Утаагаа дундлах уу, улс төр хийж шахмал түлшээ “шахах” уу

15705243695d9c4cd1f0766Улаанбаатарынхан түлсэн нүүрсэндээ байтугай гудамжныхаа утаанд угаартдаг болоод  удаж байна. Энэ их утааг эхний удаад 50 хүртэл хувиар бууруулах бодитой, гарт ойрхон ганц зөв шийдэл нь  магадгүй, шахмал түлшний хэрэглээ байж мэднэ. Засгаас засаг дамжин мөн ч олон жил ярьсан шахмал түлшийг анх удаа барьж, бас түлж үзэж байгаа нь энэ намар. Шинэ түлш, хэрэглэж хэвшээгүй хэрэглэгч. Монголчууд нүүрсийг түлж сурах хүртлээ мөн ч их будлиж, бас ч гэж чамгүй хэдэн жилийг зарцуулж байсан гэдэг. Одоо яг тэр жишгээр л шахмал түлшээ түлж сурах гэж мунгинаж байх шиг.

Харамсалтай нь хэрэглэж эхэлсэн хэдхэн хоногт  6 хүн угаартаж нас барсан гэх мэдээллийг Шадар сайд өглөө. Үүний араас үйлдвэрлэгч болон мэргэжлийн байгууллагынхан хяналтынхантайгаа нийлээд түлшинд буруу өгсөнгүй. Тэгэхээр хэрэглээ талдаа асуудал байж мэдэх юм.  Шахмал түлш хэрэглэх талаар номын дуу сонссон Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан гэр хорооллоор явж зөвлөмж өгч, айл айлаар орж гал түлж яваа сурагтай.  Энэ бүхэн тусдаа асуудал.

Харин энэ бүхний ар хударгаар “угаар” дээр дөрөөлсөн  улс төр намрын манан шиг хөвөрч, УИХ дахь АН-ын зөвлөл эхэлж ам нээсэн бол залгуулаад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдэгдэл мэдээлэл хийж,  улс төрийг “угаарттал” ханхлуулав. Эцэст нь энэ асуудлаар нийтийн сонсгол явуулахыг хүссэн албан бичгийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барих  бололтой.

НИТХ дахь тус намын бүлэг дуугарвал  дуугарчихмаар нөхцөл байдал үүсч байсан нь нэг бус удаа. Тэр бүхэнд бүлхи залгисан мэт бүлтэгнэж байсан хүмүүс  гэнэт “гэгээрч” байгаа нь энэ.

Улсын баатрын тэргүүлдэг  Улаанбаатарын “Гэр хороолол хөдөлгөөн” энэ дуулианаар сэрж, шахмал түлшийг “шахах”  аянд дуу хоолойгоо нэгтгэж,  “…шахмал түлшний угаарт хордож таван хүн амиа алдсаны төлөө Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ” гэдгээ  илэрхийлэв.

Шахмал түлшээр ард түмэндээ хайртайгаа илэрхийлэх  боломжоос МАХН ч бас хоцорсонгүй,   камерийн өмнө  сууж байгаад хоороороо “дуулав”. Монголчууд өнөөдөр шахмал түшлшнээсээ илүүтэй  улс төрөөр “угаартаж” байх шиг байна даа.

Угаартаж нас барах тохиолдол Улаанбаатарт урьд нь ч байсан. Жилд 200 орчим хүн угаартддаг гэх тоо баримт одоо ил тод болж байна. Харин “Гэр хороолол хөдөлгөөн” энэ бүхэнд яагаад чимээгүй байв, хаагуур нь зөрж өнгөрснийг нь асуумаар байна.  Утаагаар  улс төр  хийдэг байсан бол одоо “угаар”  болж  өнгө хувирав.

Утааг бууруулахаар хийж байгаа ажлыг нь дэмжих, илүү төгс төгөлдөр, аюулгүй болгоход  танай манай нам гэлгүйгээр  өөрсдийн дуу хоолой, мэдлэг туршлагаараа  туслах ёстой атал дөрөөлж  улс төр хийж, өрсөлдөгчөө намнах арга  хэрэгсэл болгож байгааг нь харахаар харамсах юм. Далим гарсных  дагуулж гуядаад шахмал түлшийг шахаж хэрэглээнээс гаргах сонирхолтой  улс төрийн хүчин, эрх мэдэлтэн ч байхыг  үгүйсгэх арга алга.

За яах вэ, нам бүлгээрээ талцдаг юмаа гэхэд нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгддэг, хамтарч чаддаг байх нь эх орны эрх ашиг бөгөөд улстөрийн сайн жишиг, уламжлах соёл болж тогтох  учиртай.

Тиймээс улс төр болгож суухын оронд асуудлын шалтгааныг эрүүлээр харж, асуудал нь түлшинд байна уу, зууханд байна уу, галлагаанд байна уу гэдгийг нэн түрүүнд олж тогтоох шаардлага тулгараад байна шүү дээ. Улс төрөө хойш нь тавиад асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй байна. Үнэхээр шахмал түлшинд асуудал нь байвал нэн түрүүнд “шахаж” гаргая. Үгүй бол улс төрөө түр хойш нь тавиад галлагаа болон зууханд нь анхаарал хандуулъя.

Г.Тулга

http://www.zaluu.com/read/3e8dd3abg


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих