Газрын тосны “драм” зах зээлд дарамт нэмнэ
Их гүрнүүд болон Ойрх Дорнодын олборлогчдын төгсгөл нь тодорхойгүй геополитикийн тоглоом олон улсын газрын тосны зах зээлд идэвхтэй өрнөх нь тодорхой болов. Экспортын орлогынхоо 10 гаруй хувийг түлш шатахуунд урсгадаг Монгол Улсад газрын тосны савлагаа эрсдэл нэмэх төлөвтэй.
Газрын тосны зах зээлийн дуусашгүй “драм” үргэлжилсээр өдгөө өрнөл хэсэгтээ шилжлээ. Ирэх саруудад энэ зах зээл дэлхий дахиныг уйдаахгүй нь бараг тодорхой болж байна. Сүүлийн хоёр жилд газрын тосны зах зээлд үе үе гал авалцаж, сөргөлдөөн өрнөсөөр байсан ч АНУ, БНХАУ-ын худалдааны дайнд бүдгэрсээр өдий хүрсэн. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн байдал бишдэж, сүүлийн жилүүдэд харьцангуй намжмал байсан Ойрх Дорнодын байдал хурцадлаа.
Дроны халдлагад өртсөн Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман Ираныг номхруулахыг дэлхий дахинд уриалсаар байна. Эс бөгөөс газрын тосны үнийн төсөөлшгүй өсөлт дэлхийн эдийн засгийг сүйрүүлэхийг анхаарууллаа. Хариуд нь Иран улс Saudi Aramco-гийн халдлагад хамаагүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна. Ийнхүү Саудын Арабын газрын тосны хамгийн том, төрийн өмчит компанийг чиглэсэн дроны халдлагын улмаас Ойрх Дорнодын газрын тосны хамгийн том нийлүүлэгч түнжин хагарахад хүрэв.
Гол өрсөлдөгчид болох Иран, Саудын Араб улс жийлцэж байх зуур АНУ тун завгүй, газрын тосны зах зээлийн “драм”-ын гол дүрд тоглосон хэвээр. Saudi Aramco-гийн халдлагад Ираныг буруутган, шууд тус улсыг чиглэсэн хоригоо чангатгаж, төв банкных нь эсрэг эдийн засгийн хориг тавьж буйгаа зарлалаа. Хэдийгээр олон улсын зах зээлд Саудын Араб, Америк улс газрын тосны нийлүүлэлтээрээ ана мана, ач тач өрсөлддөг ч Ираныг номхруулахад тэд хамтран зүтгэхээр шийдчихэж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман нар ээлжлэн Ираныг буруушаасаар буй.
Иран бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогын хамгийн эмзэг цэгийн нэг. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа авсан даруйдаа Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж, 2018 оны гуравдугаар сард хугацааг нь сунгасан билээ. Үүгээр зогсохгүй энэ оны зургадугаар сард нэмэлт хориг тавьсан бөгөөд цөмийн зэвсэг болон газрын тосны нөөцөөрөө АНУ тэргүүтэй барууны орнуудыг “айлгасаар” ирсэн Иранд шахалт үзүүлэх ашиг сонирхол Америкт бий.
Дайран дээр давс гэгчээр барууны орнуудын хоригт хүлэгдсэнээс Ираны эдийн засаг туйлдан доройтсон. Орлогын гол эх үүсвэр болох газрын тосны экспорт нь бараг тав дахин буурснаас Ираны мөнгөн тэмдэгтийн ханш 2018 онд 60 хувиар буурч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өссөн байна. Ирэх саруудад Европ, АНУ, Саудын Арабын дуу хоолой чангарвал Иран улам мухардалд орж, эрх ашгаа хамгаалахад хүндрэл үүсэх төлөвтэй. Энэ хэрээр зах зээлийн том толгойтой олборлогчийн нэг Ираныг номонд оруулж, эсрэгээрээ АНУ дураараа дургихад улам таатай нөхцөл үүсэх магадлалтай.
Газрын тосны өдрийн гарцаар эхний дөрөвт багтдаг Иран, Саудын Арабын аль аль нь хохирол амсаж, эдгээр орны харилцаа улам хүйтэрлээ.
Энэ оны эхний улирлын дүнгээр өдрийн 12 сая баррель нефтийн олборлолтоор АНУ бусдыгаа илт хошуучлан, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчид тооцогдож байна. Тус улсын араас Орос, Саудын Араб, Иран улс бичигддэг. Харин өдгөө дэлхийн тэргүүлэх дөрвөн үйлдвэрлэгчийн хоёр нь нийлүүлэлтийн болон геополитикийн эрсдэлтэй нүүр тулахаар байна. Цаашлаад эдгээр улсын араас жагсдаг Венесуэл нийгэм, эдийн засгийн хямралыг туулсаар байна.
Харин олборлолтоор хоёрт бичигддэг ОХУ байдлыг ажигласан хэвээр. Үнэнийг хэлэхэд, газрын тосны зарим олборлогчдын “зодоон”-ы үеэр Орос чимээгүйхэн ашиг хүртчихсэн улс. АНУ, Иран болон Венесуэлд хатуурхаж, эдийн засгийн хоригоо чангатгахын хэрээр Оросын газрын тосны компаниуд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны долдугаар сар хүртэл хамгийн багадаа 905 сая ам.долларын нэмэлт орлого олсон байдаг. Тиймээс өрсөлдөгчдийнхөө “зодоон”-ыг хөндлөнгөөс харж, хэзээний хашир зангаараа энэ нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай туулахаар дотооддоо хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт хойд хөрш эрчим хүчний салбар тойрсон чуулган хийж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцсон бөгөөд Оросын шинжээчид газрын тосны үнэ ханш огцом савлахгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Улсын төсвийнхөө талаас илүүг газрын тосноос олдог ОХУ-д энэ түүхий эдийн зах зээл юу юунаас илүү чухал. Тиймээс газрын тосны нийлүүлэлтийн зохистой хэмжээг хадгалахаар байнга олборлогчидтой уулздаг. Энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Саудын Арабт албан ёсны айлчлал хийх товтой байна.
Ийнхүү дэлхийн газрын тосны зах зээлийн гол оролцогчид болох Иран, Саудын Араб, Венесуэл тодорхойгүй байдалтай нүүр тулав. Иран, Саудын Арабын нийлүүлэлт саарах төлөвтэй байгаа ч газрын тосны ханш өсөх бус харин ч уруудлаа. Saudi Aramco-д гарсан халдлагын үеэр нийлүүлэлтийн таван хувь нь гацаж, газрын тосны ханш 20 хувиар өссөн. Гэвч маргааш нь буюу есдүгээр сарын 17-нд АНУ нөөцөөсөө нийлүүлэлт хийхээ мэдэгдэж, энэ тухай Д.Трамп цахим хуудсандаа жиргэсэн нь үнийг хоногийн дотор эргэн унагасан билээ. Олон улсын зах зээлд эрсдэл нүүрлэж, Ойрх Дорнодод байдал хурцдаж байгаа ч он гарснаас хойших доод цэгт хадгалагдаж байна. Олон улсын жишиг Brent төрлийн газрын тосны ханш 58 ам.доллартай тэнцэж байгаа бол WTI-ийнх 52 ам.долларт хүрээд байна.
Өөрөөр хэлбэл, ирэх саруудад олон улсын газрын тосны зах зээл эрэлт нийлүүлэлтээс илүү их гүрнүүдийн эрх ашиг болон олон улсын харилцаанаас хүчтэй хамаарахаар болж байна.
Эцэст нь онцлоход, хэрэв Иран, АНУ-ын харилцаа хурцадвал газрын тосны ханш дээш харвах эрсдэл бий ч энэ хэвээр намжвал АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилж, дэлхийн эдийн засаг саарвал эрэлтээс үүдэлтэйгээр үнэ суларч болзошгүй. Ийм таамаг, төвөгтэй байдал харьцангуй томоотой байсан газрын тосны зах зээлд нүүрлэлээ. Энэ хэрээр газрын тосны олборлогч, шатахуун түлшний худалдан авагч Монгол Улсад гадаад эдийн засгийн шинэ эрсдэл нэгээр нэмэгдлээ. Иран, АНУ-ын аль нэг нь пуужин хөөргөхөд газрын тосны үнийн өсөлтөөс үүдсэн дарамт жирийн иргэнэээс эхлээд Монголын эдийн засгийг хөлдөө чирнэ. Экспортын орлогынхоо 10 гаруй хувиар эргүүлээд шатахуун, түлш худалдаж авдаг Монгол Улсад газрын тосны ханшийн өсөлт төлбөрийн тэнцлийн дарамтаас гадна инфляцын өсөлтийг давхар авчрах нь гарцаагүй. Ингээд бодохоор ирэх онд Монголын эдийн засагт нүүрлэх эдийн засгийн эрсдэлүүд улам нэмэгдсээр байна.
Өөрөөр хэлбэл, ирэх саруудад олон улсын газрын тосны зах зээл эрэлт нийлүүлэлтээс илүү их гүрнүүдийн эрх ашиг болон олон улсын харилцаанаас хүчтэй хамаарахаар болж байна.
Эцэст нь онцлоход, хэрэв Иран, АНУ-ын харилцаа хурцадвал газрын тосны ханш дээш харвах эрсдэл бий ч энэ хэвээр намжвал АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилж, дэлхийн эдийн засаг саарвал эрэлтээс үүдэлтэйгээр үнэ суларч болзошгүй. Ийм таамаг, төвөгтэй байдал харьцангуй томоотой байсан газрын тосны зах зээлд нүүрлэлээ. Энэ хэрээр газрын тосны олборлогч, шатахуун түлшний худалдан авагч Монгол Улсад гадаад эдийн засгийн шинэ эрсдэл нэгээр нэмэгдлээ. Иран, АНУ-ын аль нэг нь пуужин хөөргөхөд газрын тосны үнийн өсөлтөөс үүдсэн дарамт жирийн иргэнэээс эхлээд Монголын эдийн засгийг хөлдөө чирнэ. Экспортын орлогынхоо 10 гаруй хувиар эргүүлээд шатахуун, түлш худалдаж авдаг Монгол Улсад газрын тосны ханшийн өсөлт төлбөрийн тэнцлийн дарамтаас гадна инфляцын өсөлтийг давхар авчрах нь гарцаагүй. Ингээд бодохоор ирэх онд Монголын эдийн засагт нүүрлэх эдийн засгийн эрсдэлүүл улам нэмэгдсээр байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL: