“Rockets”-ийг ивээн тэтгэгчдээс нь салгаж, NBA-ийг донсолгосон жиргээ
“Алибаба”-гийн үндэслэгч, Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Brooklyn Nets” багийн эзэн Жое Цай Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалын идэвхтэнүүдтэй холбоотой нэгэн жиргээний дараа ихээхэн шүүмжлэлтэй байгаагаа илэрхийллээ. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн ерөнхий менежер Дэрил Мүрэйтэй энэ сэдвээр маргаан өрнүүлснийг “foxbusiness.com” мэдээлэв. Мүрэй Хятад дахь улирлын өмнөх тоглолтын бэлтгэлийн үеэр твиттерт “Эрх чөлөөний төлөө тэмцье. Хонгконгтой хамтдаа” хэмээн жиргэсэн байв. Харин үүний дараа Цай Facebook-т “Энэ эрх чөлөө бол Америкийн үнэ цэнийг тодорхойлж байдаг. Тэгээд ч NBA нь анхнаасаа тоглогчид болон бусад бүрэлдэхүүн хэсэгтээ эрх чөлөөт байдлыг нь зөвшөөрсөөр ирсэн. Хятад хүмүүс яагаад Мүрэй-гийн жиргээнд бухимдах болсон шалтгаан нь Хятадын оюун санааны гол үзэл нь дотоод, гадаадын аль ч зүгээс улс орных нь газар нутгийг хуваах, тусгаарлах гэсэн заналхийллийг хүчтэй хүлээн авдаг юм. Үүнийг түүх соёлын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд мэднэ. Үүгээр зогсохгүй аливаа салан тусгаарлах хөдөлгөөн идэвхжих бүрт хятад хүмүүс ичгүүртэй байдалд орж, хилэгнэдэг. Энэ түүх нь харийн эзэрхийллийг өөртөө шингээсэн байдаг юм” гэжээ.
Мүрэй-гийн энэ жиргээний дараа Хятадын хэд хэдэн компани “Rockets”-тэй хамтран ажиллахаасаа татгалзсан байна. Харин ерөнхий менежер үүний дараа хэд хэдэн удаа твиттерт бичихдээ өмнөх жиргээ нь Хонгконгийн талаарх тухайн хүний өөрийнх нь хувийн үзэл бодол байсан хэмээн тайлбарласан билээ. Харин Мүрэй “Би жиргээндээ “Rockets”-ийн шүтэн бишрэгчид болон Хятад дахь найз нөхдөө гомдоох ямар нэг зүйл агуулаагүй, тэгж ч хүсээгүй. Би зөвхөн энэ түвэгтэй үйл явдлын талаарх дотроо төрсөн бодлоо л илэрхийлсэн. Энэ жиргээний дараа би олон таатай зүйлийг сонссон. Хятад дахь фэнүүддээ болон ивээн тэтгэгчдийнхээ үнэлж баршгүй тус дэмжлэгт үргэлж талархаж явдаг. Тиймээс миний жиргээнд бухимдсан, эмзэглэсэн хэн нэгэнд буруу ойлголт төрүүлж, сэтгэлийг нь сэвтээсэн мэдэгдэл нь миний төлөвлөгөө байгаагүй шүү гэдгийг хэлмээр байна. Миний жиргээ бол зөвхөн миний бодол байсан болохоос биш “Rockets” эсвэл NBA-ийн байр суурь биш” хэмээн бичжээ.
Цай нь NBA-ийн захирлуудын зөвлөлд байдаг нэгэн юм. Тэрээр “Одоо та яагаад Дэрил Мүрэй-гийн жиргээ Хятад дахь манай фэнүүдийн харилцаанд аюултай байдал үүсгэх вэ гэдгийг эрх биш гадарлах байх. Би Дэрилийг хувь хүнийх нь хувьд мэдэхгүй. Дэрил NBA-ийн ерөнхий менежерийн хувьд сайн мэргэжилтэн гэдэгт эргэлзэхгүй байна. Бас тэрээр энэ талаар хангалттай сайн мэдээлэлгүй байсан учраас ингэж бичснийг өршөөж болох юм. Гэвч энэ тохиолдолд авсан шарх эргээд хэвэндээ ороход урт хугацаа шаарддаг” гэж бичжээ.
“Rockets” нь Хятадад ихээхэн цуутай баг бөгөөд Хятадын бүх цаг үеийн хамгийн алдартай сагсан бөмбөгч Яо Минг-ийн өлгий баг юм. Тэрээр энэ багт 2002 онд элссэн билээ. Яо нь эх орныхоо мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
“Бид Хятадын түүх, соёлыг гүнээ хүндэтгэдэг. Спорт болон NBA нь манай улс орнуудын соёлын түүхийг нэгтгэж, ард түмнээ ч хамтад нь хөгжилд хөтөлнө гэж найдаж байна” гэж NBA-ийн мэдэгдэлд дурдсан байна.
Хонгконг дахь эсэргүүцлийн жагсаал дэлхий даяарх сэдэв болтлоо хэдэн сар үргэлжилж байгаа юм. Жагсаалын зохион байгуулагчид нь эрх чөлөө болон тусгаар байдлыг хүсэн тэмцэж байгаа. Хятад улс энэ жагсаалтай холбоотой гадаад ертөнц дэх талуудын аливаа дэмжлэгт ихээхэн эмзэг ханддаг.
Эх сурвалж www.polit.mn
URL: