлэх ажилд Хөгжлийн сангаас тодорхой хөрөнгө төлөвлөж, түүний 25 хувийг орон нутагт хуваарилан, 15 хувь нь уул уурхай хөгжсөн, 10 хувь нь уул уурхай хөгжөөгүй аймагт очихоор тооцож, тухайн бүсийн их, дээд сургуулийн судалгааны ажлыг дэмжих, орон нутгийн боломжийг сурталчлахад ашиглаж болох юм.
Хөгжлийг хөдөөд хүргэж, хун бүрт мэдрүүлэх ажлыг хийхдээ бусад орны амжилтаас ухаалгаар суралцан, хувийн секторын оролцоотойгоор хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлж үсрэнгүй хөгжихөд монголчуудад хэн саад болоод байгаа юм бэ? Бидэнд эрх чөлөө байна, хүн байна, мөнгө байна, хүсэл байна. Тэгээд юу нь болохгүй байна вэ?
Д.Жаргалсайхан
URL: